Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл ахуйн шаардлага хангасан Агааржуулагчтай, сайжруулсан бие засах газрын асуудлаар хэлэлцэнэ

2014 оны 6 сарын 09

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай хамтран “ Монгол улсын хөдөө орон нутаг, нийслэл хотын гэр хороололд цаг агаарын хүйтэн сэрүүн нөхцөлд хэрэглэх Агааржуулагчтай сайжруулсан бие засах газар” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулж байна. 

Энэхүү зөвлөлдөх уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сан, ЭМЯ, НМХГ, БШУЯ, БХБЯ, НЗАА, ХӨСҮТ, ШУТИС, ЭМШУИС-ийн НЭМС, НЭМҮТ, МХЕГ, НМХГ, СХЗГ, Азийн сан, ДЭМБ болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна. 

Уулзалтыг Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал нээж хэлсэн үгэндээ, баталгаат ус хангамж, шаардлага хангасан ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн сайн дадал нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдгийг онцлоод Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын Байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилгын 16-д 2015 он хүртэл сайжруулсан ус хангамжийн хүртэмжийг 60%-д, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг 40%-д хүргэх томоохон зорилтыг дэвшүүлсэн.  

Монгол улсад 2012 оны байдлаар шаардлага хангасан ус хангамж 85%, сайжруулсан ариун цэврийн байгууламж 53% (JMP, UNICEF/WHO 2012)-иар хангагдсан байна. Гэхдээ хөдөөд шаардлага хангасан ус хангамж 53%, ариун цэврийн байгууламж 29%-тай (JMP, UNICEF/WHO 2012) байгааг дурьдав. 

Үндэсний статистикийн хорооны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа – 2013 оны урьдчилсан дүнгээс үзэхэд, 

 - шаардлага хангасан ус хангамжаар хангагдсан хүн амын эзлэх хувь 68.1%. Үүнээс хотод 73.5%, хөдөөд 58.7% 

 - шаардлага хангасан сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хувь 58.3%. Үүнээс хот 69.1%, хөдөөд 39.4% гарчээ.  

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын дүнгээс үзэхэд, нийслэл хотын гэр хорооллын 370 энгийн бие засах газрын 

 - 50,2 % нь доторлогоогүй нүхтэй буюу бохирыг хөрсөндөө шууд шингээдэг 

 - 14% нь соруулж зайлуулдаг 

 - 28% нь ямар арга хэмжээ авахаа мэддэггүй 

 - 23% халдваргүйтгэл хийдэггүй 

 - 45,4% нь бохир усаа хамт хийдэг байна.  

Энэ асуудал зөвхөн гэр хороололд төдийгүй эрүүл мэндийн байгууллагын хувьд ч гэсэн тулгамдсан асуудал болжээ. Тухайлбал, ЭМЯ, НЭМҮТ-өөс 2012 онд 244 сумын эрүүл мэндийн төв, 16 аймгийн нэгдсэн эмнэлгийн орчны эрүүл мэндийн үнэлгээ хийсэн тайланд, 

 - сумдын эмнэлгийн 71% нь зөвхөн гадаа 

 - 5% нь дотор бие засах газартай 

 - 25% нь гадаа болон дотор бие засах газартай 

 - 59.8% нь ажилчдад зориулсан, 57.4% нь амбулаториор үйлчлүүлэгчдэд зориулсан бие засах газаргүй 

 - 6.3% нь бохир усны нүхгүй байна. 

ЕБС-ийн 100 хүүхдэд ариун цэврийн өрөөний нэг суултуур, 140 хүүхдэд нэг гар угаагуур ногдож байгаа нь эрүүл ахуйн нормоос 3,5-4,0 дахин бага байна. 

Иймд төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжид холбогдоогүй айл өрх, албан байгууллага, сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагад ашиглаж болох ариун цэврийн байгууламжийн хувилбаруудыг тусгасан стандартыг шинээр боловсруулж, мөрдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.  

Тиймээс ЭМЯ-аас санаачлан холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн ерөнхий шаардлага” МNS 5924:2008 стандартыг шинэчлэн боловсруулах, түүнчлэн уг стандартыг хэрэгжүүлэхээр хэрэглэгчдэд зориулсан гарын авлагыг боловсруулжээ. 

Энэхүү зөвлөлдөх уулзалтын хүрээнд хөдөө орон нутаг, нийслэлийн гэр хорооллын сургууль, цэцэрлэг, айл өрх болон бусад шаардлагатай байрлалд хэрэглэх эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан Агааржуулагчтай, сайжруулсан бие засах газрын асуудлаар холбогдох байгууллагуудтай санал солилцох, цаашид баримтлах стандарт, загварыг Эрүүл мэндийн яамнаас оруулж байгаа саналд тулгуурлан хэлэлцэх аж. 

Мөн Монгол орны хөрсний бохирдолт, орчны ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн үр дүн, уялдаа холбоог хэлэлцэн туршлага солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөдөө орон нутаг, гэр хороолын цаашдын хөгжилд дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг оролцогчид хөндөж, өргөн хүрээнд ярилцана. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4164
0 эможи
keyboard_arrow_up