Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн шинэ газрын зурагтай болно

2018 оны 5 сарын 15

Зургаан аймаг, нийслэлийг дамнасан хөдөө аж ахуйн ногоон бүс байгуулна

Улаанбаатар хотод бизнесийн зах зээлийн 70 хувь нь төвлөрч байна. Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн мөн л 70 орчим хувь нь нийслэлд байрлаж, ДНБ-ий дийлэнх хэсэг буюу 64.3 хувийг үйлдвэрлэж байгаа. Харин хүн амын 54.3 хувь нь оршин суудаг, улсын хөгжилд чухал үүрэгтэй аймгууд нийслэлийн хөгжлөөс хол хоцорсоор. Нийслэл дэх хэт төвлөрлөөс шалтгаалж хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанд дэндүү том ангал үүсжээ. Ажлын байр, илүү сайхан амьдралын төлөө орон нутгаас шилжин ирэгсдийг буруутгах аргагүй. Улаанбаатар хот хэчнээн хөгжин цэцэглэлээ ч орон нутагт ажлын байр, үйлдвэрлэл байхгүй л бол улс хөгжихгүй. Өнгөрсөн хорь гаруй жилд манай улс Төв, Хангай, Зүүн, Баруун гэсэн эдийн засгийн дөрвөн бүсийг баримталж ирсэн. Харин энэ нь иргэдийн нутагшил, суурьшил болон өнөөгийн нийгэм-эдийн засгийн нөхцөлд тохирохгүй байгааг судлаачид хэлж байна. Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн багш, доктор Г.Жаргал “өнгөрсөн хугацаанд төвийнхөөс бусад бүсэд эдийн засгийг хөгжүүлэх бодлого хэрэгжээгүй гэж болно. Хэрэв бусад бүсийг төвийнхтэй ижил түвшний хөгжилтэй болгоё гэвэл дахиад Улаанбаатар шиг гурван төв байгуулах шаардлагатай болно.

Тиймээс одоогийн эдийн засгийн бүсчлэлийг өөрчилж, орон нутгийг хөгжүүлэх өөр гарц хайх шаардлагатай” гэв. Засгийн газар улсын хөгжлийг тодорхойлж, чиглүүлсэн 487 баримт бичиг баталсан байдгаас өдгөө 162 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Гэвч эдгээр нь хоорондоо уялдаа холбоогүйгээс хэрэгжиж чадахгүй байна. Ямартаа л нэг төсөл хэрэгжүүлэхийн тулд байршлыг нь таван удаа сольж байх вэ. Ноолуурын том үйлдвэр эсвэл эрчимжүүлсэн мал аж ахуйг аль аймагт хөгжүүлбэл бусдаас илүү эдийн засгийн үр ашигтай байх нь тодорхойгүй учраас тэр. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид өөрсдөө л зах зээлийн судалгаагаа хийж байна. Ийнхүү эдийн засгийн өнөөгийн бүсчлэлийг халах шаардлагатай болсныг Засгийн газрын түвшинд ч хүлээн зөвшөөрөөд байна. Үндэсний хөгжлийн газраас Монгол улсын эдийн засгийн шинэ бүсчлэлийн хар зураг гаргажээ. Ингэхдээ хүн амын нутагшил, соёл, орон нутгийн эдийн засгийн онцлог, түүхий эдийн нөөц зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. Мөн Засгийн газрын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөр, гурван тулгуурт хөгжлийн бодлого, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг баримт бичгүүдийн бодлоготой уялдуулжээ. Эдийн засгийн шинэ газрын зурагт Хангай, Төв, Зүүн, Баруун бүс дээр говийн бүс шинээр нэмэгдэнэ. Одоо төвийн бүсэд орж буй Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр гэсэн дөрвөн аймгийг багцалж албан ёсоор нэг бүс болгох юм. Мөн баруун бүсэд хамаарагддаг Завхан аймгийг төвийн бүсэд шилжүүлэх зэрэг өөрчлөлт орох юм.

Шинэ бүсчлэлийн төлөвлөгөө батлагдвал 10 жилийн хугацаанд хэрэгжинэ

Эдгээр таван бүс нь цааш аж үйлдвэрийн 26 дэд бүсэд хуваагдана. Тухайлбал, Хангай бүс нь дотроо хөвсгөлийн, Хангайн, Улиастайн, Булнай-Тэсийн, өмнөд Хангайн гэсэн таван дэд бүстэй. Харин Зүүн бүс нь Чойбалсангийн, Хэрлэнбаян-Улаан-Өндөрхааны, их Хэнтий-Бэрхийн, Сүхбаатарын гэсэн дөрвөн дэд бүстэй байх аж. Мөн үндэсний хөгжлийн газраас манай улсын эдийн засгийг хөгжүүлэх цаашдын чиг хандлагыг хөдөө аж ахуй, уул уурхай гэж тодорхойлоод буй. Тиймээс хүнд үйлдвэр хөгжүүлэх болон хөдөө аж ахуйн ногоон бүсийн зураглалыг гаргажээ. Хүнд үйлдвэрийн буюу уул уурхайн бүсэд Орхон, Сэлэнгэ, Улаанбаатар, Төв, Дундговь, Өмнөговиос зүүн тийших буюу Төв, Зүүн, Говийн бүсийн аймгууд багтаж байгаа юм. Ингэхдээ дээрх аймгуудын бүх сумыг бус уул уурхайн баялаг арвинтай нутгуудыг хамруулахаар төлөвлөж байна. Харин хөдөө аж ахуйн ногоон бүс хөвсгөл аймгаас эхэлнэ.

Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймаг болон Улаанбаатар хотын нутгаар дамнасан энэ бүсэд эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзжээ. Ингэхдээ ноос, ноолуур, мах, сүүний чиглэлээр нь хүртэл ангилж хөгжүүлэх бодлого баримтлах юм. Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр “Эдийн засгийн бүсчлэлийг оновчтой болгосноор төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэнэ. Одоо бол аймаг, сумдад жигдхэн төсөв тараадаг. Хэрэв эдийн засгийн шинэ бүс батлагдвал тухайн орон нутаг ямар бүсэд хамаардгаас нь шалтгаалж, онцлогт нь тохируулан төсөв хуваарилна гэсэн үг. Тухайн орон нутагт ямар төсөл, хөтөлбөр хэрэгжих гэж байгааг ч иргэд тодорхой мэдэж чаддаг болно” гэв.

• Бүсийг оновчтой тогтоож байж түүний дагуу аж үйлдвэрийн паркууд, эдийн засгийн томоохон төвүүдээ төлөвлөнө.

• Баруун бүсэд хамаарагддаг Завхан аймгийг төвийн бүсэд шилжүүлнэ.

• Ирэх хоёр жилд орон даяар 17 салбар тус бүрээр нарийвчилсан судалгаа хийх юм.

Эдийн засгийн бүсчлэл, түүний газрын зургийг хөгжлийн луужин гэж нэрлэж болно. Бүсийг оновчтой тогтоож, түүний дагуу дэд бүтэц, үйлдвэр, аж үйлдвэрийн паркууд болон эдийн засгийн томоохон төвүүд босно. Тиймээс бүсчлэл маш ул суурьтай, бодит байдалд нийцэхүйц байх ёстойг судлаачид анхааруулж байна. Түүнчлэн эдийн засаг зөвхөн байршил, түүхий эдийн нөөцөд суурилдаггүй учраас хүн амын нутагшил, нийгмийн хүчин зүйлсийг сайтар харгалзах шаардлагатай. Бүс доторх аймаг, сум хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, кластерын зарчмаар ажиллах орчныг бүрдүүлэх нь зүйтэйг судлаачид хэлж байна. Хэрэв ингэж чадвал Улаанбаатар хотыг чиглэсэн их урсгал татрах, орон нутгийн иргэдийн амьдрал дээшлэх, төсвийн зарцуулалтын үр ашиг сайжрах, хөрөнгө оруулалт оновчтой болох зэрэг олон эерэг үр дүн авчрах юм. Одоогоор энэхүү эдийн засгийн шинэ бүсчлэл төслийн шатанд явж байна. Үндэсний хөгжлийн газраас ирэх хоёр жилд 17 салбар тус бүрээр нарийвчилсан судалгаа хийх юм. Одоогоор бүсчилсэн хөгжлийн чиглэлээр ажилладаг 20 гаруй эрдэмтдээс бүрдсэн арга зүйн зөвлөл байгуулагдсан. Арга зүйгээ тогтсоны дараа улс орон даяар 60 гаруй удаа хэлэлцүүлэг явуулж, өргөн хэмжээний судалгаа хийх аж. Талуудын саналыг нэгтгэсний дараа УИХ-д уг баримт бичгийн төслийг өргөн барих юм. УИХ-аар шинэ бүсчлэл, бодлогыг баталбал 10 жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: https://ubinfo.mn/read/8933
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57247
0 эможи

keyboard_arrow_up