Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

КОВИД-19: Тоон хэлээр

2020 оны 5 сарын 18

Arslan.mn

Коронавирусын халдвараас болж дэлхий даяар шал өөр хэмнэлд шилжээд байна. Эдийн засаг, улс төр, нийгэм, боловсрол гээд бүх салбарт нөхцөл байдал өөрчлөгдлөө. Эдийн засгийн үзүүлэлтүүд ч 2020 оны эхний улирал ямар хүнд нөхцөлд өнгөрч байгааг гэрчлэн харуулсаар байна. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гаргаж танилцуулсан юм. Дараах онцлох мэдээллүүдийг товчлон хүргэж байна.

НДС-гийн орлого 20.2 хувиар буурлаа

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний дөрвөн сард 867.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10 тэрбум төгрөг, зарлага 868.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Харин өмнөх сартай харьцуулахад орлого нь 20.2 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үеэс 10 тэрбум төгрөгөөр орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 96.5 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 101.6  тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 8.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

1.1 тэрбум ам.долларыг экспортоос алдав

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс нийт 125 улстай худалдаа хийсэн байна. Худалдааны нийт бараа эргэлт гурван тэрбум ам.доллар байсан бол экспорт 1.4 тэрбум ам.доллар байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 45 хувиар буурсан үзүүлэлт буюу бид энэ орлогоос 1.1 тэрбум ам.доллар алдсаныг статистик харуулж байна. Харин 1.6 ам.долларын импорт хийжээ. Экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор буурахад алтны экспорт 115.6 сая, зэсийн баяжмал 215.2 сая, нүүрсний экспорт 629 сая ам.доллараар буурсан нь голчлон нөлөөлсөн байна. Гэхдээ энэ нь энэ оны эхний дөрвөн сарын үзүүлэлт бөгөөд зөвхөн дөрөвдүгээр сарыг аваад үзвэл өмнөх сараасаа экспорт, импорт тус бүр өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Ноолуурын үнэ Баян-Өлгий аймагт хамгийн бага байна

Бусад онцлох мэдээллээс дурьдахад цагаан ноолуурын үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 61.5 мянган төгрөг байна. Харин Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 35.5 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм байна.

Нийтийн хоолны салбарын орлого 2020 оны эхний улиралд 102.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд рестораны орлого 1.3 тэрбум төгрөг, захиалгат хоолны хүргэлтийн орлого 0.3 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч баарны орлого 2.5 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин зочид буудлын салбарын орлого 2020 оны эхний улиралд онд 35.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.5 тэрбум төгрөгөөр буюу 42 хувиар буурчээ. Үүнд гурав буюу түүнээс дээш одтой буудлын орлого 22 тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 3.9 тэрбум төгрөгөөр буурсан нь гол нөлөөг үзүүлжээ.

Тэгвэл орлого нь эсрэгээрээ өссөн салбараар харилцаа холбооны салбар орж байна. Тодруулбал, энэ салбарын энэ оны эхний улирлын орлого 303.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.9 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд 3.7 сая интернэт хэрэглэгчид бүртгэгджээ.

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617139
0 эможи
keyboard_arrow_up