Өнөөдөр 10 хүн ХӨСҮТ-өөс гарч, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 108 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.15/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд 2061 хүн ажиглалтад байна. Ажиглах байранд шинээр таван хүн нэмэгдэж есөн хүн гэрийн тусгаарлалтаас гарлаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5328 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
ХӨСҮТ-ЫН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ: Өнгөрсөн 24 цагийн дотор 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэсэн хүмүүсийн найм нь оюутан, 49-65 насны хоёр хүн 17-55 өдрийн турш эмчлэгдэж, гарлаа. ХӨСҮТ-т эмчлэгдэж байсан элэгний хавдартай хүн коронавирусийн халдвар авсан байсан нь эмч нарын санааг зовоож байсан ч өнөөдөр эдгэрч, гарсанд их баяртай байна.
Өнөөдөр ХӨСҮТ-д 132 хүн тандалт, хяналтад байна.