ЭМЯ: Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдөр Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Сэжигтэй тохиолдол нь 27 настай, эрэгтэй хүн байгаа юм. Тэрбээр одоогоор тус аймгийн Бүсийн оношилгооны төвд хүргэгдсэн байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байна. Тухайн сэжигтэй тохиолдолтой 50 гаруй хүн нэгдүгээр хавьтал болсон бол 400 гаруй хүн хоёрдугаар хавьтал болжээ" гэв.
ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр “Тарваган тахал өвчний халдвар нь тарваганы түүхий эд, эрхтнийг хэрэглэхэд дамждаг. Тухайн иргэний хувьд байгалийн голомтот бүс буюу тарвага дунд өвчлөл их байгаа бүс нутгаас тарвага агнаж идсэн байна.
Тодруулбал, зургаадугаар сарын 22-ны өдөр өвчлөл ихтэй бүсээс гэр бүл, найз нөхөдтэйгөө гурван тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэжээ." гэв.