ЭМЯ: Өвчлөл буураагүй цагт сонор сэрэмжээ алдаж болохгүй
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 11,692,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 539,000 хүн эндээд байна. 6.6 сая хүн эдгэрсэн бол 5 сая хүн эмчлэгдэж байгаа.
Сүүлийн 24 цагт АНУ-д өвчлөл 44,000, Бразилд 20,000, Энэтхэгт 24,000-аар өвчлөл нэмэгдсэн.
Хөл хориогоо гэнэт сулруулсан улс орнуудад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Улс орнууд эдийн засгаа сэргээх нь зөв боловч цаг үеэ олоогүй шийдвэр олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх магадлалтайг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа.
ОХУ-д сүүлийн хоногт 6,619 хүн шинээр халдвар авч, 135 хүн эндсэн байна. Тувад нийт өвчлөлийн тоо 5,000 давсан бөгөөд сүүлийн гурав хоног үл ялиг хэмжээгээр шинэ халдварын тохиолдол буурлаа.
Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 119 дугаарт 130 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Австрали, Шведээс манай улсын хоёр иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан.
ДЭМБ-аас ар тахлыг даван туулахад Засгийн газрын үүрэг оролцооноос илүү хувь хүний хариуцлага чухал болохыг онцолж байгаа. 9, 10, 11 сард улирлын томуугийн дэгдэлт гардаг. Тиймээс бид дархлаагаа дэмжиж, урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангах хэрэгтэй байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: