Ж.Цолмон: Өндөр хөгжилтэй, хүчирхэг нийгэм байгуулахад тархи судлалын шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэнэ
XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан бол тархи судлалын салбар гэж үзэх болсон. Өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр хиймэл оюун ухаанд тулгуурласан технологи, био технологийн салбарт амжилт гаргасаар байна. АШУҮИС тус шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжүүлэхэд түүчээлэн ажиллаж, Тархи судлалын хүрээлэнг байгуулж, салбар дундын судалгааг эхлүүлээд байгаа аж. Тиймээс энэ удаагийн онцлох ярилцлагын буландаа АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмонг урьж тархи судлалын талаар сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу.
Юуны өмнө танд болон танай хамт олонд Тархи судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг дэлхийн олон орны нэрт эрдэмтдийг оролцуулсан цахим хурал зохион байгуулж байгаад баяр хүргэе. Та тархи судлалын шинжлэх ухааны талаар товч танилцуулахгүй юу?
Баярлалаа. Тархи судлалаар манай сургууль төдийгүй Монгол Улс бүр цаашлаад Дэлхий амьсгалсан долоо хоног болж өнгөрлөө. Сүүлийн гурван жил манай сургууль тархи судлалын чиглэлээр дэлхийн шедевр болсон эрдэмтэд, Нобелийн шагналтнуудын анхаарлыг эх орон руугаа татаж чадлаа. Энэ удаад тархи судлалын дэлхийн шилдэг эрдэмтэд ирэх байсан боловч КОВИД-19-ээс болж биеэр хүрэлцэн ирж чадаагүй ч оюун, ухаан, бие сэтгэлээр бидэнтэй хамт байж тэргүүлэх шинжлэх ухааны ололт амжилт, шинэ техник технологийн талаар маш сонирхолтой илтгэлүүдийг тавьлаа. Нэг ёсондоо Дэлхийн тархи судлалын олимп Монгол Улсад маань болж өндөрлөлөө гэхэд хэлсдэхгүй юм. Хэдийгээр тархи судлалын шинжлэх ухаан нь бусад суурь шинжлэх ухааныг бодвол харьцангуй сүүлд хөгжсөн ч гэсэн дэлхий нийтээр XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан болгон зарласан. Бид уран сайхны киноноос л хардаг байсан хийсвэр төсөөллүүд маань өдгөө бидний бодит амьдралд хэдийн биелэлээ олсоор байна. Энэ нь тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлсний үр дүн юм. Учир нь тархины нейрон хоорондын уялдаа холбоог судалж, түүнийг модель болгон компьютерийн шинжлэх ухаантай холбосноор “Хиймэл оюун ухаан” хэмээх нэр томьёог хүн төрөлхтний түүхэнд 1956 онд авч ирсэн. Жишээ нь бид одоо Гүүглийн орчуулгыг ашиглан дэлхийн аль ч улс оронд, ямар ч хэлтэй хүмүүстэй өөрийн төрөлх хэлээр харилцан төвөггүй ойлголцож чаддаг болж байна. Харин эрүүл мэндийн салбарт “Да Винчигийн робот” хэмээх хиймэл оюун ухаан ашигласан роботыг ашиглан нарийн төвөгтэй мэс заслын эмчилгээнд хэрэглэж олон хүний амь насыг аварч байна. Ийм ч учраас бид тархи судлалын шинжлэх ухааны орчин үеийн шинэ технологийг эх орондоо нутагшуулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжилтнүүдийн боловсролыг дээшлүүлэх, судалгаанд суурилсан төрийн бодлого боловсруулах, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аливаа хүчин зүйлийг бүртгэж судлах, аж үйлдвэржилтийг түргэсэхэд тархи судлалд суурилсан хиймэл оюун ухааныг ашиглах шаардлагатай байна.
Нөгөө талаас цаг үе шинэчлэгдэн, хүн байгалаас улам холдож, харьцангуй бохирдсон орчинд амьдардаг болсноос гадна техник технологи хөгжихийн хэрээр хүмүүн хоорондын харилцаа ч мөн хувьсан өөрчлөгдөж, энэхүү өөрчлөлтөнд дасан зохицохын тулд хүний сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ихээхэн хөндөгдөж байна. Тодруулбал Монгол улсын хэмжээнд сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо 2003 онд 3681 гэж бүртгэгдэж, түүнээс хойш тасралтгүй өссөөр 2013 онд огцом нэмэгдэж 10089 – өөс 16549 болтлоо даруй 6000 нэмэгдэж өнөө 2019 оны байдлаар 20728 гэж үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийсэн. Ганц энэ жишээ л гэхэд тархи судлалыг хөгжүүлэх шаардлага байгааг харуулж байна. Монгол хүний эрүүл, үр бүтээлтэй, аз жаргалтай, урт удаан амьдрах орчинг бүрдүүлсэн, өндөр хөгжилтэй, хүчирхэг, хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулахад тархи судлалын шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэх юм.
Өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Салбар Дундын Тархи Судлалын Шинжлэх Ухаан – 2020” олон улсын эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол нь юу вэ?
-XXI зуунд Тархи судлалын шинжлэх ухааныг дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаанаар тодорхойлоод байна гэдгийг дээр дурдсан. Тусгаар тогтносон улсын хувьд Монгол Улс тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Бидний уураг тархи юугаараа бусад үндэстнээс ялгаатай, ямар давуу болон дутагдалтай талтай байж болох онцлогоо судалж байж цаашид хэрхэн оршин тогтнох, эрүүл саруул байх, аливаа өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх цаашлаад хөгжлийнхээ чиг, гарцыг ч илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, тогтоох юм. Бид яав ч хоцрох учиргүй. Байнга сайжирч, гадаадын олон эрдэмтэн судлаачдаас суралцаж өөрийн оронд нутагшуулан тус шинжлэх ухааныг хөгжүүлэх ёстой. Тэдний хөгжлийнхөө өнөөгийн төвшинд хүрэхдээ алдаж, оносон, зарцуулсан цаг хугацааг тэдний тусламжтайгаар хэмнэж богино хугацаанд хөгжихийг эрмэлзэх учиртай. Ер нь бол бид өөрийн улсдаа шинжлэх ухааны тэргүүлэх хөтөлбөрөө тархи судлалын чиглэлээр боловсруулж түүгээрээ Ази Номхон далайн баруун эргийн орнуудын дэлхийн шилдэг 100 их сургууль болох бодлого баримтлан ажиллаж байна. Иймд бидний зохион байгуулж буй энэ жилийн хурлаар нийт 12 орны 33 эрдэмтэд уламжлал ёсоор оролцож илтгэл тавьснаас гадаадын 17 эрдэмтэн, үндэсний 16 эрдэмтэд илтгэлээ хэлэлцүүллээ. Цахим хэлбэрээр хурал маань явагдсан нь харин ч бүр дэлхийн хаана ч аль ч улсад оршин суугаа эрдэмтэд хамрагдаж өөрийн мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг илүүтэй олгосон нь энэ жилийн хурлын онцлог, давуу тал байлаа гэж үзэж байна. Хамгийн чухал онцлог нь бид энэ жилийн хуралдаа зөвхөн гадаадын эрдэмтдийн илтгэлийг сонсох биш өөрсдийн судалгааныхаа үр дүнгээс танилцуулсан олон илтгэлээ манай эрдэмтэд тавьлаа.
Ямар ямар улсын эрдэмтэд оролцсон бэ. Энэ талаар ярихгүй юу?
-Бидний урилгаар тархи судлалын чиглэлээр дэлхийн тэргүүлэх эрдэмтэд болох АНУ-ын Анагаах ухааны хүрээлэнгийн Тархи судлалын үндэсний хөтөлбөрийн дарга Жон Ная тэргүүтэй Харвардын Их сургуулийн эрдэмтэн Роберт Датта, Швед улсын Кароленска хүрээлэнгийн эрдэмтэн Женс Хиерлин Леффлер, Япон улсын Рикен тархи судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Томоми Шимогори, Франц улсын эрдэмтэн Анна Биеэлер, АНУ-ийн Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Еимин Жоу, Канад улсын эрдэмтэн Шерназ Бамжи, БНХАУ-ын тархи судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Кай Ван, Солонгосын Сөүлийн үндэсний их сургуулийн эрдэмтэн Бон-Киюн Каан нар тархины талаар сүүлийн үеийн ололт амжилт, туршлага, ирээдүйн төлөвлөгөөгөө бидэнд танилцуулсан. Энэ дашрамд дуулгахад өнөө жилийн хуралд илтгэлээ танилцуулж байгаа олон улсын илтгэгч нарын нэг болох Жон Наяийн удирдаж буй хөтөлбөрийн жилийн санхүүжилт нь 1,6 тэрбум доллар буюу 4.6 их наяд төгрөг байгаа нь манай улсын төсөвийн гуравны нэгтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгө байгаа юм. Үүнээс гадна Датта доктор саяхан Ковид-19 цар тахлын үед уг вирус нь үнэрлэх мэдрэхүйн эсүүдийг бус тэдгээрийн туслагч эсүүдийг сонгомлоор сөнөөдөг болохыг тогтоосон бол Бамжи доктор мэдрэлийн ширхэгийн хоорондын холбоос хэрхэн үүсч үйл ажиллагаа явуулдаг талаар дорвитой нээлтүүд хийгээд байна. Энэ удаагийн хурлын илтгэгч нарын зарим нь өнөөгийн хүн төрөлхтөнд одоог хүртэл эмчлэгдэх боломжгүй эмгэгүүд болох Альцгеймерийн өвчин, Паркиносоны өвчин зэрэг тархины сөнөрөлт эмгэгүүдийн эмчилгээний шинэ арга, стратеги боловсруулах, эрүүл урт наслалтыг дэмжихийн тулд тэдгээрийн механизмыг молекулын төвшинд судалж байна. Ер нь бол бид жил бүрийн энэхүү уламжлалт хуралдаа өндөр ач холбогдол өгч жил бүр хамгийн багадаа 6 улсын тархи судлалын шилдэг эрдэмтдийг урьж оролцуулахыг хичээдэг байсан бол дэлхийн тархи судлаач нар өөрсдөө сонирхолоо илэрхийлдэг болж байна. Бид өнөөдрийг хүртэл өөрсдийн хүчээр, энэхүү шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бүхий л хүч оюун ухаанаа зориулж, зориулахаар шийдсэн эрдэмтдийнхээ хүчээр хийж ирсэн. Цаашид Монголын төр бодлогоор дэмжиж байж хурдтай хөгжих боломжтой, тэгж ч бусад улс орнууд хурдтай хөгжиж байгааг хэлэхийг хүсч байна. Бид ямар ч байсан эхлэлийг тавьлаа, дэлхийн эрдэмтдийн анхаарлыг Монгол руу чиглүүллээ, өөрсдийн зүгээс бүхий л хүчээ илүүтэй дайчлах нь ойлгомжтой ч одоо төр засгаас бодлогоор дэмжиж бодитоор хөгжүүлэх цаг болсон гэдгийг дахиалд л хэлмээр байна. Учир нь тархи судлалын шинжлэх ухаанд зарцуулах санхүүжилт нь дэлхийн топ, хамгийн их төсөвтэй, зардалтай шинжлэх ухаанууд болох сансар судлал, цөмийн энерги судлалын дараа орж байна. Дэлхийн шилдэг эрдэмтдийн лекцүүд тархи судлалын чиглэлээр хамгийн сүүлийн үеийн судалгааны мэдээллийг манай улсын эмч, судлаачид болон оюутан залууст шууд хүргэсэн учраас тэд эрдэм шинжилгээний ажилд татагдах, мөн эдгээр эрдэмтэдтэй холбоо тогтоох, тэдний лабораторид ажиллах боломж хайхад нь туслах, дэмжлэг үзүүлэх боломжийг бид олгож байна. Мөн түүнчлэн энэ хурал дээрээ бид тархи судлалтай холбоотой бүхий л салбарын дотоодын эрдэмтэн судлаачдаа урьж өнгөрсөн жилд бүтээж туурвисан ажлаа бие биедээ танилцуулах, хэлэлцэх, цаашид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдлэг солилцох боломж олгодог хурал юм.
Монгол улсын хувьд тархи судлалын салбар хэр хөгжиж явна вэ?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бодлогоор шинжлэх ухаан, тэр дундаа тархи судлалын салбартаа ихээхэн анхаарч хөрөнгө мөнгө зарцуулж байж амжилтыг авчирч байна. Бид хоцрохгүй байхыг эрмэлзэж 2014 онд Монголын нейросайнсын нийгэмлэгийг үүсгэн байгуулж, 2018 оноос АШУҮИС бодлогоор дэмжиж тэргүүлэх чиглэлээ болгон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Тархи судлал XXI зуун” сэдэвт Нобелийн шагналтны чуулганыг зохион байгуулсан. Уг чуулганд Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, тархи судлалын хамгийн нэр хүндтэй “Нейросайнс” сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма, Нобелийн шагналт эрдэмтэн Эдварт Мозер тэргүүтэй 11 орны 20 гаруй эрдэмтэн, үндэсний 1000 гаруй эрдэмтэн нэгэн дор хуран чуулж, тархи судлалын шинжлэх ухааныг сурталчилан таниулсан сайхан үйл ажиллагаа болсон. Мөн энэхүү хуралдааны үр дүнгээр Монголд Тархи судлалын мэргэжлийн байгууллагын хэрэгцээ шаардлага их байгааг анзаарч дараа жил нь буюу 2019 оны 4 сарын 24-нд АШУҮИС дээр Тархи судлалын хүрээлэнг үүсгэн байгуулсан. Уг хүрээлэнг үүсгэн байгуулах нээлтийн ёслолд БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал Мү Мин Пүү болон Шанхайн ЖиаоТоны их сургуулийн дэд ерөнхийлөгч оролцож, цаашид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
Тархи судлалын хүрээлэнгийн судалгаа нь үндсэн 2 чиглэлтэй. Эхний чиглэл нь тархи, мэдрэлийн эс хоорондын молекул механизмуудыг судлах суурь судалгаа, хоёр дах чиглэл нь мэдрэл ба сэтгэцийн эмгэгийн эмнэлзүйн судалгаанууд юм. Үүнд Монгол Улс дахь мэдрэл болон сэтгэцийн өвчнүүдийн тархварзүй, эмнэлзүй, тэдгээрт нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс ялангуяа стрессийн шалтгаант биеийн ба сэтгэцийн эмгэгүүд тэдгээрийн уялдаа холбоог орчин үеийн нарийвчлал бүхий багажийн шинжилгээнд тулгуурлан оношилж, эмчлэн, шинэ стандарт, дэвшилтэт технологийг Монгол улсдаа нутагшуулж, практикт нэвтрүүлэх зорилготой юм.
Манай тархи судлалын хүрээлэн яг одоогийн байдлаар хүн амзүйн кохорт судалгаан дээр ажиллаж байгаа бөгөөд Монгол улсад сүүлийн 30 жилд улс төр, нийгмийн шилжилттэй холбоотойгоор хүн амын амьдралын хэв маяг төдийгүй хоол хүнс, боловсрол, тэр ч байтугай өвчлөл нас баралтын үзүүлэлт өөрчлөгдсөн энэ үед хүн амын дундах стресс, нойрны өөрчлөлттэй холбоотой эмнэлзүйн шинж тэмдгүүдийг судлах суурь судалгааг эхлүүлсэн. Ер нь хүний бүх эрхтэн тогтолцоо, хүнийг бүхэлд нь удирддаг тархиа судалж байж бусад эрхтэнээ илүү сайн судална шүү дээ. Тархи хаана судалж байна тэнд шинжлэх ухаан хөгжиж байна гэж хэлж болно.
Та дээр тархи судлалын шинжлэх ухаан нь дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан хэмээн дурьдсан. Тэгвэл тус шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бидэнд хэр их боловсон хүчин болоод техник технологийн нөөц бололцоо байна вэ?
Бид жил бүр тархи судлалын олон улсын хурал зохион байгуулахаас гадна хүний нөөцийг бодлогоор хөгжүүлэх зорилгоор АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэн, Дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтран “Тархи Судлалын үндсэн техникүүд 2020” сэдэвт 6 өдрийн сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Уг сургалтаар мэдрэлийн эсийн бүтэц, үйл ажиллагаа болон төрх үйлийн тархи судлалын талаарх суурь ойлголт, судлах арга аргачлал, түүний эмнэлзүйн ач холбогдлын тухай мэдлэг, дадлага, туршлага олгох зорилгоор лекц, семинар, туршилт, хэлэлцүүлэг зэрэг олон талт сургалтын хэлбэрүүд багтсан. Түүнчлэн тархи судлалын чиглэлээр суралцах, ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор дотоод, гадаадын лабораториудын дэлгэрэнгүй мэдээлэл, судлаач нартай нь биечлэн уулзах боломжоор хангасан. Жишээлбэл энэ удаагийн сургалтанд Япон улсын Кюүшүгийн их сургуулийн эрдэмтэн Т.Хирамото болон Энэтхэг улсын Панжабын их сургуулийн эрдэмтэн А.Кухад нар өөрсдийн лаборатори, судалгааны ажлын явц, үр дүнгээс бидэнд танилцуулж, манай оюутнуудыг хүлээн авч сургахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн бид залуу боловсон хүчнээ сайжруулан дэмжих зорилгоор гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлсний үр дүнд АНУ-ын Харвардын их сургуульд Н.Эрхэмбаяр, БНСУ-ын Тархи судлалын хүрээлэнд Г.Индра, Ханяны их сургуульд О.Ундармаа, Н. Ариунзаяа нарыг болон Тайваний Ченкүний үндэсний их сургуульд Б.Галиндэв нарыг тархи судлалын чиглэлээр магистр, докторын болон богино хугацааны сургалтанд илгээж суралцуулж байна.
Тархи судлалын хүрээлэнгийн цаашдын хэтийн төлвөөс танилцуулаач?
Бид эхлээд өөрсдийн бааз сууриа бэхжүүлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд хамгийн түрүүнд боловсон хүчин болоод тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх явдал юм. Иймд манай сургууль олон улсын стандартыг хангасан хулганы колони байгуулж, тархи судлал болон бусад судалгааны байгууллагуудыг хангаж эхэлсэн. Бид цаашлаад лабораторийн амьтны бусад төрөл зүйлүүдийн колонийг бий болгоно. Удахгүй туршилтын сармагчинтай болох зорилготой ажиллаж байна. Бид энэ намраас тархи судлалын хүрээлэн дээр нойрны эмгэг болон стрессийг оношлох иж бүрэн үйл ажиллагаатай эмнэлзүйн төвийнхөө үүд хаалгаа нээх болсныг дуулгахад таатай байна. Тус төв маань орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Үүнд тархины болон зүрхний цахилгаан бичлэг хийхээс гадна тархины цусан хангамжийг үнэлэх зорилгоор доплерографийн аппарат, мөн унтах үеийн тархины эсийн үйл ажиллагаа, цусан дахь хүчил төрөгчийг хэмжих замаар нойрны эмгэгийг үнэлдэг полисомнографийн аппарат, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг үнэлдэг пульсоксиметр суурилуулаад байна, удахгүй нүүрний болон их биеийн булчингийн мэдрэлийг үнэлдэг электронейрографи, электромиографийн аппаратуудыг суурилуулж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төлөвлөгөөтэй байна. Энэхүү багажууд нь монголчууд бидний үнэт капитал болох эрүүл мэнд тэр дундаа хамгийн чухалд тооцогддог мэдрэлийн ба сэтгэцийн эрүүл мэндэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд судалгааны байгууллагууд ялангуяа их сургуулиуд дотоод нөөцөө сайтар тодорхойлж хамтарч ажиллах шаардлагатай байна. Дан ганцаар явдаг байдал цаашид хол явахгүй болох нь тодорхой болж байна. Үүнийг бид их сургуулийнхаа хүрээнд эхлүүлж салбар дундын лабораториудыг үүсгэж бэхжүүлэх ажлаа эхэлж байна
Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Н.Гантулга