Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

2020 оны 8 сарын 21

Энэ долоо хоногт /2020.08.17-2020.01.21/ Эрүүл мэндийн яам болон харьяа байгуулагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Т.МӨНХСАЙХАН: МАНАЙ УЛСЫН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАДАМЖ НЭГ ШАТ АХИЛАА

Arslan.mn

Шинэ Коронавирусын халдварт өвчний  үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны  захиалгаар  УОК-ын санхүүжилтээр  Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт 2020.08.20-ны өдөр хүлээлгэн өглөө. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхий даяар тархаад буй Коронавирусын халдварыг дотооддоо алдахгүйн төлөө Эрүүл мэндийн яам өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Хэрэв халдвар гарсан тохиолдолд бэлэн байдлыг хангасан байх нь нэн чухал учраас бид яаралтай авах арга хэмжээнд бэлтгэж, энэхүү уушги, зүрх орлуулагч ECMO аппартыг өнөөдөр УНТЭ-т хүлээлгэн өгч байна. 

Шинэ төрлийн Коронавирусын халдвар нь хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг. Ингэснээр хийн солилцоо хийгдэж чадахгүй болж, тухайн  хүн хүчилтөрөгч амьсгалын дутагдалд ордог. Харин шинээр нэвтрүүлж буй уушги, зүрх орлуулагч ECMO аппаратаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүйгээр уушгины үйл ажиллагааг сэргээх боломжтой болгож байна. Нөгөөтэйгүүр манай улсын эрчимт эмчилгээ нэг шат ахиж байгаа юм. Уг аппаратыг УНТЭ-т суурилуулж, ашиглалт, аюулгүй ажиллагаа болон эмч, мэргэжилтнүүдийг сургах сургалтууд өнөөдрөөс хийгдэж эхэлж байна. Цаашид манай улсад зүрхний өвчтөнийг мэс засалд бэлдэх, тоног төхөөрөмж хүлээгдэж буй үед тухайн өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангаж, зүрхний үйл ажиллагааг дэмжих боломжууд бий болж байна. Түүнчлэн эрхтэн шилжүүлэх суулгах мэс засалд донор хүлээгдэж байгаа өвчтөнүүд донор нь гарч ирэх хүртэлх хугацаанд дэмжлэг үзүүлэх боломжоор хангагдаж байгаа юм” гэлээ. 

Т.МӨНХСАЙХАН: ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ЧАДАВХ ДЭЭШИЛСНЭЭР ИРГЭД ЗААВАЛ УЛААНБААТАР ХОТОД ИРЖ ЦАГ, МӨНГӨӨ ҮРЭХГҮЙ

Arslan.mn

Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын эмчилгээ үйлчилгээний хүртээмжийг тэгш сайжруулж орон нутгийн эмнэлгүүдийн чадавхыг нэмэгдүүлэх замаар иргэд оршин суугаа бүс нутагтаа чанартай тусламж үйлчилгээ авдаг болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү бодлогын арга хэмжээг нэн түрүүнд хэрэгжүүлж байгаа эмнэлгүүдийн нэг болох Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг 2020.08.19-ны өдөр хуралдлаа. 

Ажлын хэсгийн хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах асуудал нь зөвхөн Говьсүмбэрийн асуудал биш. Энэ ажил нь цаашдаа аймгийн эмнэлгүүд ямар төлөвлөлтөөр яаж хөгжих вэ гэдэгт жишиг болох ёстой. Орон нутгийн эмнэлгүүдийн чадавх дээшилснээр иргэд заавал Улаанбаатар хотод ирж цаг, мөнгөө үрэхгүй. Амьдран суугаа газартаа шаардлагатай эмчилгээ үйлчилгээгээ авдаг болно. Мөн эмнэлгүүдийн хувьд ч гүйцэтгэлд суурилсан шинэ тогтолцооны дагуу санхүүжилт нэмэгдэж,  ажилтнуудынхаа цалин хангамжийг сайжруулах боломж бүрдэнэ” гэсэн юм.

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН “ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 100 ДАХЬ МЭС ЗАСАЛ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн хамт олон “Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал”-ыг энэ сарын 14-ий өдөр амжилттай хийж, 2020.08.21-ний өдөр мэс заслыг амжилттай хийсэн багийг УНТЭ-ийн Хүндэт дэвтэрт бичин, алдаршууллаа. 

Өвчтөн нь 34 настай эрэгтэй, B болон D вирусийн шалтгаантай элэгний хатууралтай гэсэн оноштой. Хатуурлын үндсэн хүндрэл болох цус алдах хүндрэл илэрсэн. Хоёр удаа улаан хоолойн өргөссөн судсыг боолгох мэс заслын хагалгаанд орсон тул ийнхүү яаралтай хагалгаанд оржээ. Мэс заслын багт 60 гаруй хүн багтсан бөгөөд одоогоор өвчтөний биеийн байдал хэвийн байгаа аж.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХИЙГДЭХ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛТИЙГ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс-ыг хүлээн авч уулзаж /2020.08.17, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

Уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаашид эрүүл мэндийн салбарт төвлөрлийг сааруулах, ард иргэдэд учруулах хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа талаар танилцуулж, эдгээр чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Ч.ХҮРЭЛБААТАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ 100 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛСЭН

Arslan.mn

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020.08.21-ний өдөр танилцууллаа.  Тэрбээр Коронавирусийн халдвартай холбоотойгоор дэлхийн эдийн засаг унаад байна. Гэхдээ эдийн засгийн судалгаа хийдэг байгууллагууд 2021 онд эдийн засаг өснө гэсэн тооцоог гаргаад байна. Тиймээс ирэх жил өсөх юм бол эдийн засгийн дэмжих нь зүйтэй гэж оруулж ирсэн. Хассан зардал нэлээдгүй байгаа. Хөрөнгө оруулалт, төсөвт байгууллагын 118 тэрбум төгрөгийг хассан. Харин нөгөө талдаа нэмэгдсэн зардлууд гараад байгаа. Хүүхдийн мөнгийг 20 мянга байсныг 100 болгосноор 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болсон. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 100 гаруй тэрбум, нийгмийн эмзэг бүлгүүдийг дэмжих зардлуудыг нэмсэн. Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй. Хоёрдугаарт мөчлөг сөрсөн арга хэмжээг авах ёстой. Эдийн засаг агших үед зэрэг агшвал борц болчихно. Энэ бодлогыг 2018, 2019, 2020 онд дараалж явуулж байна гэсэн юм.

ДЭМБ: КОВИД-19-ЫН ЭСРЭГ ВАКЦИН БЭЛЭН БОЛОХОД ЭХНИЙ ЭЭЛЖИНД ДЭМЖЛЭГ АВАХ УЛСУУДЫН ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛС БАГТСАН

Arslan.mnЭрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордицаг хүлээн авч уулзаж КОВИД-19 халдварын дэлхий дахины нөхцөл болон вакцин хөгжүүлэлтийн явц байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 11-ний өдөр ОХУ шинэ коронавирусын халдварын эсрэг анхны вакциныг гаргаж авснаа бүртгэлжүүлсэн талаар олон улсад мэдээлсэн талаар ДЭМБ-ын байр суурийг тодруулж асуухад Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица ДЭМБ-д байгаа мэдээллээр ОХУ-ын  Гамалеин нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнгийн вакцин нь эмнэлзүйн туршилтаа зургадугаар сард эхлүүлж, 1 болон 2 дахь шатны туршилтаа хийсэн байна. Уг вакцины хувьд цаашид ОХУ түүнчлэн Ойрх Дорнод болон Латин Америкийн зарим улсуудад үргэлжлүүлэн турших тухай мэдээллийг уг вакцины талаарх Оросын эх сурвалжаас авсан гэдгээ мөн танилцууллаа. Мөн КОВИД-19-ын эсрэг вакцин бэлэн болоход эхний ээлжинд дэмжлэг авах улсуудын жагсаалтад Монгол улс багтсан байгаа гэдгээ хэлэв.

БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ 7121 АХМАДУУДАД ХҮМҮҮНЛЭГИЙН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ БАГЦ ХҮРГҮҮЛЛЭЭ

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордаци болон холбогдох албаны хүмүүс 2020.08.17-ны өдөр Геронтологийн Үндэсний төвд аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдтэй онлайн хэлбэрээр зэрэг холбогдож, ахмадуудад үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламжийг сайжруулах ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн зорилтот бүлгийн 6985 настан, улсын асрамжийн газар амьдардаг 136 настанг 4 удаа гэрийн эргэлтэд хамруулж, тэдэнд хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн боловсрол олгох багц хүргүүлээд байна.

Т.МӨНХСАЙХАН: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ БҮХ ЭМИЙН САНГУУДААР ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Arslan.mn

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2020.08.19-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны улсын төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг 2020.08.19-ны өдөр хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН үг хэлсэн юм. Тэрбээр Эрүүл мэндийн даатгалын мөнгийг эрсдлээ тооцож, арилжааны банкуудад байршуулсан байгаа. Цаашдаа шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Хөнгөлөлттэй 800 гаруй төрлийн эмийг 1000 гаруй эмийн сангаар олгож байгаа. Жилдээ 34 тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Хамгийн гол нь хөнгөлөлттэй үнэтэй эмийг олгох зохицуулалт байдаг. Сар бүр тодорхой төсвийг эмийн санд олгодог. Энэ тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй байгаа. Эмийн сангийн зөвшөөрөл авсан л бол бүх эмийн сангуудаар олгох хэрэгтэй. Мөн нэн шаардлагатай эмийг олгож, жагсаалтыг нь багасгавал ард иргэдэд чирэгдэл учруулахгүй гэж харж байгаа. Аль бүс нутагт ямар өвчлөл давамгай байна, ямар эм олгох хэрэгтэй гэдгээр нь ангилах хэрэгтэй гэлээ.

КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСАН ИРГЭДИЙН 283 НЬ ЭДГЭРЛЭЭ

Arslan.mn

Энэ долоо хоногт Коронавируст халдвартай долоон хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжиж буйг ХӨСҮТ-ээс мэдээллээ. Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 298 бүртгэгдсэнээс 283 нь эдгээд байна.

“Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 28, гэрийн ажиглалтад 38 хүн байгаа бол 217 хүний тандалтын хугацаа дууссан. Одоо 15  хүн эмчлүүлж байгаагийн 13 нь биеийн байдал хөнгөн, 2 хүн эрчимт эмчилгээний тасагт байна. Өчигдөр тусгай онгоцоор 147, өнөөдөр 266 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн тандалт, судалгаа, шинжилгээг хийж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

КОВИД-19-ИЙН ҮЕИЙН АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Arslan.mn

ЭМЯ-аас Коронавируст халдвар (COVID-19)-ийн цар тахлын үеийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын бэлэн байдал хариу арга хэмжээг хангуулах сургалтыг нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга, 10 ӨЭМТ-өөс тус бүр 2 их эмч, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төвийн эмч нийт 22 эмчийг оролцуулан  2020.08.21-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтад оролцсон эмч мэргэжилтнүүдэд “Коронавируст халдвар(COVID-19)-тай тэмцэх, сэргийлэх хууль, эрхзүйн эмхэтгэл”, “Коронавируст халдвар (КОВИД-19)” эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан  гарын авлага зэрэг ном товхимолуудыг  албан хэрэгцээнд зориулан тараалаа.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТ БА СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Arslan.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газраас санаачлан зохион байгуулсан коронавируст халдварын сэргийлэлт, хяналт ба сувилахуйн тусламж сургалтад Тусгай мэргэжлийн төв, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нийслэлийн дүүрэг, хувийн хэвшийн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн албадын дарга нар оролцов. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619342
0 эможи

keyboard_arrow_up