А.АМБАСЭЛМАА: Коронавирусийн халдварын тохиолдол НЭГЭЭР нэмэгдэж, ХОЁР ХҮН эдгэрлээ
Улсын хэмжээнд наймдугаар сарын 26-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 553 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 552 хүнд илрээгүй.
Коронавирус илэрсэн хүн нь наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн, 35 настай, эрэгтэй. Сөүлд ажиллаж, амьдарч байсан хүн.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрэн гарч сувиллын ажиглалтад шилжлээ. 32, 24 настай, хоёр эрэгтэй хүн эдгэрлээ.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 301 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн нь 291 хүн/96.6%/. Сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 223 хүн байна.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 10 хүн байна. 8 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 36 хүн ажиглалт, тандалт, эмчилгээ хийлгэж байна" гэлээ.