Э.ГАЛБАДРАХ: ГССҮТ үндэсний хэмжээнд гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ний хамтарсан уулзалтаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны магистр, Клиникийн профессор Э.Галбадрах 2020-2024 оны эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа холбогдох албаныхантай хэлэлцлээ.
Уулзалтанд ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан болон харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд болон орон нутгийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд онлайнаар оролцлоо.
Хамтарсан уулзалтын эхэнд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах танилцуулгадаа “Монгол Улсад хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны тавдугаарт, нас баралтын тэргүүлэх шалтгааны гуравдугаарт осол гэмтэл, гадны шалтгаан ордог. Өнөөдрийн байдлаар ГССҮТ нь өөрийн хүчин чадлаасаа дөрөв дахин их ачаалалтай ажиллаж байна. Манай төв дээр осол гэмтлээс сэргийлэх үндэсний III хөтөлбөр 2018-2022 онд хэрэгжиж байгаа бөгөөд 2022 оноос IV хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна.
Бид гэмтэл согогийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжинд тулгуурлан олон улсын стандартад нийцүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны төрлийг нэмэгдүүлэн, салбарын тэргүүлэгч үндэсний төв болох зорилготой гэв.
Өнгөрсөн хугацаанд ГССҮТ нь нийт 312 шинэ технологийг, сүүлийн хоёр жилд 11 шинэ технологийг амжилттай нэвтрүүлсэн. 2020-2024 онд оношилгоо эмчилгээний дэвшилтэт 71 технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2005 болон эрүүл мэндийн байгууллагын лаборатори-чанар чадавхид тавигдах шаардлага MNS ISO 15189:2015 стандартуудыг нэвтрүүлэхээр зорьж байна.
Бид орон нутаг, дүүргийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтний чадамжийг дээшлүүлэх, хүртээмжийг сайжруулах төсөл хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд гэмтэл согогийн нарийн мэргэжлийн баг орон нутагт томилолтоор ажиллаж, сургалт болон оношилгоо, эмчилгээ, мэс заслыг хийлээ. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлж, жилд 3-4 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.” хэмээлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
Уулзалтын үеэр “ГССҮТ бол хамгийн их ачаалал авдаг эмнэлэг. Тус эмнэлэг ачааллаасаа хамаарч тоног төхөөрөмж, рентген аппаратны элэгдэл бусад эмнэлгээс хоёр дахин их байдаг. Хэрэв бид ГССҮТ-ийн эмч, ажилчид, тоног төхөөрөмжийг нь нэмэгдүүлээд явбал төвлөрлийг сааруулахгүй харин ч улам нэмнэ.
Харин ГССҮТ-өөс гадна УНТЭ, УХТЭ, Түлэнхийн төв, СХД-ийн жишиг эмнэлэг, ТТАХНЭ зэрэг эхний ээлжинд Улаанбаатар хотын хэмжээнд таван эмнэлэгт гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болгоно. Энэ хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилгээг үзүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Ингэснээр ГССҮТ-ийн ачаалал тав дахин буурч, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдэнэ. ГССҮТ-ийн хувьд нийт эмчилгээний 90 хувь нь мэс заслын тусламж, үйлчилгээ байдаг. Тиймээс ГССҮТ-ийн төлөвлөгөөт мэс засал болон яаралтай тусламжийн үйлчилгээг ялгаж, төлөвлөгөөт мэс заслаа хэдэн сараар нь төлөвлөдөг байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эмнэлэгт хэвтэлт, гаралтын нэгдсэн системийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Гэмтлийн үйлчилгээн дээр бид орон нутгаас өвчтөнийг хот руу зөөдөг биш тэнд нь очиж эмчилдэг тогтолцоо, баг, тоног төхөөрөмжийг бүрдүүлж, тогтолцоог улсын хэмжээнд шийдэх, тойргийн системийг бий болгох судалгааны ажлууд хийгдэж байна. Үүнтэй уялдуулан дүүргийн болон орон нутгийн эмнэлгүүдэд гэмтлийн эмчилгээ, үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхийг зорино.” хэмээлээ.
Эрүүл мэндийн яамны ТНБ дарга Я.Амаржал:
“ГССҮТ нь хамгийн их ачаалалтай боловч хамгийн сайн ажиллаж байгаа эмнэлгүүдийн нэг. Тус төвийн яаралтай тусламжийн тасгийн өргөтгөлийн тохижилтыг сайжруулах, алсын дуудлагын автомашины тоог нэмэгдүүлэх тал дээр бид дэмжиж ажиллана. Мөн танилцуулгад дурдсан осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан болох авто машины осол ихээр гардаг хар цэгүүдэд анхаарал хандуулж, тухайн цэгт хамгийн ойр орших, аймаг сумдын эрүүл мэндийн төвүүд дээр гэмтлийн эмч нарыг ажлуулж харилцаа холбооны шинэлэг шийдлийг ашиглан цаг алдалгүй мэдээлэл солилцоход анхаарч ажиллана” хэмээлээ.