Н.ОТГОНЖАРГАЛ: Эцэг, эхчүүдийн буруу дадал, хэвшлээс болж ХҮҮХЭД ӨВЧЛӨХ нь их байдаг
Хичээл, сургууль, хүйтний улирал эхэлж буй энэ үед хүүхдүүдээ ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх, томуугийн үед авах арга хэмжээний талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Н.Отгонжаргалтай ярилцлаа.
-Сайн байна уу. Хүйтний улирал эхлэхээр томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг нь юутай холбоотой вэ?
-Хүйтний улирал эхлэхээр ганц томуу биш томуу төст өвчний дэгдэлт ихсэж байдаг. Манай орны хувьд агаарын бохирдол их, сургууль цэцэрлэгийн нягтаршил ихээр үүсдэг энэ үед энэ төрлийн өвчин дэгдэж олныг хамарч тархдаг.
Томуу, томуу төст өвчнийг үүсгэж байгаа шалтгаан нь агаарт буй 200 гаруй төрлийн нян, вирус байдаг. Томуугийн вирусийг А, В хүрээнийх гэж ангилдаг. Томуугийн үүсгэгчээс хамаарч өвчтөнд илрэх шинж тэмдгүүд болон хүндрэлүүд нь өөр өөр байдаг.
-Өвчний үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? Оношийг хэрхэн тавьдаг вэ?
-Томуугийн үед ихэвчлэн халуурах, хоолой өвдөх хуурай оргих, ханиах, зовиурууд илэрдэг. Үүнээс гадна олон хавсарсан шинж тэмдгүүдийг эмч өвчтөний биед үзлэг хийж болон асуумж асууж байж онош тавьдаг.
Ихэнх хүмүүс буюу эцэг эх, асран халамжлагчид ханиад хүрэх болгонд нь энэ л манай хүүхдэд таардаг эм гээд дур мэдэн өгөөд байдаг. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ үзүүлэхдээ хүүхдийн хоолой өвдлөө. Тийм эмч бичээд өгөөч гэдэг. Гэтэл яагаад нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй гэдгийн ач холбогдлыг ойлгоогүй явж байдаг.
Угтаа эмч хүн удирдамжийн дагуу үзлэг хийж, онош тавьсны дагуу эмч бичиж өгнө шүү дээ. Гэтэл тэр эм манай хүүхдэд таардаг, таардаггүй гэх мэтээр дур мэдэн эмчилгээ хийдэг. Энэ нь цаашлаад хүүхдийг олон эмийн дасалтай болгох, бүр хүндрэх тохиолдлууд үүсэх шалтгаан болдог.
-Томуу өвчнийг онцгойлон анхааран авч үздэг шалтгаан нь юу вэ?
-Томуу өвчнийг яагаад онцгойлон анхааран авч үздэг вэ гэвэл энэ өвчин хурц маш хурдан хүндэрдэг аюултай. Томуугаар нас барах тохиолдлууд өнөөдөр Монголд ч гэлтгүй дэлхийд маш өндөр хувьтай байгаа. Өнгөрсөн өвөл томуугаар хүн нас барсан тохиолдол их байна гээд нилээд шуугиж Монголын эмч нар муу байна гэх шүүмжлэл гарсан л даа. Гэтэл хүмүүсийн хүсэж мөрөөддөг АНУ-д өнгөрсөн жил 70 мянга гаруй хүн энэ өвчний хүндрэлээр нас барсан. Тэнд хүмүүсийн хүсэж байгаа шиг эрүүл мэндийн салбар нь өндөр хөгжсөн, сайн даатгалын системтэй, үйлчилгээ сайтай шүү дээ. Эндээс л энэ томуугаас үүсдэг хүндрэл нь ганц Монголд тохиолдоод байгаа асуудал биш. Бүх дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй асуудал учраас томуугаас урьдчилан сэргийлэх тал дээр онцгойлон анхаарч ажилладаг.
-Ханиад хүрэх болгонд шинжилгээ хийлгэх нь зөв үү, эсвэл эмч шаардлагатай гэсэн тохиолдолд хийлгэх нь зөв үү?
- Эхний шатанд эмчид үзүүлэх шаардлагатай бөгөөд эмч үзээд ханиад уу, томуу юу, томуу төст өвчин үү гэдгийг үзлэг хийсний үндсэн дээр ялгаж, шинжилгээ хийлгэх эсэхийг шийддэг. Тэгэхгүй бол энэ төрлийн шинжилгээнүүд нь өөрөө өндөр өртөгтэй. Тиймээс заавал эмчийн зөвлөсний дагуу шинжилгээ хийлгэх нь зөв.
Ер нь хүүхдийн дархлаа том хүнийх шиг жигд ажиллагаатай биш байдаг. Хүүхдэд ханиад, томуу огт хүрэхгүй байх ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Энэ бол тийм биш. Дархлаатай болон бусад хүчин зүйлээс шалтгаалан ханиад, томуу хүрэх нь элбэг. Харин бид үүнийг хэрхэн хүндрүүлэлгүй, зөв арга хэмжээ авах нь чухал. Манайд томуу гэдгийг нь мэдсээр байж цэцэрлэг, сургуульд нь явуулсаар байдаг. Томуу чинь халдварт өвчин гэдгийг ухамсарладаггүй. Томуугийн түргэвчилсэн тест томуу гэж гарсан л бол эм уугаад гэртээ бай гэж зөвлөдөг. Энэ бол бусад хүмүүсийг тухайн хүнийг хамгаалж байгаа үйлдэл. Манайд бол эсрэгээрээ эм уугаад халуун нь буурах ч юм уу, шинж тэмдэг гайгүй болонгуут ажил, сургуульд нь явуулчихдаг. Энэ үйлдэл нь нийтээрээ энэ өвчнөөр өвчлөж байгаа шалтгаан юм.
-Бид хүүхдэд ч юм уу, өөртөө ханиад хүрэхээр л гэртээ байгаа антибиотикийг өгдөг. Ер нь хүүхдүүдэд ямар үед антибиотик өгөх ёстой вэ?
Дур мэдэн антибиотик хүүхдэд өгч болохгүй. Заавал эмчийн заавраар өгнө. Вирусийн халдвар байвал ямар ч антибиотик үйлчлэхгүй. Нян, бактеритай хавсарсан тохиолдолд бид нян, бактерийг эмчлэх зорилгоор антибиотик хэрэглэдэг. Вирус бол өөрийн онцлогоос шалтгаалан өвчний явц, үргэлжлэх хугацаа өөр өөр явагдан эдгэдэг.
-Хүүхдээ эмчид үзүүлэхдээ давтан үзүүлэх хугацаа бичиж өгдөг. Эмчийн давтан үзлэг ямар ач холбогдолтой вэ?
-Давтан үзлэгийн ашиг тус маш чухал. Антибиотикийн зохистой хэрэглээ, дасал болгохгүй байх ач тустай. Нөгөө талаас хүүхэд болгоны бие махбод нь өөр байдаг учраас эмчилгээ авах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал зарим хүүхдүүдийг давтан үзлэг хийж байж эмчилгээгээ үргэлжлүүлэх үү үгүй гэдгийг тодорхой болгоно. Тэрнээс биш эмч нар завтайдаа давтан үзүүлээрэй гэж бичиг өгөхгүй шүү дээ. Харин эцэг, эхчүүдийн зүгээс ойлголт дутуу байдгаас болоод хайхрамжгүй ханддаг. Ажил ихтэй байлаа, машин явахгүй өдөр гэх мэтээр ирэхгүй байх тохиолдол их байдаг. Жишээ нь зарим антибиотик эмийг 10 хоног ууж байж цаашид хүндрэл үүсгэхгүй. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдийн халуун буурчихлаа гээд 2-5 хоног өгөөд зогсоочихдог. Одоо зүгээр болчихлоо гээд чихэр, шоколад өгдөг. Энэ нь өвчнийг буцаж хүндрүүлэх, биеийн эсэргүүцлийг муутгах шалтгаан болдог.
Антибиотикууд янз бүрийн үнэтэй байдаг. 2000 төгрөгөөс эхлээд 30000 мянга хүртэл байдаг. Ер нь антибиотикийн ялгаа юунд байдаг вэ?
Антибиотик үйлчилгээнээс хамраад маш олон төрөлтэй. Эмийн үйлдвэр, брэнд, эмийн чанараас хамаараад янз бүрийн үнэтэй байдаг. Эмийн үнэ бол мэдэж өөр байх ёстой. Маш сайн үйлчилгээтэй эмийг өндөр үнээр худалдаж авна. Гэхдээ манай эмийн зах зээл өөрөө жижиг учраас тэр олон улсад байгаа том эмийн худалдааны газрууд бол орж ирдэггүй. Яагаад гэвэл манай улсын худалдан авах чадвараас хамаардаг. Тэрнээс биш олон улсад үнэтэй антибиотик эмүүд бол байдаг.
Гэхдээ эмч нарын зүгээс тэр эмийг ав гэхээс илүү эмчилгээний удирдамжийн дагуу бичиж өгдөг.
-Эмийн сангуудад янз бүрийн хүүхдийн витаминууд элбэг болсон. Би үүнийг хэрхэн зөв сонгож хэрэглэх вэ? Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?
-Д витаминыг сайн хэрэглэж байх ёстой. Тэрнээс биш мультвитаминийг ээжүүд их өгдөг. Гэхдээ тухайн витамины чанар ямар үр вэ гэдгийг судалсан зүйл байхгүй учраас маш зөв сонголт хийж байх ёстой. Харин витаминыг хэрэгцээтэй үед л өгнө гэхээс байнга хэрэглэх хэрэггүй гэж зөвлөмөөр байна.
ХҮҮХДИЙН АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ АЯГА ТАВАГ НЬ ТУСДАА БАЙХ ШААРДЛАГАТАЙ
-Хүүхдийг ханиад, томуу хүрэхээс урьдчилан сэргийлэх ямар арга зам боломжууд байдаг вэ? Ханиад хүрсэн тохиолдолд гэрийн нөхцөлд юу хэрэглэх ёстой вэ?
-Хамгийн зөв арга бол хүүхдийг чийрэгжүүлэх, амьдралын зөв хэмнэлттэй болгох хэрэгтэй. Мөн жил бүр тандалт судалгаан дээр үндэслэн тухайн жилд гарах томуугийн вакцин үйлдвэрлэн гаргадаг. Уг томуугийн вакцинд 10 сараас өмнө хамрагдах шаардлагатай.
Манай Монголчууд хүүхдэд зуны улиралд бойтог, гутал өмсүүлээд байдаг. Энэ нь буруу. Яагаад гэвэл хүүхдэд даасан зохицох боломж олгохгүй байна гэсэн үг. Жоохон даарах ч юм уу, хүйтэн зүйл уухаараа л ханиад хүрээд байдаг. Хоёрдугаарт, манайх эрүүл ахуйн дэглэм маш муу барьдаг.
Тухайлбал, хүүхдээ хооллохдоо амнаасаа аманд нь өгдөг. Өөрөөр хэлбэл, бид маш олон нянтай амнаас хүүхдэд хоол өгч халдвар дамжуулж байдаг. Тиймээс хүүхдийн ахуйн хэрэглээний аяга таваг нь тусдаа байх шаардлагатай.
-Та дээр амьдралын зөв хэмнэл маш чухал гэлээ. Тодруулбал?
-Миний дээр хэлсэнчлэн хүүхдийг багаас нь сайн чийрэгжүүлэх, амьдралын хэмнэлийг зөв болгох, нойр, хоолыг тааруулах, хэт ядраахгүй эрт унтуулах, дасгал хөдөлгөөн хийх, халуун бүлээн зүйл сайн уулгах шаардлагатай. Хүүхэд тогтмол цагт унтаж, босож байж дархлаа сайн ажиллаж байдаг.
Ус сайн уулгах ёстой. Уламжлалт хэрэглээ гэсэн үүднээс цагаан идээ бол хэрэглэх зөв. Гэхдээ цагаан идээ нь амьтнаас гаралтай учир хүүхдүүд харшлах тохиолдол бий. Тэгэхээр хүүхдийн бие махбодоос их зүйл шалтгаалдаг. Давтаж хэлэхэд амьдралын зөв хэмнэлтэй болгох хэрэгтэй.
Манайд нэг буруу зүйл байдаг нь эмээ, өвөө нь хүүхдээ эрхлүүлээд чипс, чихэр, шоколад маш ихээр өгдөг. Ингэснээр хүүхдийн өвчин эсэргүүцэх чадварыг муутгаж байна гэдгээ мэддэггүй.
Хүүхэд ханиалгаад эхэлсэн л бол цэцэрлэг, сургуульд нь явуулж болохгүй. Ханиалгаж найтаахад вирус агаарт долоон метр зайд цацагдаж, нэг найтаалтаар 40 мянгаас илүү дусал агаарт тархдаг. Тиймээс байнга амны хаалт зүүлгэх, мөн гарын ариун цэврийг сахиулах нь маш чухал.
Гараа байнга савандаж угаах, нян вирус хаана ч наалдсан байж болно. Хамгийн түрүүнд гараараа хүрнэ. Гараа угаалгүй хоол хүнсээ идэх, гараа амандаа хийх зэрэг нь томуу, томуу тест өвчний вирусийг тусах өндөр магадлал болдог.
Томчуудын сонголтоос хүүхдийн ирээдүй шалтгаалж байна гэдгийг сайн ойлгоосой. Жишээ нь байрны гадаа машин угааж байдаг. Болохгүй гэж хэлэхээр юун сүртэй нь вэ зүгээр шороог л авч байна гэдэг. Гэтэл тэр шороо нь нарийн ширхэгтэй байдаг учраас бага зэрэг салхи сэвэлзэнгүүт хийснэ. Тэгэнгүүт хүн харшилд өртөмтгий болно. Эмч дээр очингуут эмч нь дахиад химийн гаралтай эмийг авч уух шаардлага гардаг шүү дээ.
-Баярлалаа.