ЭХЭМҮТ: Таван ажилтандаа ИЖ БҮРЭН тавилгатай ГЭР гардууллаа
ЭХЭМҮТ энэ жил түүхт 90 жилийнхээ ойн арга хэмжээний хүрээнд угтсан олон сайн бүтээлч ажлыг өрнүүлж үйлчлүүлэгч төвтэй эмнэлэг болохоор зорьж ажиллаж байна.
ЭХЭМҮТ нь 1145 эмч, ажилчидтай өнөр айл бөгөөд “Нийгмийн хамгааллын цогц хөтөлбөр”-ийг байгууллагадаа хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ хавар хамт олон дотроосоо 17 ажилтныг сонгож урьдчилгаагүй орон сууцны зээлд хамруулж, эдгээр ажилчид тун удахгүй орон сууцандаа орох бэлтгэлээ базааж дуусжээ.
Мөн Төвийн Үйлдвэрчний эвлэл болон Захиргаа хамтран нийгмийн хамгааллын цогц хөтөлбөрийн хүрээнд жил бүр гурван ажилтныхаа нийгмийн асуудлыг дээшлүүлэх зорилгоор гэр гардуулдаг.
Энэ жил 90 жилийнхээ ойн хүрээнд энэ ажлаа өргөжүүлэн хоёр сувилагч, нэг эх баригч, хоёр үйлчлэгч нийт таван ажилтандаа иж бүрэн тавилгатай, давхар бүрээстэй уянга хийцийн таван ханатай гэрийг гардууллаа.