Л.ОД-ЭРДЭНЭ: Монгол ЭМЧИЙГ ДЭЛХИЙД үнэлсэн сайхан мэдээ сонслоо
Монголын Анагаах ухаан сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь иргэд бидэнд үнэлэгдэхүйц мэдэгдсээр байна. Эрхтэн шилжүүлэх эмчилгээг амжилттай нутагшуулж, Монгол эмчийг дэлхийд үнэлсэн бас нэгэн сайхан мэдээ сонслоо. Энэхүү нэр алдрын эзэн болох УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бөөрний их эмч, АУ доктор Л.Од-Эрдэнэтэй ярилцлаа.
-Юуны түрүүнд танд Олон улсын нэр хүндтэй шагналаар шагнагдсанд баяр хүргэе. Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг /TTS/ -ээс хоёр жилд нэг удаа олон улсын хурал зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн ээлжит хуралд /ТТS2020/ Солонгос улсын Сөүл хотод 9 сарын 13-16н зохион байгуулагдах байсан боловч өнөөгийн дэлхийн хунд байдлаас шалтгаалж Online-аар хийхээр болсон байгаа. Энэ нь дэлхийн улс орнуудын эрхтэн шилжүүлэн суулгах эмч, мэргэжилтнүүд бүгд оролцдог. Энэхүү олон улсын хуралд WIT /Woman in transplantation/ буюу “Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд эмэгтэйчүүд” гэсэн хэсэг бий. Энэ хэсэгт хурал болгон дээр “Лидер буюу тэргүүлэгч эмэгтэй”, “Херо буюу баатар эмэгтэй” гэсэн хоёр шагналыг олгодог.
Энэ удаагийн олон улсын хурлаар дөрвөн хүн шагнагдаж байгаа бөгөөд нэг нь болж Монгол улсаа төлөөлж “Unsung Hero Woman” буюу “Нэр нь тодроогүй баатар эмэгтэй” гэсэн шагналыг авсандаа туйлын баяртай байна. Монгол Улс гэж дуудуулаад энэ өндөр шагнал хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг юм.
Монгол Улсын нэрийг дэлхийд гаргаж, Монголын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ тодорхой хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг харуулсан болов уу гэж бодож байна. Энэ бол ганц миний хөдөлмөрийн үр дүн биш, манай баг, хамт олны ажлыг дэлхий хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэнд Од-Эрдэнэ гэдэг нэр гэхээсээ илүү Монгол улс гэх нь илүү их хүмүүсийн анхааралд байх болов уу гэж бодож байна.
-Та уншигчдад өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Би 1997 онд Анаагах Ухаан Их сургуулийг төгсөөд улмаар ОХУ-ад бөөрний эмчээр мэргэшиж 2007 онд Санк-Петербург хотын И.П. Павловын нэрэмжит АУИС-д “Анаагах ухааны доктор” зэрэг хамгаалж, 2008 оноос эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Эхлээд бөөрний эмчийн хувьд Гемодиализийн төвд ажиллаж байхдаа 2014 онд “Бөөр орлуулах хэвлийн диализ эмчилгээ”-г анх удаа Монголд нэвтрүүлснээр эмчилгээ маань өнөөг хүртэл амжилттай хийгдэж байгаа. Харин 2016 оноос УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн бөөрний эмчээр ажиллаж байна. Бөөрний тэргүүлэх зэрэгтэй эмч, Монголын бөөрний эмч нарын холбооны нарийн бичгийн дарга. Олон улсын TTS, ISN-ийн гишүүн ба AST-ийн Монголын элч төлөөлөгч
-Та багаасаа эмч болохыг хүсдэг байв уу. Энэ мэргэжлийг эзэмшсэн талаараа ярихгүй юу?
-Би Дархан хотод Орос сургуульд 10-р анги 1987 онд төгсөж байлаа. Тиймээс ч өөрийн давуу талаа ашиглан хэлний хүн болно гэж боддог байсан. Тэр үед Гадаад хэлний дээд сургуульд орох гэж материал бүрдүүлж орсон боловч нэг бичиг баримт дутуугаас болоод орж чадаагүй. Тэгээд миний хамгийн сайн хичээл бол “хими, биологи” юм байна гэж шийдээд 10 хоногийн дотор бэлдэж Анагаах ухааны их сургуульд хүүхдийн эмчээр хуваарь авсан. Тухайн үедээ эмч болно гэж бодоогүй. Хэлний хүн болно гэж бодож явдаг байсан. Гэхдээ маш зөв шийдвэр гаргажээ гэж хожмоо бодсон.
-Та түрүүн Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс зохион байгуулж буй хурлаас дөрвөн эмч шагнал хүртсэн гэлээ. Ямар улсын эмч нар байв?
-Энэ удаа Хятад, Энхэтхэг, Филиппин болон Монгол Улсын эмч энэ шагналыг авсан.
-Тэгвэл хурлын “Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд эмэгтэйчүүд” гэсэн хэсэг ямар ач холбогдолтой вэ?
- Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн зохион байгуулдаг олон улсын хурлын энэ хэсгийг 2011 оноос анх АНУ, Канад болон Өмнөд Солонгосын нэр хүндтэй эрдэмтэн эмэгтэйчууд санаачлан бий болгосон. Тус хэсгээр эмэгтэйчүүд нэгдэж, эрхтэн шилжүүлэн суулгахад эмэгтэйчүүдийн үүрэг, роль ямар байдаг вэ гэдгийг хэлэлцдэг. Ер нь эрхтэн шилжүүлэн суугах эмчилгээ өөрөө АУ–ны салбарт их өндөр технологийн эмчилгээ байдаг. Жнь: Манай УНТЭ-ийн Элэг болон, Чөмөг шилжүүлэн суулгах багийн ахлагч нар эмэгтэй хүмүүс байдагийг бүгд мэднэ. Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын бусад хуралд мөн WIT–ийн эмэгтэйчууд мөн цугларч уулзалтыг байнга зохион байгуулж байдаг. Би 2017, 2019 онд энэ уулзалтанд оролцож Монголын эмэгтэйчуудийн оролцоо эрхтэн шилжүүлэн суулгах системд гэсэн сэдэвээр илтгэл тавьж энэ тэргүүлэгч эмэгтэйчүүдээ бас танилцуулж байсан.
- Монголын анагаах ухаан сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь иргэд бидэнд үнэлэгдэхүйц мэдэгдсээр байна. Ер нь эмчилгээний цоо шинэ арга эх орондоо нэвтрүүлнэ гэдэг амаргүй байсан болов уу?
- Эрхтэн суулгах эмчилгээ нь Монгол улсад нутагшиж байгаа шинэ технологийн нэг нь юм. Энэ эмчилгээг хэрхэн яаж хөгжүүлэх вэ, зөв тогтолцоог хэрхэн бий болгох вэ гэсэн асуудлууд яригдана. Яагаад вэ гэвэл энэ сэдэвийн хүрээнд эрхтэний наймаа гээд аюултай асуудал яригддаг учраас энэ тогтолцоог анхнаасаа зөв хөгжүүлж байж сөрөг үр дагаврууд бага байх юм. Энэ ажлын хүрээнд 2007 оноос эхлэн Солонгос улсын Рафаэль Олон Улсын сайн дурын байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг болох Сөүлийн их сургуулийн эмнэлгийн, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, профессор Кюри Ан гэж хүн эрхтэн шилжүүлэн суулгах зөв тогтолцоог хөгжүүлэх талаар эмч нарыг сургах, олон нийтэд сурталчлах чиглэлээр маш олон ажлуудыг УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах төвтэй хамтран хийсэн. Манай эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог тухайн үед ямар төвшинд байгаа вэ гэдгийг судалсаны үндсэн дээр Донорын тухай асуудлыг чухалчлан тавьсан байдаг. Тухайлбал, донорыг хэрхэн зөв олох уу, хувиарлах уу, хүрэлцээгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр анхааран ажилласан. Учир нь донорын хүрэлцээгүй байдлаас болж хөгжиж буй орнуудад эрхтний наймаа буруу хөгжих тал байдаг учраас үүнд анхаарал тавьж ажилласан. Улмаар Монголд 2012 онд донорын тухай таниулах үйл ажиллагааг эхлүүлж, хууль эрх зүй орчныг хэрхэн зөв бүрдүүлэх вэ гэсэн талаас нь эмнэлгийн ажилтнууд болон эрхтэн суулгах эмч нарт жил болгон ирж сургалт хийж эхэлсэн. Мөн нөгөө талаас төрийн түшээдэд, эмнэлгийн ажилтанууд, анагаахын оюутнууд, шашны байгууллагуудыг оролцуулсан уулзалт, сургалтуудыг хийж, олон нийтэд сурталчлах, таниулах тал дээр дэмжлэг, туслалцаа үзүүлсэн.
Энэ ажлын хүрээнд Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн тэргүүлэгч нарыг урьж авчирж Эрүүл мэндийн сайд, ДЭМБ-ын монгол дахь төлөөлөгчтэй уулзах зэрэг ажлын үр дүнд өнөөдөр Монгол Улсын Донорын тухай хуулийг шинэчилсэн байгаа.
Түүнчлэн төрийн албан ёсны “Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах зохицуулах албыг” үүсгэн байгуулсан. Энэ байгууллага эрхтэн шилүүлэн суулгах салбар зөв хөгжихөд маш том үүрэгтэйгээр оролцож байгаа бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгах төв болон эмнэлгүүдийн уялдаа холбоог хангаж ажиллаж байна. Жишээлбэл, тархины үхэлтэй донор гарлаа гэхэд аль байгууллага нь түрүүлж очих уу, ар гэрээс нь зөвшөөрөл авахад ямар бичиг баримт хэрэгтэй вэ гэх мэтээр маш олон нарийн ажлуудыг олон улсын жишгээр тэр дундаа Солонгос, Турк, Америк, Беларусь улсуудаас туршлага судалсны үндсэн дээр Донорын тухай хуулиа шинэчлээд энэ байгууллагыг байгуулсан. Үүний үр дүнд 2019 онд тархины үхэлтэй донороос хийх эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо эрс нэмэгдсэн юм.
-Тухайлбал?
Тухайлбал нэг донороос Монголд хоёр бөөр ба нэг элэг жиллжүүлэн суулгаж 3 хүний амь аврах боломжтой. Өнөөдрийн байдлаар нийтдээ тархины үхэлтэй донороос 29 бөөр 8 элэг шилжүүлэн суулгасан ба сүүлийн 2 жилд энэ тоо нэмэгдэх нөхцөл бий болж байгаа нь эрх зүйн орчин бий болж, зохицуулах байгууллагатай болсонтой холбоотой юм. Энэ нь хүлээлгийн хуудсанд байсан доноргүй хүмүүст боломж олдсон том амжилт юм.
2020 онд гэхэд л дөрвөн тархины үхэлтэй донороос найман бөөр шилжүүлэн суулгах, дөрвөн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн. Эндээс дүгнэж харахад 2007 оноос эхлүүлсэн бидний ажлын дүр дүн одоо л гарч эхэлж байна гэж хэлж болно. Тэр дундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд маш том амжилт гаргасан.
Бид 2017 онд Монгол улсадаа Эрхтэн шилжүүлэн суулгах Олон улсын хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулсан. Гаднын олон төлөөлөгч нар ирээд Монголын эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо өнөөдөр ямар төвшинд хүрсэн бэ гэдгийг нүдээрээ харсан. Тэгэхээр бидний олон жил хийж ирсэн ажил үр дүнгээ өнөөдөр өгч байна. Үүнийг цаашид улам сайжруулах ба бусад орнуудын хөгжилтэй хөл зэрэгцүүлэн алхах шаардлагатай гэж боддог
-Таны ажилдаа баримталдаг зарчим тань юу вэ?
-Миний баримталж ажилладаг зарчим гэвэл өвчтөнөө хамгийн дээдээр хүндэлж “Би энэ хүнд л туслах ёстой” гэж үргэлж бодож ажилдаг. Би бөөрний архаг дутагдалтай диализ эмчилгээнд олон жилээр орж байгаа олон өвчтөнүүдтэй ажиллаж ирсэн. Эдгээр бүх өвчтөнүүдэд болдогсон бол бөөр шилжүүлэн суулгаж өгөх юмсан гэж боддог.
-Донороос эрхтэн шилжүүлэн суулгахад манай үнэ өртөг олон улсынхтай харьцуулахад ямар байдаг вэ?
-Монгол улс хэдий хөгжиж буй орон боловч Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал бусад гадны улс орнуудтай харьцуулахад хамаагүй хямд өртөгтэй гэж хэлж болно. Иргэдийн амжиргааны түвшин ч үүнтэй салшгүй холбоотой. Дээрээс нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын нийт өртөгийн 80 хувийг улсаас гаргаж байгаа. Тиймээс өвчтөнөөс гарч байгаа өртөг маш бага гэж хэлж болно. Янз бүрийн үнэлгээ байдаг. Жишээ нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал гадны улс орнуудтай харьцуулахад 80-90 хувьд хямд. Гэхдээ гадны орнуудад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь өөрөө их том шүү дээ. Тэгэхээр иргэдэд даатгалаас их дэмжлэг ирдэг юм байна.
Манайд ч цаашид энэ даатгалын тогтолцоог сайжруулах юм бол уух эмнийн үнэ өртөг хямдарна гэх мэтээр маш олон сайн талууд гарч ирнэ.
-Та түрүүн сүүлийн жилүүдэд донорын олдоц сайжирлаа гэлээ. Ер нь иргэдийн донорын тухай ойлголт хэр байдаг вэ?
-Монголд донор маш их гардаг. Харин хүлээн зөвшөөрөх тохиолдол маш бага байна. Нөгөө талаас амьдрал дээр хүмүүс донорын талаар дутуу ч юм уу, буруу ташаа ойлголттой байх үе цөөнгүй байна. Ер нь иргэд донор болно гэдгийг буян үйлдэж байна, хүнд амьдрал өгч байна гэх зөв талаас ойлгомоор байна. Нэг донор НАЙМАН хүний амийг аварч болно. Энэ бол маш том буян. Хэрвээ танд тийм зовлон тохиолдож ийм санал ирэх бол үүнийг маш зөв хүлээж аваасай гэж хүсэж байна. Хүнд амьдрал хайрлана гэдэг хамгийн том буян шүү дээ.
-Манай улсын хувьд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг өндөр үр дүнтэйгээр хийж олон улсад хүлээн зөвөөшөргдсөн гэж хэлж болох байх. Энэ давуу талаа ашиглан гадаадын иргэдийг хамруулах боломж байна уу?
-Тийм ээ. Би энэ асуудлыг яг ярих гэж байлаа. Бид олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тул мөн өөрсдийгөө сурталчлах ба үүгээрээ мөнгө олох хэрэгтэй. Гадны улс орнуудад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэггүй улс орнууд ч бий. Жишээлбэл 2017 онд би Хорват, Турк улсад олон улсын хуралд оролцож байхад Тува, Киргизстан, Азербайджан гэж орны өвчтөнүүд Түрк улсад очиж бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэдэг. Манай улстай ойр оршиж улсад бид эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийх нь зардал өртөгийн хувьд арай хямд байж болох юм. Тэр хүмүүс ч ашигтай хямд зардалтайгаа сонгоно шүү дээ. Тиймээс бид өөрсдийгөө сурталчилах хэрэгтэй. Энэ нь олон улсын том хурлуудад өөрсдийн ололт амжилтаа таниулах илтгэл тавих, судалгаа хийх гээд олон боломжууд бий. Харамсалтай нь энэ том хурлуудад оролцоход энгийн эмч хүний цалингаар бол боломжгүй юм. Ийм биднийг эдийн засагийн хувьд дэмжээд өгвөл бид бас чадна. Ингэснээр улс орныхоо эдийн засагт бага ч гэсэн хувь нэмэр оруулахаас гадна, салбарын хөгжилд томоохон хувь нэмэр болох болов уу гэж харж байна.
Өнөөдөр гэхэд Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс заслаа хийлээ. Бөөрны 200 гаруй мэс заслыг хийлээ. Энэ эмчилгээний үр дүн бол гаднын улс орнуудтай энэ тэнцүү явж байгаа.
Одоо бидний дараагийн хөшүүрэг бол эдийн засгийн дэмжлэг болон тоног төхөөрөмж, эм, эмийн хэрэгсэл талыг илүү сайжруулах юм бол эмч нарын ур чадвар бүр илүү сайжрах боломжтой. Эмч нар судалгаа сайн хийх, судалгаагаа олон улсын хурлуудад илгээж, оролцоотой байх хэрэгтэй. Энэ бол улсаа сурталчилж, таниулж байгаа нэг хэлбэр шүү дээ.
Гэр бүлийн талаар яриач.
Манайх дөрвөн хүүхэдтэй том гэр бүл. Хүүхдүүд маань бүгд том болцгоосон. Хамгийн бага хүү маань энэ жил Ерөнхий болосролын сургуулиа төгсөөд АШУИС-д элсэн орж, оюутан болсон. Хамгийн том хүү маань ОХУд дээд сургуулиа төгсөөд мэргэжилээрээ ажиллаж байгаа. Одоо эхнэр аваад тусдаа гарсан. Хоёр дахь хүү маань Москвад Сэтгэл зүйч мэрэгжил эзэмших гээд сурч байгаа, дараагийнх нь ганц охин маань МIU дээд сургуульд 2р курсдээ суралцаж байгаа. Миний нөхөр хувийн бизнес эрхэлдэг. Анх бид хоёр чемодантайгаа нийлсэн хоёр доо. /Инээв/
Эмч хүн ажлын ачаалал их, цалин мөнгө бага зэрэг олон ч асуудал байна л даа. Харин эмч хүний сайн тал юу вэ?
Эмч гэдэг миний хувьд хамгийн сайхан мэргэжил. Би энэ мэргэжлийг эзэмшсэндээ үргэлж бахархаж, аав ээждээ талархаж явдаг. Өвчтөн “Эмчээ танд баярлалаа” гэж хэлэх мөч хамгийн сайхан байдаг. Тэрнээс биш би энэ мэргэжлийн цалинд нь, ажлын ачааллыг ярих дургүй, харин өвчтөн маань эдгэрч гарах тэр мөч хамгийн сайхан мэдрэмж байдаг.
-Баярлалаа.