Д.НЯМХҮҮ: Таагүй мэдээлэл гарсанд Франц улсын иргэн Анх-Отгон их эмзэглэсэн
Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яам, УОК-ын Шуурхай штабаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр Монголд анх удаа коронавирусний халдвар тээсэн хүнээр тодорсон Франц улсын иргэн бидний нэрлэснээр “Анх-Отгон”-ыг коронавирус тусаагүй гэсэн мэдээлэл сошиал орчинд гарсантай холбоотойгоор ХӨСҮТ -ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгөхдөө "Олон нийтийн сүлжээгээр коронавирусийн улмаас манай улсад эмчлэгдээд буцсан Франц иргэнийг нутагтаа очоод шинжилгээ өгөхөд биеэс нь эсрэг биет илрээгүй гэх ташаа мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. Худал мэдээлэл хамгийн хортой зүйл.
Дээрх ташаа мэдээлэл гарсантай холбоотойгоор бид Франц иргэнтэй холбогдож тодруулсан. Тэр нутагтаа очоод шинжилгээ өгсөн нь үнэн. Гэхдээ түүний биед коронавирусийн эсрэг биет буюу дархлаа сайн тогтсон байна гэж Францын лаборатори хариу өгсөн тухай бидэнд мэдэгдсэн.
Энэ нь сайн эмчлэгдсэн гэсэн үг бөгөөд 78 хувийн эсрэг биет үүссэн байгааг нотлох шинжилгээний бичгийн зургийг бидэнд илгээсэн.
Франц иргэн энэ завшааныг ашиглан өөрийг нь эмчилсэн эмч нар болон Монголын Засгийн газарт дахин баярлаж, талархдагаа илэрхийлж, ажлын амжилт хүссэн.
Ташаа мэдээлэл Франц иргэн болон түүнийг эмчилсэн эмч нарын маань ч сэтгэл санаанд нөлөөлж, эвгүй байдалд оруулж байгаа. Франц иргэн баярлаж талархсанаа илэрхийлээд явсан байтал араас нь ингэж өөрөөр ярьж байгаад харамсалтай байгаагаа гэж хэлж байна" гэв.