О.СОЛОНГО: Томуугийн вакцин хийлгэснээс хойш хүний биед хоёр долоо хоногийн дараа ДАРХЛАА тогтдог
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар болон аливаа өвчлөлөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөө хүргэсээр байгаа билээ. Энэ удаад ханиад, шуухинаа, томуугаас хэрхэн сэргийлэх тухай Анагаах ухааны доктор, Хүүхдийн уушгины эмч О.Солонго зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Томуугаас сэргийлэх гол арга нь гараа сайтар угаах, амны хаалт тогтмол хэрэглэх, зөв ханиаж найтаах зэрэг юм.
Үүнээс гадна унтаж амрах, шингэн зүйлийг бага хэмжээгээр ойр ойрхон уух хэрэгтэй. Бага насны хүүхдийг зөв асрах нь чухал. Тодруулбал, дулаан хувцаслах, илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс идүүлэх, идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах нь зүйтэй.
Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн тул хүүхдүүд амны хаалтаа тогтмол зүүж, сургууль цэцэрлэгээсээ тарж гэртээ ирмэгцээ гараа савандаж угаан, амаа сайтар зайлах нь зүйтэй. Ингэснээр ханиад томуугаас тодорхой хэмжээнд сэргийлж чадна.
Улирлын томуу нь жил бүрийн аравдугаар сараас эхлэн дараа оныхоо гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Томуугаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт. Гэхдээ вакцин хийлгэснээр 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш бөгөөд томуу туссан тохиолдолд хүндрэлээс сэргийлнэ нь гэж үздэг.
Эрсдэлт бүлгийн хүн амд тав хүртэлх насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, 65 ба түүнээс дээш насны хүүхдүүд, эмнэлгийн ажилтнууд болон нягтрал ихтэй газар ажилладаг хүмүүсийг тооцож, томуугийн вакцинд заавал хийлгэх шаардлагатай гэж үздэг.
Вакцин хийлгэсний дараагаар хүний биед олдмол дархлаа хоёр долоо хоногийн хугацаанд байж, тогтдог. Иймд вакциныг аравдугаар сараас хийж эхлэх нь тохиромжтой" гэсэн юм.