Дөрвөн эмнэлэгт PCR ОНОШИЛГООНЫ ЛАБОРАТОРИ байгуулна
“Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлэх “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн нээлт Туушин зочид буудалд өнөөдөр боллоо.
Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорноговь аймагт “COVID-19” халдварын оношилгооны PCR лаборатори байгуулах юм.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажилд туслах зорилгоор “Оюу толгой” ХХК-иас 602 мянган ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй дүйх буцалтгүй тусламжийг НҮБ-ын Хүн амын санд олгожээ.
НҮБ-ын Хүн амын сан энэхүү хандивыг ЭМЯ-ны дэмжлэгтэй хоёр чиглэлд зарцуулах юм.
Монгол Улсын оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-тай хиллэдэг Дорноговь, Өмнөговь аймаг, мөн Улаанбаатар хотын ЭХЭМҮТ, Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэгт PCR молекулын оношилгооны лаборатори байгуулах юм.
Мөн эмчийн хяналтад байх шаардлагатай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүйн тулд анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд телемедицин буюу зайн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх аж.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|