Н.ЭРДЭНЭХҮҮ: ХАВДРЫН ЭМНЭЛЭГ ХӨДӨӨ, ОРОН НУТАГ РҮҮ НҮҮНЭ Н.ЭРДЭНЭХҮҮ: ХАВДРЫН ЭМНЭЛЭГ ХӨДӨӨ, ОРОН НУТАГ РҮҮ НҮҮНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.ЭРДЭНЭХҮҮ: ХАВДРЫН ЭМНЭЛЭГ ХӨДӨӨ, ОРОН НУТАГ РҮҮ НҮҮНЭ

2020 оны 10 сарын 06

Arslan.mn

Сүүлийн 20 гаруй жил Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь хорт хавдрын өвчлөлтэй холбоотой. Сэргийлж, бас эрт илрүүлвэл хавдраар нас барах явдлыг бууруулах боломжтой гэж үздэг хорт хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.

Хавдрын эмчилгээ, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах бодлого хэрэгжиж байгаа гэсэн. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Хавдар судлалын үндэсний төвөөр дамжуулан хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэнэ гэдэг боломжгүй. Тиймээс ЭМЯ-аас хавдрын оношилгоо, эмчилгээг бусад бүх шатны эмнэлгүүдэд чанартай хийж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг бодлогоор дэмжиж, эхлүүлээд байгаа. Энэ ажилд манай төв онцгой үүрэг гүйцэтгэн, лавлагаа шатлалын төв эмнэлгийнхээ хувиар хөдөө, орон нутгийн, дүүргийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадвахжуулахад анхаарч ажиллаж байна. Ерөнхийдөө гурван үндсэн хэлбэрээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна. Нэгдүгээрт, эмч, мэргэжилтнүүдийг ХСҮТ дээр гурван сараас хоёр жилийн хугацаанд төгсөлтийн дараах мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтаар бэлтгэж байна. Энэ онд гэхэд 14 их эмчийг хавдар судлал, хими эмчилгээ, хавдрын мэс заслаар, есөн сувилагчийг хавдар, хөнгөвчлөхийн сувилагчаар бэлтгэж тэд одоо аймаг, дүүрэгтээ ажиллаж байна. Энэ жил 60 орчим мэргэжилтэн манай төвд суралцахаар ирсэнийг хүлээн авлаа.

Хоёрдугаарт, аймаг орон нутагт манай төвийн эмч нар сэлгэн ажиллаж, хавдрын мэс засал, хими, ангиографи, дүрс оношилгоо, эд, эс судлалын шинжилгээ гэх мэт тусламж үйлчилгээг орон нутгийн эмч нартай хамтран хийж, ажлын байранд нь дагалдуулан сургаж байна.

ЭМЯ-аас Говьсүмбэр аймгийн шинэ нэгдсэн эмнэлэгт хавдрын тусламж үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хүрээнд манай ХСҮТ-ийн эмч, мэргэжилтний баг орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хорт хавдрын илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажлын байрны сургалт зохион байгуулаад байна.

Мөн Архангай, Орхон, Говьсүмбэр зэрэг гурван аймагт 31 эмч ажиллаж, долоон төрлийн 34 хавдрын мэс заслыг аймгийн эмч нартай хамтран хийсэн төдийгүй 20 эмчийг ажлын байранд сургалаа. Цаашид ЭМЯ-аас эмч солилцох тогтолцоог улам бүр сайжруулан, хөдөө орон нутагт удаан хугацаагаар ажиллах эмч, мэргэжилтнийг урамшуулан дэмжих хөтөлбөр гарч байгаа бөгөөд үр дүнд нь ХСҮТ-ийн олон чадварлаг мэргэжилтнүүд хөдөө орон нутагт очиж ажиллан, орон нутгийн иргэд заавал Улаанбаатарт ирж цаг мөнгөө үрэхгүйгээр өөрийн оршин суугаа газартаа Хавдрын тусламж үйлчилгээг авдаг болох юм.

Гуравдугаарт, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг ХСҮТ дээр нарийн мэргэжлийн эмч нарыг дагалдуулан ажлын байранд сурган дадлагажуулж байна. Энэ онд хими, хөнгөвчлөх, дүрс оношилгоо, хавдрын мэс засал, хавдрын бүртгэл, тандалтын чиглэлээр 20 гаруй эмч, сувилагч, мэргэжилтэн манай төв дээр 14 хоногоос нэг сарын хугацаанд суралцсан. Одоо хими эмчилгээний хувьд мэргэжилтэн дутмаг эмнэлгүүдтэй гэрээ байгуулан мэргэжилтнүүдийг нь сурган дагалдуулж, хими эмчилгээг бүхий л дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хийдэг болоход дэмжлэг, арга зүйгээр туслан ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутагт хавдрын хими болон мэс заслын эмчилгээг нэвтрүүлэх таван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Arslan.mn

Дүүргүүдэд хавдрын мэс заслын тасгийг нүүлгэн шилжүүлээд байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

Эрүүл мэндийн салбарын реформ хийгдэж байгаатай холбогдуулан Хавдрын мэс заслыг дүүргүүд хийх боломж бүрдсэн. Энэ хүрээнд бид Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд хавдрын ерөнхий мэс заслын тасгийг нүүлгэн шилжүүлээд байна.

Тус эмнэлэг дээр манай хавдрын мэс заслын мэргэжил эзэмшин төгссөн хоёр залуу мэс засалч байгаа ба манай эмч мэргэжилтнүүдийг ажиллах хугацаанд даган суралцаж, өөрийн эмнэлэг дээр зарим эмчилгээг шууд нутагшуулан үлдээхээр гэрээ хийгээд байна. Мөн Эрүүл мэндийн сайдын дэмжлэгтэйгээр Баянгол дүүргийн эмнэлэгт хавдрын технологийн хамт бүх төрлийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангахаар болсон. Үүнтэй адилаар Амгалан амаржих газар дээр манай эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, хөхний мэс заслын баг шилжин байрлаж ажиллаж эхэллээ. Гэрээний нөхцөл мөн дээрхтэй ижил учир цаашид Амгалан амаржих газар маань энэ чиглэлийн мэс заслын чадамж нь улам бүр дээшлэнэ гэж үзэж болно. Энэ мэтээр цаашид олон дүүргийн эмнэлгүүд, аймгийн эмнэлгүүдийн чадавхийг дээшлүүлэх юм.

Arslan.mn

Хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Ганцхан эмнэлэгт ирсэн хойно нь биш, эрт илрүүлж чадвал амь насыг аварч, удаан жил амьдрах боломжтой гэж ойрын үед их ярьдаг боллоо. Тэгэхээр урьдчилан сэргийлэх энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна вэ?

Хүн амын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулахад өвдсөн үед нь эмчлэх, эрүүлжүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайн хөгжсөн байх ёстой. Гэхдээ эмчилгээний үр дүн нь хорт хавдрыг эрт үед нь илрүүлж оношилж чадаж байна уу гэдгээс шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл хавдрыг эрт шатанд нь илрүүлбэл эмчилгээ үр дүнтэй, хүн нь удаан амьдрах, тэр тусмаа бүр мөсөн хавдаргүй амьдрах бололцоотой. Тийм хүмүүс зөндөө бий. Харин эсрэгээр, хожуу илэрсэн тохиолдолд эмчилгээ их хүндрэлтэй, үр дүн багатайгаас тухайн хүний амьдрах хугацаа богиносох, өөрт нь бий болох зовиур, хүндрэл ихсэх гээд олон таагүй үр дүн гарна. Манай улсад жилдээ 6000 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 70 гаруй хувь нь өвчний хожуу үедээ анх оношлогдож байна.

Эрүүл мэндийн салбарын реформд нийгмийн эрүүл мэндийг сайжруулах том хөтөлбөр орсон. Энэ нь өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлье, хүндрэхээс нь өммнө эрт илрүүлье хэмээн зорьж буй. Тиймээс бид энэ хожуу шатандаа илэрч буй 70 хувийг эсрэгээр эрт шатандаа илэрч буй 70 хувь болгох хэцүүхэн боловч биелэх боломжтой зорилтыг тавиад ажиллаж байгаа.  Гэхдээ энэ нь зөвхөн манай төвийн ажил биш, олон талт хамтын ажиллагаа, ойлголцлын үр дүнд биелэх учиртай юм. Тиймээс ЭМЯ-аас бүх шатны эмнэлгүүдэд эрүүл мэндийг дэмжих төв байгуулах зорилт тавьсан. Энэ нь жилдээ нэг удаа бүх нийтээрээ урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг байх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний ач холбогдлыг ойлгуулах, олон нийтийн хандлагад нөлөөлж эрүүл мэндээ хамгаалдаг зан үйлийг сурталчлах, төлөвшүүлэх олон талын ач холбогдолтой. Манайд энэ тал орхигдсон байсан. Одоо Засгийн газраас үйл ажиллагааны чиглэлдээ оруулан бодит ажил болоод явж байна.

Боловсролын байгууллагын багш, ажилчдыг нэгдсэн журмаар урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулсан. Үүнд хавдрын үзлэг хийгдсэн үү?

Энэ жил цар тахлын хөл хориотой холбоотойгоор урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг есдүгээр сараас хийж эхэлсэн. ЭМЯ, БШУЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд 16 байгууллагын 679 багш, ажилчид хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаад байна. Энэ их үр дүнтэй ажил болсон. ХСҮТ-ийн хувьд өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг үндсэн үйлчилгээгээ алдагдуулалгүй амралтын өдөр зохион байгуулж, 2019 онд 38 байгууллагын 4668 ажилтныг үзлэгт хамруулахад хорт хавдар 39, хоргүй хавдар 493, хавдрын урьдал өвчин 552 илрүүлж байсан. Цаашид энэ хэрэгцээг үндэслэн, бид хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн тусдаа нэгж төвийг байгуулахыг зорьж байна. Ер нь эрүүл хүн амд зориулсан тусламж үйлчилгээ нь өвчтөнд үзүүлдэг тусламж үйлчилгээнээс тусдаа бие даасан байх ёстой. Шинэчлэн батлагдсан Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн заалтууд энэхүү үйл ажиллагаа хэрэгжих таатай орчинг бүрдүүлж байна гэж бид үзэж байгаа. ХСҮТ одоогийн хорт хавдрын бүртгэл тандалтын албыг өргөжүүлэх замаар улс орон даяар эрт илрүүлгийг тогтвортой хийх тогтолцоог бий болгохоор төлөвлөн ЭМЯ-нд саналаа хүргүүлээд байна.

Arslan.mn

Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хорт хавдартай хүмүүст зөвхөн хавдрыг эмчлэх эмчилгээнээс гадна өвчнөө даван туулахад нь бусад олон төрлийн дэмжлэг, тусламж, үйлчилгээ нэн шаардлагатай байдаг онцлогтой. Энэ хэрэгцээг хангах, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд цогц тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор Үйлчлүүлэгчийг дэмжих албыг шинээр байгуулсан. Энэ алба үйлчлүүлэгчид шаардлагатай нийгмийн, сэтгэл зүйн, хоол зүйн болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх юм. Үүнээс гадна хавдрын өвчнийг даван туулагч нарын хөтөлбөр бий болгохоор зорин ажиллаж байна. ХСҮТ-ийн хамгийн тулгамдсан асуудлын нэг нь эмчилгээ үйлчилгээний хүлээгдэл, цаг авах, болон үйлчлүүлж буй иргэдийн тав тух, тодорхойгүй байдал гээд зохион байгуулалтын асуудал байгаа. Энэ асуудлыг шийдэх зорилгоор орчинг сайжруулах, үйлчлүүлэгчдийн ээлтэй орчинг бүрдүүлэх олон ажлууд шат дараатай хийгдэж байна. Цахим бүртгэл, амбулаторын хэсгийг бүрэн засварлан тохижуулж дуугүй хөтөчийг бүрэн шинэчиллээ. Цахим бүртгэлийн хэсгийг нэгтгэн зохион байгуулж лавлагаа мэдээллийн 24 цагийн утсыг ажиллуулж байна. Эмнэлгийнхэн болон үйлчлүүлэгчдэд маань маш тулгамдсан бэрхшээл болоод байсан орц гарцын асуудлыг шийдвэрлэн, одоо дөрвөн орц гарцтай, нэг урсгалын зохион байгуулалттай болоод байна. Мөн эмгэг судлал, амбулатори, шарил үдэх хэсгүүдэд иж бүрэн засвар, амбулаторид шинжилгээний сорьц авах хэсгийг шинээр байгуулах зэрэг төвийн үндсэн барилгын 10 блок бүхий 1500м2 талбайд засвар тохижилтын ажлыг өөрсдийн нөөц боломжоор хийж дуусгалаа.

-Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах бодлогын хүрээнд танай эмнэлэгт ямар үйлчилгээнүүд цахимжсан бэ?

-Эмнэлэгт иргэдийн очер, дараалал үүсгэх, бөөгнөрөл хүлээгдлийг арилгах үүднээс эмнэлэгт үзүүлэх цаг захиалахаас эхлэн бүх төрлийн үйлчилгээг цахимжуулахаар болсон. ХСҮТ үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн цахим түүх буюу E-CART системийг нэвтрүүлснээр өвчтөн өөрийн өвчний тухай мэдээлэлдээ орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүссэн үедээ, хүссэн газартаа онлайнаар нэвтрэн үзэх боломжтой болсон. Үйлчлүүлэгч нар эрт ирдэг учраас гадаа хүлээлгэхгүй үүднээс цахим бүртгэлийн цагт зохион байгуулалт хийн үүдээ 7.30-с нээдэг болоод 7 сар боллоо. Хүмүүс таатай хүлээн авч байгаа. Бид цаг захиалгын тусгай дугаараар тогтмол үйлчилж байна. Ер нь олон юм ярихгүйгээр хэлэхэд, ХСҮТ-ийн хаалгаар ороод үзэхэд манай хамт олны хичээж буй нь шууд харагдана. Олон хүн шахалдан бухимдсан, харанхуй даасан эмнэлэг байхаа больсон. Цаашид хүн амын дунд хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах, хавдрын тусламж үйлчилгээний эрт илрүүлэг, мэс засал, хими, хөнгөвчлөх зэрэг боломжит тусламж үйлчилгээг иргэд орон нутагтаа түвэг чирэгдэлгүй авдаг болох, эрүүл мэндийн байгууллагуудын шатлал хоорондын болон салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдааг бэхжүүлэх, бодлого эрх зүйн орчныг сайжруулахад бидэнд хийх ажил их байна. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл бий болгоход, шинэ юмыг ойлгож хэрэгжүүлэх хэцүү, бэрхшээл ихтэй ч манай хамт олон хичээн ажилласаар байна. 

Arslan.mn

ХСҮТ-ийн тусламж үйлчилгээнд энэ жил шинээр нэвтрүүлсэн техник, технологийн талаар?

- 2019-2020 оны хугацаанд ХСҮТ-ийн хамт олон эмчилгээ оношилгоотой холбоотой нийт 19 шинэ технологийг нэвтрүүлсэн. Үүнд дурангаар хавдартай шулуун гэдсийг тайрч, анусын хуниасыг хадгалж залгалт хийх,  багалзуур, улаан хоолойг ходоодоор нөхөн сэргээх мэс засал, тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах зэрэг мэс заслын 15 гаруй шинэ технологийг нэвтрүүллээ. Үүнээс гадна молекул оношлогооны чадамжийг сайжруулсаны үндсэн дээр өндгөвч, хөх, тархины хавдрын бай эмчилгээг нэвтрүүлээд байна. Цаашид төрөл, хүртээмжийг сайжруулахаар зорьж байна. Хавдрын оношлогоонд  цитомегаловирус, эбштейн-баррын зэрэг вирусын шалтгааныг тодорхойлох шинжилгээг хийдэг боллоо.

Хавдрын эмчилгээ улам бүр олон төрөл болж өргөсөхийн зэрэгцээ нөхөн сэргээх мэс заслын ач холбогдол өндөрсөж байгаатай холбоотойгоор энэ жил Нөхөн сэргээх мэс заслын тасгийг шинээр байгууллаа. Тус тасаг нь бүхий л төрлийн нарийн ур чадвар шаардах нөхөн сэргээх зэрэг аргачлалуудыг нэвтрүүлж, хавдраар өвчлөгсөдийн амьдралын чанарыг сайжруулахад чухал нөлөө үзүүлж байна. Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийнхан “Dumna manipulator” ашиглан нэг зүслэгт хэвлийн дурангаар умайг бүхэлд нь авах технологийг нэвтрүүлж эхэллээ. Түүнчлэн элэг шилжүүлэн суулгуулсан өвчтөнд заалтаар Бөөр орлуулах үргэлжилсэн эмчилгээ (СRRT)-г хийдэг боллоо. Мэс заслын дараах өвчтөнүүдэд эхний өдрөөс нь эхлэн амьсгалын дутагдлаас сэргийлж спирометрийн дасгалыг хийлгэж хэвшүүлсэн нь энгийн мэт боловч эмчилгээний үр дүнд маш сайнаар нөлөөлж байна.

Өнгөрсөн жилүүдэд ХСҮТ-д 2 шугаман хурдасгуурт аппаратыг суурилуулан эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлснээр туяа эмчилгээний хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн бол энэ жил тархи нугасны хавдартай иргэдэд хамгийн сүүлийн үеийн цогц оношлогоо, эмчилгээг нэг дор үзүүлэх зорилгоор “Нейрo-онкологийн төв” байгуулж тархи, нугасны хавдрын тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх том зорилт бүхий төслийг Австрийн засгийн газрын санхүүжилтаар хэрэгжүүлэх гээд эхний шат нь үр дүнд хүрээд явж байна. Мөн үүнтэй зэрэгцэн Стереотактик биеийн туяа эмчилгээ (SBRT)-г элэг, уушиг, нойр булчирхай,  нуруу нугасны үсэрхийлсэн хавдруудад хэрэглэхийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Үүнээс гадна эмнэлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулж, стандартчлагдсан тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэх зорилгоор Стандарт үйл ажиллагааны заавар-ыг бүхий л тасаг нэгж, албадын хүрээнд боловсрууллаа. Хэдийгээр шинэ юм болгон хэцүү ч манай хамт олон байгууллагын амжилтын үндэс нь стандарт үйл ажиллагаа гэдэгт санал нэгдэн, энэ заавраа хэрэгжүүлж, засан сайжруулж, үндсэн хэрэглээ болгож нутагшуулахаар ажиллаж байна.  

Arslan.mn

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, эрсдэлийн менежментийн талаар хийгдэж байгаа ажлуудаас хуваалцаач?

Ер нь эмнэлгийн тусламж үйчилгээг үйлчлүүлэгчид хүргэнэ гэдэг маань тухайн үйлчлүүлэгчид хийгдсэн эмчилгээ үйлчилгээ аюулгүй, үр дүнтэй л байх ёстой юм. Үүнийг л нөгөө талаас чанартай гэнэ. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээнд ихэнх хүнд энгийн жижиг мэт санагдавч үр дүн нь хүний амь насанд хүрэх нөхцөл үүсгэх маш олон үйлүүд, үзэгдлүүд байдаг. Үүнийг бид эрсдэл гэж нэрлээд байгаа ч одоогоор тэр болгоныг хангалттай ойлгож чадахгүй байна. Тиймээс ХСҮТ чанарын удирдлагын, эрсдлийн удирдлагын тогтолцоогоо бүрэн ажилладаг болгохын тулд тодорхой алхамуудыг, тухайлбал үйл ажиллагаа бүхнээ стандартчилах, эмчилгээ оношлогооны нэгдсэн стандартыг бий болгох гэх мэтээр шинэчлэлүүдийг тасралтгүй хийсээр байна. Үүний үр дүнд байгууллагын хэмжээнд мөрдөгдөх журам, дүрэм, заавар, зөвшөөрлийн хуудсуудыг олон улсын стандарт JCI-ийн дагуу шинээр боловсруулж, шинэчлэн ажиллаж байна. Аливаа эмнэлгийн түвшинд үйл ажиллагааны шийдвэр гаргах үйл явцад тухайн чиглэлийн мэргэжилтнүүдийн оролцоог бүрэн хангах зорилгоор хороодыг дахин шинэчлэн, үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна. Эхнээсээ эрсдэл, аюулгүй байдлын хороо, эмнэлзүйн хороод маань идэвхтэй ажиллаж эхэллээ. Эмчилгээний өмнө тухайн эмчилгээний хүндрэлийг тооцох стандартчлалыг бүхий л тасаг тодорхой түвшинд хэрэгжүүлж байгааг улам бүр сайжруулахаар ажиллаж байна. Хөх болон умайн хавдрын эмчилгээ оношлогооны удирдамжыг дахин шинэчлэх ажил маань амжилттай хийгдэж умайн хүзүүний удирдамж эцэслэхэд бэлэн болоод байна.

Мэс заслын дараах хүндрэлийг Клавиен Диндогийн ангиллаар бүртгэж, сэргийлэх аргачлалыг ерөнхий мэс заслын тасаг шинээр хэрэгжүүлэн ажиллаж, хүндрэлийн өвөрмөц байдал, эмчилгээг оновчтой болгоход хэрэглэж эхэллээ.

Ариутгалын тасгаа бүрэн шинэчилж, ашиглалтад оруулсан?

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны төслийн үр дүнд Ариутгал халдваргүйжүүлэх тасгийг орчин үеийн стандартын шаардлага хангасан байдлаар шинэчлэн байгуулсан нь халдварын эрсдлээс хамгаалж, бууруулах чухал арга хэмжээ болсон. Эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулах зорилгоор амбулаторийн үзлэгийн кабинетийн тоог нэмэгдүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийлээ. Тухайлбал, радиологийн тасгийн болон мэс засал, яаралтай болон хагалгааны нэгдсэн тасгийн хэт авиан оношлогооны тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, хамгийн орчин үеийн хэт авиан технологийг хавдрын төв дээр суурьшууллаа. Дурангийн тасгийн тоног төхөөрөмжийг мөн шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлсэн гээд үйлчлүүлэгчийн чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг бүхий л талаар сайжруулж байна. Эм зүйн албаны үйл ажиллагааг сайжруулах, эмнэлзүйн эмзүйч нарын ажиллах боломжийг хангах зорилгоор нэгдсэн агуулахын системд орж, бүрэн засвар шинэчлэлийг хийлээ. Хагалгааны өрөөний зохион байгуулалт, тохижилт, техник хэрэгслэл нь дэлхийн түвшний мэс засал эмчилгээ хийдэг гэхэд итгэмгүй, бараг 1982 онд ашиглалтанд орсон үеийнхээрээ байсан. Тиймээс бид хагалгааны хэсгийг шинэчлэн, өргөтгөн тохижуулах ажлаа эхлээд байна.

Arslan.mn

Эх сурвалж: Өдрийн сонин, О.Туяа
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620252
25 эможи

DR. PRADHAN
2022-11-15 06:27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-11-15 06:27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
зочин
2021-01-17 10:39
Хавдарын хяналтанд 3дах жилдээ очиж үзүүлэх гэтэл 108тоотын эмч шинэ хүмүүсээ үзмээр байна гэж маш дургүй шинжилгээ бичиж ѳгсѳн.5жил хяналтанд байх ёстой гээ биздээ.Ѳвчтѳн гомдож эмзэглэж байна.Хяналтанд хэдэн жил үзүүлэх ёстой вэ.Энэ тал дээр мэдээлэл ѳгнѳ үү.
Иргэн
2020-10-08 21:01
Хавдар судлалын зарим нэг эмч нар маш удаан харилцаа муу. Хүнийг нааш цааш явуулж хугацаа алдуулж үхэлд хүргэдэг . Үнэн сэтгэлээсээ зөвлөгөө өгчих сэтгэл дутмаг нөхдүүд их байна. Сайн нь ч бас байгаа байх...
Alt
2020-10-08 19:48
Mash zus huduu oron nutgiinhan Mash ih hawdar r uvduj bna hot yvhaas tsaargalaad hotd hundersen shatandaa irj bn
Зочин
2020-10-08 11:43
Чинбүрэн шигээ шоучин гар шүү
Нараа
2020-10-06 23:44
Орон нутаг, баруун аймгуудын дунд, төв баруун зүүн гэх мэтээр тусгай хавдрын эмнэлэгтэй болбол зүгээр юм. Зугаалж явахдаа баруун аймгаас улсын нийслэлийг зорин эмчлүүлэхээр ийм хол зам туулдаг гэж бодсон чинь үнэхээр хэцүү санагдаж байлаа. Өвчтэй зовлонтой хүмүүс шүү дээ. Ирээд шууд хэвтэх боломж хэр билээ? Айлын хаяанд толгой хоргодож ад болно гэхээр мөн ч асуудалтай шүү дээ.
Нараа
2020-10-06 23:44
Орон нутаг, баруун аймгуудын дунд, төв баруун зүүн гэх мэтээр тусгай хавдрын эмнэлэгтэй болбол зүгээр юм. Зугаалж явахдаа баруун аймгаас улсын нийслэлийг зорин эмчлүүлэхээр ийм хол зам туулдаг гэж бодсон чинь үнэхээр хэцүү санагдаж байлаа. Өвчтэй зовлонтой хүмүүс шүү дээ. Ирээд шууд хэвтэх боломж хэр билээ? Айлын хаяанд толгой хоргодож ад болно гэхээр мөн ч асуудалтай шүү дээ.
Зочин
2020-10-06 19:04
Зочин
2020-10-06 13:29
keyboard_arrow_up