Н.ЛХАЖИЙ: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал, АУ-ны Магистр, Хүний их эмч Н.Лхажийтай ярилцлаа.
Таны хувьд УНТЭ-ийн Ерөнхий захиралаар томилогдоод удаагүй. Шинэ удирдлагын хувьд ямар бодлого, чиглэл барьж ажиллах вэ?
Миний хувьд УНТЭ-ийн Ерөнхий захиралаар томилогдоод хоёр сар болох гэж байна. Өмнө нь УНТЭ-д Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан. Энэ жил манай эрүүл мэндийн салбарын тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөх томоохон бодлогын өөрчлөлтүүд хийгдээд эхэлж байна. Энэ хүрээнд УНТЭ ч мөн ирэх 2021 оны нэгдүгээр сарын 01-ээс гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд бэлтгэх, ЭМЯ-ны бодлого, чиглэлтэй үйл ажиллагаагаа уялдуулах, хэрэгжилтийг хангах тал дээр ажиллаад явж байна. Манай эмнэлгийн хувьд улсын хэмжээнд 15 чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Жилдээ 25 мянга гаруй иргэн хэвтэн эмчлүүлж, 330 мянган хүн амбулаториор үйлчлүүлдэг. Төрөлжсөн төв эмнэлгүүд дундаа хамгийн ачаалалтай эмнэлгүүдийнхээ нэг нь. Улсын хэмжээнд сургалтын эмнэлгийн үүргээ давхар гүйцэтгэнэ, шинэ технологи, эмчилгээ үйлчилгээн дээр тасралтгүй ажиллана гээд үүрэг, хариуцлага их. МУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас салбарыг шинэчлэх, томоохон реформуудыг хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ хүрээнд бид олон ажилд манлайлан оролцох, хувь нэмрээ оруулан, ачаалал, ачааны хүндээс үүрэлцээд ажиллаж байна.
Дан УНТЭ мундаг гэх биш бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдээ, эмч мэргэжилтнүүдээ чадвартай сайн болгох нь бидний гол үүрэг гэж харж байгаа.
Зөвхөн танай эмнэлэгт гэхэд л ихэнх гол гол эмчилгээнүүд төвлөрсөн байдаг. Бөөр, урологи, эрэгтэйчүүд гэх мэт. Үүнийгээ дагаад очер дараалал нь ч дийлддэггүй. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Дан ганц эмнэлгийн бус салбарын тулгамдаж буй асуудал. Өнөөгийн манай эрүүл мэндийн салбарт тулгарч буй нэг бэрхшээл нь бүх түвшний эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал, боломжоос хамаарч тусламж, үйлчилгээний хүртээмж тэгш бус байгаа явдал. Жишээ нь улсын хэмжээнд тусламж үзүүлдэг гол эмнэлгүүд нь зарим тусламжийг дангаар буюу “өмчлөх” зарчмаар, өөрөөр хэлбэл иргэдийг өвчин эмгэгээр нь тухайн эмнэлгүүдэд “харьяалуулж” үзүүлдэг нь иргэдэд маш их хүндрэл, чирэгдлийг үүсгэж байна. Тухайлбал манай эмнэлэгт бөөр, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, цусны өвчнүүд, УГТЭ-т тархины цус харвалт, зүрхний шигдээс зэрэг тусламжийг дангаар үзүүлж байгаа нь төвлөрөлийг үүсгэж, улмаар иргэд яаралтай тусламжийг цаг хугацаанд нь авч чадахгүй байх зэрэг хүндрэлүүд тулгарсаар. Түүнчлэн зарим эмнэлгүүдийн тоног, төхөөрөмж, мэргэшсэн боловсон хүчний ялгаанаас болж мэс заслын бус, хүндрэлгүй, эмэн эмчилгээ шаардлагатай өвчлөлүүд нь аймаг, дүүргийн бус төв эмнэлэгүүд рүү чиглэж байгаа нь салбарын хязгаарлагдмал нөөцийг үргүй зарахад хүргэж байна.
Угтаа энэ төв эмнэлэгүүд нь эс, эд, эрхтэн шилжүүлэх, хавдрын, мэдрэлийн, зүрхний мэс заслууд болон судсан доторх ажилбарууд зэрэг өндөр технологи бүхий эмчилгээнүүдийг хийж байх учиртай юм.
Тиймээс Эрүүл мэндийн сайдын санаачилсан улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдлийг бууруулах ажлын хүрээнд “ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж эхэлсэн. Уг ажлын хэсэг нь эмнэлгүүдийн чадавхыг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээг жигд хуваарилах буюу иргэдэд эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжийг нээж өгөх юм. Ингэснээр дээрх бэрхшээлүүдийг шийдвэрлэх чухал алхам болж байгаа юм. Энэхүү ажлын хэсэгт миний бие мөн орж ажиллаж байгаа.
Энэ хүрээнд хийгдэж буй нэг гол ажил нь аймаг, дүүргийн эмнэлгүүдийн нөөцийн үнэлгээг хийх. Өөрөөр хэлбэл тухайн бүс нутгийн эмнэлэгт шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн судалгаа, мөн дэмжих үйлчилгээ буюу угаалга, ариутгал, эмийн хангамж, мэдээллийн технологи, эмнэлгийн техник зэргийг үнэлэх юм. Үүний дараа бид тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсноор тухайн чиглэлүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлж, зарим тохиолдолд мэргэжилтнүүдийг сэлгэн ажиллуулах, улмаар тухайн эмнэлэгт тус тусламжийг бие даан үзүүлэх боломжтой болгох хүртэл хамтарч, дэмжин ажиллах юм. Гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг дан ГССҮТ-өөс биш, нэг, хоёр, гурав, дүүргийн эмнэлгүүдээс тус тус авдаг болно. Бөөр, шээсний замын өвчлөлөө дан ганц УНТЭ гэлтгүй орон нутаг, дүүргийн эмнэлгүүдээс түлхүү авдаг болох юм. Бид жигд хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд авдаг болох том зорилгыг “хэрэгжүүлж” байгаа. Энэ удаагийн У.Хүрэлсүхийн Засгийн газар эрүүл мэндийн салбарыг сууриар нь өөрчлөх, шинэчлэх гол алхамуудыг хийсэн учраас дээрх зорилтууд биелэгдэх, хэрэгжих бүрэн боломжтой юм.
Танайх төв төрөлжсөн эмнэлгийн хувьд хөдөө, орон нутгийн эмнэлгүүдээ чадвахжуулахад ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?
Одоогоор бид “Салбарын хөгжилд хамтдаа” төслийн хүрээнд улс, аймаг болон дүүргийн хэд хэдэн эмнэлэгтэй хамтран ажиллаад эхэлсэн. Тухайлбал Улсын хоёр, гуравдугаар төв эмнэлгүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Өвөрхангай, Өмнөговь, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд, Говьсүмбэр аймгийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлгүүд, Чингэлтэй, Сүхбаатар болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран эмч, мэргэжилтнүүдээ сургах, ажлын байран дээр нь чадвахжуулах ажлууд ид хийгдээд явж байна. Орон нутгийн удирдлагууд бидний ажлыг дэмжиж, байрлаж байгаа эмч нарын байр болон нийгмийн асуудлыг шийдэж өгч байгаад бидний зүгээс талархалтай байгаа.
Ирэх онд 10-аад эмнэлэг, 2022 оноос бүх эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжинэ. Харин танай эмнэлэг өнгөрсөн хавар шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Ямар ахиц, дэвшил гарч байна вэ?
Энэ жилийн хувьд манай эмнэлгээс гадна УГТЭ, АӨСҮТ гэсэн улсын хэмжээний гурван эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэн. Иргэдийн дунд тус эмнэлгүүд нь хувьчлагдаж буй мэт ташаа ойлголт их байх шиг байна. Хагас бие даасан байдал гэдэг нь тус эмнэлэг засаглал болон санхүүгийн хувьд бие дааж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл эмнэлгийн бүхий л бүтэц болон санхүүжилтийг ЭМЯ, Сангийн яам хариуцдаг байсан бол одоо эмнэлэг бие дааж ажилласнаар бүтэц, хүний нөөцийн бүрдүүлэлт, санхүүгийн удирдлагын эрх мэдэл өөрт нэмэгдэнэ гэсэн үг. Гол зорилго нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, тусламж, үйлчилгээг ард иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд илүү нийцүүлэх, эмнэлгийн үр ашгийг нэмэгдүүлэх явдал юм. Өмнө нь эмнэлэгт хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээд тулгуурлан бүтцээ богино хугацаанд өөрчлөн зохион байгуулах, эмч, мэргэжилтний ажлын бүтээмж, үр дүнд үндэслэн цалин урамшууллыг тогтоох зэрэг шийдвэр гаргах эрх мэдэл хангалтгүй, санхүүгий хувьд баталсан зүйл анги хооронд зардлаа гүйлгэн зарцуулах эрх мэдэлгүй байлаа. Тухайлбал тог цахилгаанаа хэмнээд энэ хэмнэсэн мөнгөө бусад хэрэгцээтэй зүйлд зарцуулах эрх мэдэл хязгаарлагдмал байсан. Тэгвэл бие дааж ажилласнаар тусламж, үйлчилгээ үзүүлж олсон мөнгөө юунд хэрхэн зарцуулах талаар эмнэлэг бие даан шийдвэр гаргах боломж бүрдэж байгаа. Бие даасан эмнэлэгт ТУЗ байгуулагдаж байгаа. ТУЗ нь 9 гишүүнтэй бөгөөд төрийн төлөөлөл болох ЭМЯ, СЯ, ЭМДЕГ- ын төлөөлөл, эмнэлгийн ажилчдын 3 төлөөлөл, төрийн бус байгууллагын 3 төлөөлөл орсон байгаа. Тэгэхээр эмнэлгийн чухал шийдвэрийг төрийн байгууллага, эмнэлгийн ажилчид, төрийн бус байгууллага хамтран гаргана гэсэн үг. Энэ утгаараа бие даасан байдал нь эмнэлгийн засаглалын томоохон шинэчлэл юм. Улсын эмнэлгийн бие даасан байдалтай холбоотой бас нэг өрөөсгөл ойлголт яваад байдаг. Энэ нь улсын эмнэлэг бие даахаар тусламж, үйлчилгээ нь төлбөртэй болох юм байна гэж. Энэ бол огт тийм биш. Эмнэлэг улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалаас гол санхүүжилтээ авдгаараа авна. Өмнөх шигээ тодорхой хэмжээгээр төлбөртэй тусламж, үйлчилгээ явуулна. Гэхдээ энэ нь хязгаартай. Төлбөртэй үйлчилгээнээс олох орлого эмнэлгийн нийт санхүүжилтийн 5-10 хувиас хэтрэхгүй байх жишээтэй. Тэхээр бие даасан эмнэлгийн санхүүжилт одоогийн зарчмаараа л явна гэсэн үг. Саяхан эрүүл мэндийн багц хуульд орсон өөрчлөлтөөр нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжиж байна. Гол санхүүжүүлэгч, тусламж, үйлчилгээг эмнэлгүүдээс худалдан авах байгууллага нь ЭМДЕГ болж байна.. Бие даасан эмнэлэг эрүүл мэндийн даатгалаас үйлчилсэн хүний тоогоор санхүүжилтээ авах тул аль эмнэлэг ард иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлнэ, төдий чинээгээр даатгалаас санхүүжилтээ авна гэсэн үг.
Нэгдүгээр эмнэлэг мэдрэл, зүрх судасны өвчлөлийг богино хугацаанд оношлон, эмчлэх шинэ ангиографитай болжээ. Манай улсдаа анхын шинэ технологийн ангиографи гэж ойлгосон?
УГТЭ-ийн ачааллыг хуваалцах, төвлөрлийн сааруулах үүднээс манай эмнэлэг зүрхний шигдээсийн нэгжтэй, мэдрэлийн тасагтай болж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Энэ хүрээнд үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээгээ улам өргөжүүлэн Би-План ангиографийн шинэ загварын тоног төхөөрөмжийг Дүрс оношилгооныхоо төвд суурилуулсан. Энэхүү шинэ загварын хоёр рентген толгойтой аппартыг ЭМЯ-ны санхүүжилтээр авч байгаа. Ингэснээр үйлчлүүлэгчийн судсан доторх болон судаснаас гадна бүхий л төрлийн ангиографийн ажилбарт радиологийн оношилгоо болон эмчилгээнүүдийг хийх боломжтой болж байна. Үүнээс голчлон мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийн үед илүү өргөн хэрэглэгдэх юм. Маш олон давуу тал үүсч байгаа. Үйлчлүүлэгчиддээ тодосгогч бодисын хэрэглээг бууруулна, хугацаа хэмнэнэ, цацраг туяаны ачааллыг бууруулна, хамгийн бага цацрагаар орчин үеийн өндөр чанарын оношилгооны зураг гарна. Яг энэ төрлийн аппарат нь Монгол улсад хамгийн анхных гэдэгийг энд дурдах нь зөв болов уу. Бид энэхүү аппаратаараа тухайн эрхтэнг бүтэн шинжлэх боломжтой болж байгаа, өөрөөр хэлбэл тус апаарат нь Cone beam CT үүрэгтэй юм.
Манай улсын эмнэлгүүдэд нэг тоног төхөөрөмж байхгүйгээс болж иргэд гадаад руу зорих явдал их байсан бол одоо ЭМЯ-аас гадагшаа явах урсгалыг багасгах, эх орондоо оношилгоо, эмчилгээгээ хийлгэдэг болгох боломжуудыг бий болгож байгаа. Үүнд манай Би-План ангиографи орж байгаа юм.
Танай эмнэлгийн хувьд сэхээний буюу эрчим эмчилгээний тусламж, үйлчилгээг шат ахиулсан гэж байсан?
Шинэ Коронавирусын халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны захиалгаар УОК-ын санхүүжилтээр манай улсад анх удаагаа нэвтрээд байна. ECMO аппарат нь энгийнээр хэлбэл амьсгалын цочмог дутагдалд орсон буюу уушгины эсвэл зүрхний шалтгаанаас болж өөрөө амьсгалж чадахаа байсан хүний цусыг биенээс нь гадуур хүчилтөрөгчөөр баяжуулах аппарат юм. COVID-19-ийн үеийн болон бусад уушгины эмгэгүүд, зүрх гэнэт зогсох, зүрхний мэс заслууд, эрхтэн шилжүүлэх мэс заслын үед хэрэглэгддэг эмчилгээний арга. Манай улсын хувьд өмнө нь ганц ч ийм аппаратгүй байхад БНСУ-д 1600 орчим ЭКМО аппарат эмчилгээнд ашиглагддаг байх жишээтэй. Тиймээс энэ эрэлт, хэрэгцээг мэдэрч ЭМЯ-аас захиалга өгсөн. Энэхүү аппарат одоо бүрэн угсрагдаад дууссан. Эмчилгээнд бүрэн ашиглагдаж эхлээд байна. Манай улсын эрчимт эмчилгээ ЕСМО аппараттай болсноор нэг шат ахиж байгаа юм.
Танай эмнэлгийн хувьд цахим системийг үйл ажиллагаандаа эрт нэвтрүүлж эхэлсэн гэгддэг. Өнгөрсөн сард дүрс оношилгооны системээ нээсэн?
Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд, Дэлхийн банкны санхүүжилтээр эмнэлгүүдийг холбосон Дүрс оношилгооны нэгдсэн мэдээллийн сан болох PACS систем суурьлагдаж, ашиглалтад орсон. PACS буюу Picture archiving and communication system нь дүрсийг DICOM (Digital Imaging and Communications in Medicine) форматад хувирган Workstation (Ziostation 2.0) ашиглан боловсруулдаг систем юм. Ойлгомжтойгоор тайлбарлавал эхо, рентген, ходоодны дуран, КТГ зэрэг оношилгооны зураг, дүрс бичлэгүүдийг эмнэлэг хооронд интернетийг ашиглан шууд дамжуулах боломжтой болж байгаа гэсэн үг. Жишээлбэл алслагдсан аймгийн иргэн оношилгооныхоо хариуг авч Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болж байгаа юм. Тэгвэл эрүүл мэндийн байгууллагын хувьд зураг, эсвэл дүрсийг цаасан дээр хэвлэх, СД дээр буулгах зэрэг үргүй зардлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм. Энэхүү программ суурьлагдсанаар оношилгоо, эмчилгээнд дэвшил гарч байгаа ба харвалтыг эрт оношлох, цуллаг эрхтэний хавдрын эмчилгээний үр дүнг үнэлж, тодруулах, элэгний хавдартай хүмүүсийн мэс заслын эмчилгээний, уушгины хавдрын мэс заслын тайралт зэргийг нарийвчлалтай төлөвлөх боломж бүрдэж байгаа. Одоогоор Улсын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар төв эмнэлгүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Увс болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүд төвлөрсөн PACS ашиглан дүрсийг хоорондоо дамжуулан хадгалж байгаа бөгөөд удахгүй улсын хэмжээнд ашиглагдах юм.
Дараагийн дугаарт Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь Монгол улсын анхны цаасгүй эмнэлэг юм. Манай эмнэлгийн өвчтний түүх хөтлөлт, эмийн жор, лабораторийн шинжилгээ, дүрс оношилгоо зэрэг бүх л үйлчилгээ цаасгүй болсон. Эмнэлэг доторх үйл ажиллагаанаас гадна эмчийн үзлэгийн цаг авалт мөн л цахим хэлбэрт шилжиж байгаа. Тус эмнэлэгт өгсөн лабораторийн шинжилгээний хариуг Гэрэгэ киоскноос авч болдог болсон нь бидний хийсэн иргэдэд чиглэсэн томоохон ажлын нэг билээ. Өөрөөр хэлбэл Гэрэгэ киоск байрлах Монгол улсын аль ч газар шинжилгээний хариугаа авах боломж бүрдсэн юм.
Таныг ажлаа авснаас хойш шинэ эмчилгээний технологи нэвтэрсэн үү?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 5 хүн тутамд 1 хүн нь венийн судасны өвчинтэй байдаг гэсэн судалгаа байдаг. Доод мөчдийн өнгөц венийн бүдүүрэлт өвчин нь манай улсад элбэг тохиолддог, жилд ойролцоогоор 800 орчим мэс засал эмчилгээ хийгдэж байна. Өндөр давтамжит радио долгионоор түлэх энэхүү эмчилгээ нь орчин үеийн эмчилгээний арга бөгөөд манай улсад зарим хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийгдэж байгаа боловч үнэ төлбөрийн хувьд харьцангуй өндөр /7-9 сая төгрөг/ учир өнөөг хүртэл ойролцоогоор нийт 120 орчим тохиолдолд мэс засал эмчилгээ хийгдсэн байна. УНТЭ-н хувьд анх 2018 онд 2 үйлчлүүлэгчид энэхүү аргаар мэс засал хийсэн. Улсын эмнэлэгт энэхүү эмчилгээг ард иргэд эрүүл мэндийн даатгалын өндөр өртөгт тусламж үйлчилгээгээр авах боломж гарч ирсэн учраас доод мөчдийн өнгөц венийн судсыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээний эмнэл зүйн заавар гаргаж, энэ эмчилгээний аргыг албан ёсоор нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ орчин үеийн эмчилгээ нь мэс заслын шарх үүсэхгүй, мэс заслын дараах өвдөлт бага, эмнэлэгт хэвтэх ор хоног бага, эмчилгээний дараах эдгэрэлт хурдан зэрэг давуу талуудтай юм.
Эх сурвалж: Өдрийн сонин, Д.Туяа
|