ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор ирсэн 35 настай жолоочоос коронавирус илэрлээ
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Сүүлийн хоёр өдөрт дөрвөн лабораторид нийт 1,053 хүний сорьцод шинжилгээ хийхэд, нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Халдвар илэрсэн хүн нь аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 35 настай эрэгтэй, Монгол Улсын иргэн. Тухайн иргэнийг хяналтад авч, ХӨСҮТ-д авчран эмчилгээ эхлүүлээд байна.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 328 болсноос 312 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 16 хүний биеийн байдлыг үнэлбэл, 12 нь хөнгөн, 4 нь хүндэвтэр байгаа.
Дэлхийн дахинд 41.1 сая хүн коронавируст халдвараар өвчилж, 31.1 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас баржээ." гэлээ: