Л.БЯМБАСҮРЭН: 11 сарын 1-нээс 522 нэр төрлийн эмийг 30-70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, арваннэгдүгээр сарын 1-нээс бүх эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх болсонтой холбогдуулан өнөөдөр ЭМДЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "УИХ-аар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих, Бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон.
Энэ хуулийн хэрэгжилт арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс буюу Даваа гарагаас эхлэн хэрэгжинэ.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд шинэчилсэн жагсаалтаар 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр боллоо.
Хөнгөлөлттэй эмийн жор бичих эмчийн мэдээллийг /регистрийн дугаар бүхий/ эмнэлэг бүрээр цуглуулж цахимд бүртгэх ажил хийгдлээ. Одоо бүх шатлалын, улсын болон хувийн эмнэлгийн хүсэлт гаргасан нийт 6,500 гаруй эмч жор бичнэ.
Иргэдэд үзүүлэх хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүллээ. Иймд иргэддээ санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд оочер дугаар үүсгэхгүй тайван байж, өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас эмээ аваарай. Хөнгөлөлттэй эмийг авахдаа хурууны хээ таниулах боломжгүй хэвтрийн дэглэмтэй иргэд бий. Ийм тохиолдолд регистрийн дугаараар бүртгүүлж эмээ авах боломжийг бүрдүүлсэн.
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан 136 нэршлийн 522 нэр төрлийн эм нь олон улсын чанарын стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан эмүүдийг сонгосон.
Үнийн тухайд, и-баримт бүртгэлийн системийн зах зээл дээрх нэгжийн үнээр тодорхойлсон. Хамгийн дээд хязгаар нь бодитойгоор тогтоогдсон.
Түүнчлэн эмийн сангууд 14 хоног тутамд гүйцэтгэлийн тайлангаа ирүүлснээр эмийн хангамжийг нийлүүлнэ" гэлээ.