П.БАТЧУЛУУН: Тархины үхэлтэй донор найман өвчтөнд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ боломжтой
Өнөөдөр УНТЭ-т “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хурлыг ЭМЯ, ЭМХТ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, БНСУ-ын Рафаэл интернэйшнл ТББ, Вайталлинк, БНСУ-ын болон Монголын Ротари клуб хамтран зохион байгуулсан бөгөөд гадны зочид төлөөлөгчид цахимаар оролцсоноороо онцлогтой боллоо.
Хурлаар УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээ, мэдрэл судлал, харвалтын төвийн эмч нар болон шилжүүлэн суулгах багийн эмч нар, Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны мэргэжилтнүүд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай уялдуулан хийсэн өөрсдийн судалгааны ажлаа танилцуулан туршлага солилцлоо.
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун:
“Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний үеэр олон чухал асуудлууд яригдаж байна. Манай улсад жилд 500 орчим хүн ослоор, цусны даралт ихсэх өвчнөөр 4,000 орчим хүн нас барж байна. Тархины үхэлтэй донор нь найман өвчтөнд амьдрал бэлэглэх боломжтой байдаг. Харамсалтайгаар амь насаа алдаж байгаа эдгээр хүмүүсийн эд эрхтнийг тусламж хэрэгтэй хүмүүст шилжүүлэн суулгавал олон хүний амь насыг аврах боломжтой.
Дэлхийн улс орнуудад тархины үхэлтэй донороос гадна зүрх нь зогссон донорын эрхтнийг шилжүүлэн суулгаж байна. Манай улсын хэмжээнд 18 амьгүй донороос 41 хүнд эрхтэн шилжүүлэн суулгаад байна.
Өнөөдрийн байдлаар УНТЭ-т бөөр болон элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах, Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна. Манай багуудын үр дүн дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах төвүүдийн үйл ажиллагаанаас зарим талаараа илүү байна.
Донорын тухай хуулийн 13.2-д МУ-ын 25 насанд хүрсэн иргэн амьд ахуйдаа бусдын донор болж болно гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу донор болъё гэсэн саналууд иргэдээс ирж байгаа. Бид энэхүү үйл ажиллагааг хуулийн хүрээнд өргөжүүлэх үйл ажиллагааг хийж байна." гэлээ.