Л.БЯМБАСҮРЭН: Санхүүжилт нэмэгдсэн учир сарын эхний өдрүүдэд эм авах гэж ачаалал үүсгэх шаардлагагүй
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлэл хийлээ.
ЭМДЕГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН: "Өчигдрөөс эхлээд хөнгөлөлттэй эмийг шинэ журмаар олгож эхэлсэн. Олон эмийн сан цахимд холбогдсоноос болж хүндрэлүүд гарсан. Энэ зөрчлийг арилгахын төлөө манай холбогдох хүмүүс ажиллаж байна. Эмийн санхүүжилт урьдынх шигээ эхний нэг, хоёр хоногтоо дуусчихдаг зүйл биш болсон. Бид санхүүжилт нэмүүлсэн. Эмээ бичүүлээд санхүүжилт дуусчихна гэсэн асуудал байхгүй. Иргэд эм нь дуусаагүй бол заавал сарын эхний нэг, хоёр хоногтоо дугаарлах шаардлагагүй.
Урьд нь 3000 гаруй эмч жор бичдэг байсан бол одоогоор 6500 гаруй эмч бүртгэгдээд байна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг олон аргачлалаар судалж гаргасан. Монголд байгаа 5000 гаруй эм бүгд орох боломжгүй. Мэдээж зарим эм хасагдсан. Гэхдээ бид аргачлалдаа тааруулж жагсаалтаа гаргасан. Бид эмийн дээд үнийг эмийн сангуудын e-barimt дээр үндэслэн тогтоосон. Ийм учраас энэ бол бодитой үнэ. Амбулаториор эмчлэх, хянах боломжтой эмүүдийг жагсаалтад оруулсан.
Тусламж үйлчилгээний чанарын газрын дарга Х.СУВД-ЭРДЭНЭ: Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад жор бичих эмч нарын A, B, C, D гэсэн ангилал гаргасан. Үүний тусламжтайгаар анхан шатны эмнэлгийн эмч нар болон хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч нарын бичих эмийн жагсаалтыг заагаад өгсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зайлшгүй шаардлагатай даралтны эм зэргийг бичих боломжтой болгосон.