Л.ЦЭРЭНДОЛГОР: Хүүхэдтэйгээ ярилцаж, сонсохдоо тэднийг буруутгаж, шүүмжилж болохгүй
Коронавируст халдварын үед хүүхдийнхээ сэтгэлзүйг хэрхэн дэмжих талаар СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор зөвлөгөө өглөө.
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ чөлөөт цагийг хэрхэн өнгөрүүлэх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрүүлэхээ мэдэхгүйгээсээ болж дэлгэцийн донтолтод өртөх эрсдэл нэмэгддэг. Иймээс эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдийнхээ өдөр тутмын дэлгэцийн хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй. Үүнээс гадна өдөр тутамд юу хийж болох талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, хийх ажлын хуваарь боловсруулан гаргаснаар хүүхдийнхээ өдөр тутмын хийж байгаа зүйл дээр хяналт тавих боломжтой.
Өдөрт юу хийж болох вэ?
- Бага насны хүүхдүүдэд 10-20 минутын хугацаанд сонирхолтой зурагт ном уншиж өгөөд тухайн номон дээр гарсан үйл явдал, агуулгын талаар эргэн ярилцаж болно. Ингэснээр хүүхдийн анхаарал төвлөрөлт сайжирч, өдрийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой болдог.
- Хүүхдэдээ зураг зурах, баримлын шавраар ямар нэгэн бүтээл хийх, цаасаар хайчилбар хийх, дуу, бүжиг сурах зэрэг хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх олон аргууд байдгийг сонгон авч хэрэгжүүлж сургаарай. Ингэхдээ хүүхдээ хийгээрэй гээд орхиж болохгүй, харин хамтран хийж хөл хорионы үед хүүхдийнхээ сэтгэл зүйг дэмжиж, дурсамжтай цагуудыг бүтээх боломжтой юм.
Дэлгэцийн хэрэглээнд хэрхэн хяналт тавих вэ?
- Бага насны буюу 2 хүртэлх насны хүүхдэд дэлгэц огт хэрэглэхгүй байхад нь анхаараарай. Харин энэ үед хүүхэдтэйгээ хамт тоглож, ярилцаж, амьд харилцаа тогтоох нь чухал байдаг.
- 2-5 буюу сургуулиас өмнөх цэцэрлэгийн насны хүүхдэд дэлгэцийн хэрэглээнд хяналт тавьж, өдөрт 1 цагаас хэтрүүлэхгүйгээр зохицуулалт хийх хэрэгтэй. Гэхдээ 1 цагийн турш үргэлжлүүлэн хэрэглүүлж болохгүй. Харин дунд нь 2-3 удаагийн завсарлагатай хэрэглүүлснээр хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах боломжтой болдог.
- 6-12 насны буюу сургуулийн бага ангийн хүүхдүүдийн хувьд дэлгэцийн хэрэглээг өдөрт 1 цаг 30 минутаас 2 цагийн хооронд тохируулж хэрэглүүлэх ёстой. Ингэхдээ мөн адил завсарлагааг мартаж болохгүй.
- 13-19 насны буюу өсвөр насны хүүхдийн нийт дэлгэцийн хэрэглээ хоногт 3 цагаас хэтрэхгүй байх тал дээр анхаарч хяналт тавиараарай. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагч нар завсарлагааг огт мартаж болохгүй. Энэ үеэр хоол цайг идүүлэх, амраах, унтуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүдийн дархлааг дэмжиж, сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах, дэлгэцийн донтолтоос сэргийлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалж, дэмжиж байгаа гэсэн үг.
Хүүхдийн мэдрэмжийг нээхэд нь тусалж, зөвлөж, сонсож өгөх хэрэгтэй. Хүүхдүүд өмнө нь өдөртөө, гадаа гарч найзуудтайгаа тоглож, сургууль цэцэрлэгтээ явж нийгмийн харилцаанд оролцдог байсан. Харин хөл хорио тогтоосноор энэ харилцаа үгүй болж, яваандаа хүүхэд уурлаж, бухимдах, түрэмгий авир гаргах, өмнө нь гаргаж байгаагүй зан авирыг үзүүлж болно. Иймд хүүхдийнхээ санал бодлыг нь хуваалцаж, мэдрэмжийг нь ил гаргаж өгөхөд нь сайн дэмжих хэрэгтэй. Найз нөхөдтэй нь холбоо харилцааны хэрэгслүүдийг ашиглан холбоотой байлгах, өөрсдөө хүүхдүүдтэйгээ янз бүрийн сэдвээр ярилцан нийгмийн харилцааны хэрэгцээг нь хангаж өгөхийг хичээгээрэй.
Хүүхэдтэйгээ ярилцаж, сонсохдоо тэднийг буруутгаж, шүүмжилж болохгүй. Мөн яриаг нь тасалж өгөлгүй анхааралтай сонсож өгөөрэй.