Сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийн 1800200 дугаарт ирэх дуудлага энгийн үеийнхээс 9-10 дахин өссөн
COVID-19 халдвараар өвчилж, эдгэрсэн 147 хүнд сэтгэл санаанд ямар өөрчлөлт гарсан талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс судалжээ. Судалгаанд хамрагдсан иргэд нь Монгол Улсад батлагдсан тохиолдлууд юм.
Уг судалгааны талаар СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл "Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 147 хүнээс сэтгэл санаанд гарсан өөрчлөлтийн талаар судлахад
- сэтгэл түгшилт 21 хувь,
- сэтгэл гутрал 6.8 хувийн тархалттай байгаа нь тогтоогдсон.
- Мөн нийт хүн амтай харьцуулахад эдгэрсэн хүмүүсийн нойрны өөрчлөлт 4.1 хувь байна.
Нийт хүн ам тайван байх шаардлагатай байна. Стресс бол амьдралд байдаг л зүйл бөгөөд хэрхэн тайлахаа мэддэг байх нь чухал юм. Дургүйцэх, уурлах, хэн нэгнийг гүтгэх, муулах, гуниглах, нойргүйдэх нь стресст орсныг илтгэнэ. Үүнийг даван туулах бүрэн боломжтой.
Стресс тайлах нь амархан бөгөөд хөл хориог сунгасан энэ хугацаанд юу хийвэл үр дүнтэй байхыг төлөвлөх хэрэгтэй. Энэ нь стрессийн эсрэг тэмцэж буй зохист арга юм. Харин сөрөг мэдээллийг ихээр хүлээн авах нь стрессийг улам нэмэгдүүлнэ. Иймд эерэг, албан ёсны мэдээллийг л авч байх хэрэгтэй" гэв.
Түүнчлэн иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө хүргэдэг 18002000 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө авах нь ойрын өдрүүдэд ихэсжээ. Тодруулбал, "Уг дугаарт ирэх дуудлагын тоо энгийн үеийнхээс 9-10 дахин өссөн. Уржигдар 18002000 дугаарт 136 дуудлага ирсэн бол өчигдөр 109 дуудлага ирж, иргэд зөвлөгөө авсан" хэмээн СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл мэдээлэв.
18002000 дугаар нь 24 цагаар ажилладаг бөгөөд мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгдөг юм.