Н.Лхажий: Улсын I төв эмнэлэгт коронавирусийн сэжигтэй болон батлагдсан тохиолдол гараагүй
Улсын Нэгдүгээр төв Эмнэлэгт коронавирусийн сэжигтэй болон батлагдсан тохиолдол гараагүй болохыг удирдлага нь албан ёсоор мэдэгджээ.
Улсын Нэгдүгээр Эмнэлгийн Ерөнхий захирал Н.Лхажий “Манай байгууллага дээр сэжигтэй болон батлагдсан тохиолдол гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Харин ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас хийсэн тандалтын дагуу манай эмнэлэгт мэдээлснээр батлагдсан тохиолдлын 2-р дугаар зэргийн хавьтагчтай манай эмнэлэгт гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нэг ажилтанг хавьтал болсон байх магадлалтай гэсэн чиглэлийн дагуу бид урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээг авч тусгаарласан.
Бид ХӨСҮТ-өөс чиглэл ирэхэд тухайн ажилтнаас түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээг хийхэд хоёул сөрөг гарсан. Тухайн ажилтантай хавьтал болсон хүмүүсийн шинжилгээг шуурхай авахад бүгд сөрөг гарсан.
Ажилтанд Covid-19-ийн ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй биеийн байдлыг өдөр бүр хянаж байна. Мөн хавьтагчийг тусгаарлах журмын дагуу бүх арга хэмжээг авч ажиллаж байна.
Эмнэлгүүд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой халдвар хамгааллын чанга дэглэм дор эмнэлзүйн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйгээр хэвийн явагдаж байна. Ард иргэд маань аливаа нэг мэдээллийн хэрэгсэлд шүүлтүүртэй хандаж, албан ёсны үнэн бодит мэдээллийг бусдад дамжуулж байхыг хүсье” гэжээ.
Эх сурвалж: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг