БЗД-ийн дөрвөн иргэний давтан шинжилгээ СӨРӨГ гарчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 17-18-ны өдрүүдэд коронавирусийн хэд хэдэн сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн.
Тухайлбал, дүүргийн 4, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дөрвөн иргэнээс авсан PCR шинжилгээнд коронавирус илэрсэн бол 6, 26 дугаар хороонд түргэвчилсэн шинжилгээгээр илэрсэн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн тул дүүргийн Засаг даргын захирамжаар хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоосон.
Харин өчигдөр 20 цагт 6, 26 дугаар хорооны дөрвөн иргэний PCR хариу бүгд сөрөг гарсан байна.
Тиймээс дүүргийн Засаг дарга өчигдөр гаргасан эдгээр хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах тухай 536, 539 дүгээр захирамжуудыг хүчингүй болгожээ. Харин дүүргийн 4, 9 дүгээр хороотой холбоотой захирамж гарах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.