Л.Бямбасүрэн: Хөнгөлөлттэй эмийн тасалдал үүсгэхгүй байх үүднээс санхүүжилтээ урьдчилан шилжүүлж байна
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Ковид-19 цар тахлын үед хөнгөлөлттэй эмийн тасалдал үүсгэхгүй байх, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх арга хэмжээ авах талаар ЭМДЕГазрын дарга Л.Бямбасүрэнтэй холбогдож ярилцжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн "Эмийн тасалдал үүсгэхгүй байх үүднээс ЭМДЕГ-аас гэрээтэй бүх эмийн сангууддаа санхүүжилтээ урьдчилан шилжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн иргэд одоогоор оношийн дагуу өөрийн карт дээр жор бичүүлсэн бичилтээ өрхийн эмнэлэгтээ үзүүлж хөнгөлөлттэй эмээ бичүүлж авах боломжтой байгаа бөгөөд үүнийг 12 сард үргэлжлүүлэхээр боллоо. Тиймээс иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид дахин очиж үзүүлэлгүй энэ 11,12 сардаа анх бичүүлсэн жороороо хөнгөлөлттэй эмээ өрхийн эмнэлгээсээ бичүүлж авах боломжтой болж байна. Мөн ариутгал, цэвэрлэгээний бодис, хэрэглэлээр анхан шатны нэгжүүдийг хангахад Эрүүл мэндийн сайдыг анхаарч ажиллахыг чиглэл болголоо. Цар тахалт халдварт өвчний үед иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүй байх үүднээс Нийгмийн бодлогын байнгын хороо, ЭМЯ, ХНХЯ, ЭМДЕГ хамтран анхаарч ажиллаж байна." хэмээжээ.