Улаанбаатарт 3 тохиолдол нэмэгдэж, халдвартай хүний тоо 99 боллоо
Өнөөдөр 11 цагийн байдлаар Улаанбаатар хотод шинэ гурван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хотод голомтлон гарсан халдварын тоо 99 боллоо. Эдгээр нь нийслэлийн долоон дүүргийн 31 хороонд бүртгэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод 3 тохиолдол шинээр бүртгэгдсэний хоёр нь өмнөх хавтлын давтан шинжилгээ бол нэг нь өчигдрийн автобус баазын жолоочийн хавьтал болсон хүн байна. Жолоочийн ойрын, нэг унаагаар ажилдаа явдаг хүнээс илэрсэн. Автобус баазын нийт 512 хүнийг шинжилгээнд хамруулахад бусад хүнээс халдвар илрээгүй" гэлээ.
Коронавируст цар тахлын эрсдэлээс сэргийлж, “Нэг өрх-нэг иргэн” аяны хүрээнд нийслэлийн 70 гаруй мянган иргэнд тандалтын шинжилгээ хийхээр боллоо. Шинжилгээг Улаанбаатар хотын есөн дүүргийн 30 цэгт өчигдрөөс зохион байгуулж эхэлсэн юм.
Тухайлбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 4, Чингэлтэй дүүрэгт 2, Багануур дүүрэгт 2, Налайх дүүрэгт 2, Багахангай дүүрэгт 1 цэг бий.
Баянзүрх дүүргийн 28 хорооноос 4-7, 9-10,12,14-16,18, 22, 25-26 дугаар хорооны 20 090 иргэнийг энэ сарын 4-8 нд шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.