Улсын гуравдугаар төв эмнэлэг 15 АМЬСГАЛЫН АППАРАТЫГ хүлээн авч, ажиллуулж эхэлжээ
ЭМЯ-аас Ковид-19 халдварын үед эрчимт эмчилгээний тасгуудыг орны хүчин чадлаас нь хамааран амьсгалын аппаратаар хангах ажлууд улсын хэмжээнд хийгдэж байна. Энэ удаа III шатлалын эмнэлэгүүдэд ХБНГУ-ын Драгер брэндийн 175 амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан хүлээлгэн өгсөн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ ажлын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг 12 дугаар сарын 5-ны өдөр ЭМЯ-наас хуваарилсан “Драгер” амьсгалын аппарат 15-ыг хүлээн авч, суурилуулан ажиллуулж эхэлжээ.
Ковид-19 халдварын үед тус эмнэлгээс эрчимт эмчилгээний 50 ор, тусгаарлан эмчлэх 200 орыг дэлгэн ажиллуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна. Ялангуяа цар тахлын халдварын дэгдэлтийн үед зүрх судас,мэдрэл, харвалт шигдээсийн болон мэдрэлийн мэс засал, зүрхний мэс засал, мөн уушгины эмгэгийн лавлагаа тусламжийг тасралтгүй үзүүлж байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах хүрээнд дэлхийн бренд, чанарын шаардлагыг бүрэн хангасан, эдэлгээ урттай, уушгины дистресс хам шинжийг эмчлэх стандарт хангасан амьсгалын аппарат хуваарилсан явдалд тус эмнэлгийн нийт эмч, ажилтнууд Эрүүл мэндийн сайд болон бусад албаны хүмүүст талархалтай байгаагаа илэрхийлж байна.