Шинэчлэлийн цулбуурнаас атгаад зүтгэж буй эрүүл мэндийн салбарынхны ажлыг нь хийлгэе
Хүн төрөлхтний түүхэнд цар тахал буюу пандемик халдвар олон гарсан байдаг. Олон сая хүн цар тахлын улмаас энэ хорвоог орхиж. Хамгийн сүүлийн дэлхий дахиныг донсолгосон цар тахал Испани ханиад байжээ. Одоогоос яг 100 жилийн өмнө болсон уг тахлаар 500 гаруй сая хүн халдвар авч 50 гаруй сая хүн нас барсан гэх мэдээлэл байна. Өнөөдрийн шинжлэх ухаан технолгийн дэвшил өндөр хөгжсөн нийгэмд үүнтэй төстэй цар тахал гараад, ингэж сандаргана гэж хэн санах билээ. 100 жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхий улс орон хүн зон нэг нэгнээсээ дэндүү гэмээр хамааралтай интеграцид оржээ. Эдийн засагаа бодох уу, эрүүл мэндээ бодох уу гээд улс орон бүрт хүндхэн сорилттой тулгарч байна.
Цар тахал эхэлснээс хойш жил орчмын хугацаанд манай эрүүл мэндийн салбар олон нийтийн байнгын анхааралд байна. Янз бүрээр л ярих. Дэмжиж туслах нэгэн байхад харлуулж, хутгах олон ч байх юм. Энэ удаа салбарын хэмжээнд хийгдэж буй, хийхээр хүлээгдэж буй, ойрын ирээдүйд иргэдэд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх, шинэчлэлийн бодлогын талаар хуваалцая. Аливаа ажлыг хийх хэцүү, хийж буйг шүүмжлэх хамгийн хялбар байдаг. Дундуур хувин цалгих нь амархан дутуу мэдлэг дүгнэх дээ яарам гэдэг дээ... Гэхдээ миний хувьд шүүмжлэх гэхээсээ шинэчлэлийн томоохон цулбуурнаас атгаад зүтгэж буй тэднийгээ өмөөрөх үүднээс үүнийг сийрүүлж сууна.
Ойрын үед эрүүл мэндийн яамны хийж буй ажлыг бүлэглэж үзвэл 4 томоохон хэсэгт хувааж авч болохоор байна.
- Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл. Нэг худалдан авагчийн систем нэврүүлэх ажил. Хэрэгжиж эхлэх хугацаа 2021 оны 01 сарын 01.
- Эмнэлгүүдийн хагас бие даасан байдлыг хангах. Хэрэгжүүлэх хугацаа: 2020-2022 он
- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль. Уг хуулийн шинэчилсэн найруулга одоо УИХ хэлэлцэгдэж байгаа.
- Ковид -19. Дотоодод тархаад буй цаг мөч.
Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл:
Өмнөх нийтлэлээрээ энэ талаар дэлгэрэнгүй бичсэн. Энд товч дүгнэлт байдлаар бичье. Ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт санхүүгийн бүх эрх төвлөрч байгаа гэж ойлгож болно. Нөгөө талаар эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайд төсөв захиран зарцуулах эрхээсээ бүрэн татгалзаж байгаа юм. Өмнөх жилүүдэд төрийн ба орон нутгийн өмчит эмнэлэгүүдийн санхүүжилт ЭМЯ сайдын багаар дамжиж батлагдаж, хувиарлалт хийгддэг байсан бол одооноос уг төсөв шууд эрүүл мэндийн даатгалын сан руу орохоор боллоо. Улмаар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэгдсэн байдлаар тусламж үзүүлэгч байгууллагуудаас (эмнэлэг) иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг худалдаж авна гэсэн үг. Үүнийг нэг худалдан авагчийн систем гээд байгаа юм. Энэ систем 2021 оноос эхлэхээр одоо бэлтгэл ажил ид хийгдэж байна. Амаргүй ажил. Системийн хувьд бүх байгууллага нэг журамд орох, нэг хэлээр ойлголцох тун төвөгтэй. Хэрэгжиж эхлэх хугацаа хаяанд тулчихсан энэ үед тэд өдөр шөнөгүй л ажиллаж байгаа.
Эмнэлгүүдийн хагас бие даасан байдлыг хангах:
2016 оны 04 сарын 22-нд манай эрүүл мэндийн салбарт цоо шинэ нэгэн хууль мэндэлсэн. Энэ хууль бол эмнэлгийн тусламжийн тухай хууль юм. Уг хуулиар өмнө тодорхойгүй байсан олон харилцааг зохицуулж өгсөн нь энэ хуулийн амин сүнс. Хууль батлагдсантай холбоотой эрүүл мэндийн тухай хуульд бүрэн шинэчлэгдсэн гэж болохоор өөрчлөлтүүд ч орсон байдаг. Эмнэлгийн тусламжийн тухай хууль эмнэлгүүдийн засаглалыг тодорхой болгосноороо онцлогтой байв. Уг хуулиар төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгүүдийг төлөөлөн удирдах зөвлөлтэй (ТУЗ) болгож хагас бие дааж үйл ажиллагаа явуулах боломжийг хуульчилсан байдаг. Бие даасан энэ үйл ажиллагааны хэлбэр нь хувьчлал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн үед хуулийн үйлчлэх хугацаа 2017 оны 01 сарын 01 нээс гэж баталсан байдаг боловч 2016 оны сонгуулийн дараах шинэ засгийн газар эмнэлгийн ТУЗ- тэй холбоотой заалтын үйлчлэх хугацааг 2021 оны 01 сарын 01 болгож хойшлуулсан. Харин 2020 оны төсөв батлагдах явцад ЭМС Д.Сарангэрэл уг заалтын үйлчлэх хугацааг 1 жилээр наашлуулж 2020 оны 01 сарын 01 болгосноор өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндсэний төв зэрэг 3 эмнэлэг хагас бие даасан хэлбэрээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл эдгээр эмнэлгүүд ТУЗ байгуулж, гүйцэтгэх удирдлагаа өөрсдөө томилоод ажиллуулж байгаа гэсэн үг. 2021-2022 онуудад үлдсэн төрийн ба орон нутгийн өмчийн эмнэлгүүд ТУЗ байгуулж, гүйцэтгэх удирдлагаа сонгоод явахаар бэлтгэл ажил хийгээд явж байна. Үүний бэлтгэл ажил гэж чамлахааргүй их байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Нөгөө талаар ЭМЯ, Эрүүл мэндийн сайд өмнө нь өрөө шууд томилдог байсан, харьяаны 18 эмнэлгийн дарга томилох, чөлөөлөх эрхээсээ татгалзаж байгаа хэрэг юм. Төвлөрлийг сааруулах тухай бид байнга л ярьдаг гэтэл энэ сайн үлгэр жишээ ажил биш гэж үү. Ямартай ч 2024 оны сонгуулийн дараагаас сонгууль бүрийн дараа эмнэлгийн дарга солигдоод байдаг энэ буруу жишиг байхгүй болох нь.
Дээрх 2 ажлын хүрээнд гэхэд л ЭМЯ, Эрүүл мэндийн сайд хоёр томоохон эрх мэдлээсээ татгалзсан байдаг. Нэг нь мөнгө, нөгөөдөх нь томилох, чөлөөлөх эрх мэдэл. Хуучин даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байрлуулж хүүний орлого олох нэрийдлээр тухайн сайд, эрх мэдэлтнүүд мөнгө хийдэг гэсэн хардлага бишгүй дээ л нэг сонсогдож байсан. Зарим нэг дарга ял шийтгэл хүртэл сонсоод авсан. Зарим мөнгө нь дампуурсан банкаар дамжаад алга болсон. Харин одооноос энэ байдал бас л өөрчлөгдөж, сангийн чөлөөт үлдэгдлийг төрийн сан дээр байршуулахаар болж байна. Энэ бас сайн жишиг биш гэж үү.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль:
Энэ хуулийн анхдагч эх нь 1998 онд батлагдсан эмийн тухай хууль. 2006 онд нэмэлт өөрчлөлт орж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай нэртэй болсон. 2010 онд уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж одоо нэгэнт 10 жил өнгөрчээ. Хуулийг өөрчлөх, шинэчлэх хэрэгцээ амьдарлаас л ургаж гардаг. Олон зүйлийг зохицуулах шаардлагын үүднээс 2019 оны 05 сард уг хуулийн шинэчилсэн найруулгийг УИХ-д өргөн барьсан байдаг. Мэдээж үүний ард олон судалгаа шинжилгээ гээд энгийн иргэд бидний ой тойнд буухааргүй их ажил өрнөж байгаа нь тодорхой. Энгийн иргэд бид аливаа ажлын үр дүнг голдуу хардаг. Харагдахгүй байгаа өчнөөн процесс түүний ард явдгийг тэр бүр ойлгодоггүй. Хараагүй зүйлээ хийгээгүй, хийхгүй байна гээд дүгнээд явчихдаг. Яахав тархины танин мэдэхүйн алдаа байх. Гэхдээ мэдээжийн зүйлийг шүүмжлээд байгаа зарим нэгнийг харахаар хувийн л эрх ашиг байдаг байхдаа л гэж бодогдоно.
Энэ хуулиас бидэн юуг хүлээх бэ? Хуулийн төслийг уншиж байхад олон зүйлийн өөрчлөлт гарахаар харагдана. Ямартай ч өнгөрсөн 2020 оны 08 сарын 28 оны өдрийн төсвийн тодотголын хүрээнд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулахаар нэмэлт өөрчлөлт орсон. 2021 оноос уг хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхлэх бөгөөд тусдаа агентлаг байгуулагдах нь. Одоогийн өргөн бариад, хэлэлцэгдэж буй хууль батлагдсан тохиолдолд ядахдаа л бид чанартай, түүндээ тохирсон үнэтэй эм худалдан авах боломж бүрдэх юм. АНУ -д эмийн үнийг чөлөөт зах зээлийн зарчмаар явуулдаг. Уг улсын нэг иргэн жилдээ 1220 америк доллар зарцуулдаг бол, үнийг зохицуулалт доторхой хэмжээнд хийдэг Канад улсын хувьд 832 америк доллар зарцуулдаг байна. Бидний хувьд баримжаалсан тооцооллоор нэг иргэн жилдээ дунджаар 45 орчим америк долларын эм зарцуулдаг байна. Чанартай эм үнэтэй байдаг байх нь. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд манай улсын иргэд гадаад руу явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ их авах болсон. Тухайн улсад үндсэн эмчилгээ хийгээд үргэлжлүүлэх шатны эмчилгээ Монголдоо ирж хийлгэх шаардлагтай тулгардаг. Харин энэ хуулийн шинэчлэлээр иргэн хүний хувийн хэрэгцээний эмийг гаалиар оруулах асуудлыг тусгай заалтаар шийдвэрлэх гэж байгаа нь сайшаалтай. Энэ мэт та бидэнд талх мэт хэрэгцээтэй, үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслөө батлуулахаар тэд ажиллаж байна.
Энэ мэт томоохон ажлын ард гарчих санаатай ажиллаж л байгаа. Зөвхөн энэ гурван ажлын өгөөж бидэнд хүндрэл чирэгдэлгүй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлбэрээр бидэнд ирэх юм. Энэ бидний хүсээд байдаг зүйл биш гэж үү. Нэгэнт өдий олон жилийн хугацаанд тогтолцооны олон гажуудал үүсч хэлбэржээд байр байрандаа дошсон бух мэт хэрсэн олон бэрхшээлийг засаж залруухад нэг өдөр нэг жилийн ажил биш гэдгийг та бүхэн эрхбиш ойлгож байгаа. Дээрх бүгдээс дүгнэж харвал нөгөө жинхэнэ шүдгүй арслан гэгч нь Эрүүл мэндийн сайд л болж байна. Залуу сайдын хувьд том, том асуудлыг шүүрч авч байгаа зоригтой алхам. Магадгүй өөр хэн нэгэн байсан бол хаширлаад, арагшаа суухыг, аядуу зөөлөн хандах байсныг үгүйсгэхгүй юм. Гэхдээ л тэр ханцуй шамлан ард нь гарахаар үзэж байна. Арагшаа сууж, алгуурласан бол тэр нэр хүндээ хадгалах ч бид асуудалтайгаа л үлдэнэ.
Ковид -19:
Энэ өвчний талаарх мэдээлэл иргэдэд ихдээгүй гэхээс багадаагүй. Энэ жил хэлд орох хүүхдийн хэлэх эхний хэдэн үгний нэг короно гэх үг байх биз. Эрүүл мэндийн салбарынхан маань өдөр шөнөгүй л ажиллаж байна. Манай улсын эрүүл мэндийн салбар битгий хэл дэлхий ч ийм нөхцөл байдалд ховорхон ордог. Иргэдийн эрүүл мэндийн салбарынханд хандах хүлээлт ч өндөр байх шиг байна. Өнөөдөр ковид -19 бүртгэгдээгүй улс орон гэж дэлхийд алга. Бүр өдөртөө шинээр ковид -19 манай улсад илэрсэнгүй гэж бахдалтайгаар зарлаж байгаа улс алга. Ерөнхийдөө дэлхий ковид-19 тэй цуг амьдарч байна. Дэлхий хэзээ ковид-19-өөс салах, хэзээ бүрэн ялах талаар ярихад ч эрт байна.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхныг баалах мэдээлэл олон л байна. Ажил хийж явахад хамгийн хүчтэй цохилт хамгийн ойроос ирдэг гэдэг шиг өөрийн салбарынхнаас маань илүү хүчтэй цохиод байх шиг санагдана. Тэд маань тийм муу ажиллаад байгаа гэж үү? Үүнд дараах 3 зүйлээр тайлбар хиймээр санагдлаа.
- Манайх илүү өндөр үнээр эмчилгээ хийж байгаа юу. Эмчилгээний зардалтай холбоотой асуудал саяхан хэвлэл, мэдээллээр л нэг юм боллоо. Нэг тохиолдлыг 8 сая төгрөгөөр эмчилж байна. Ганц нэгхэн витамин С уулгачихаад яахаараа ийм өртөгтэй байдаг юм.... гэх зэрэг шүүмж өрнөлөө. Энэ бол халдварт өвчин. Ялангуяа агаар дусал, ахуйн замаар халдварладаг, халдвар тараах чадамж маш өндөр өвчин. Эмчилгээний зардалд зөвхөн витамин С -р тогтохгүй, вирусийн эсрэг эм, тариа, маш олон урвалж оношлуур, оношилгоо (зөвхөн уушигны компьютер томографи гэхэд нэг хүн багадаа 3 удаа давтан хийгдэнэ, PCR шинжилгээг 7 хоног тутамд гэх мэт) шинжилгээ, хамгаалах хувцас хэрэглэл, өвчтөний хоол, ариутгалын бодис, орон нутгаас тээвэрлэн авчрах гээд их олон чиглэлийн зардал орж байгаа гэж үзэж байна. Тэдгээрийн нийлбэрээр уг өртөг гарсан болов уу. Нөгөө талаар дэлхий дахинд нэг тохиолдлыг хэдээр эмчилж байгааг сонирхлоо. Интернет дээр хэд хэдэн орны материал байж л байна. АНУ гэхэд нэг тохиолдлын эмчилгээ хүнд хөнгөнөөсөө хамаараад USD 34000-45000 хэлбэлзэж байна гэжээ. Манайхаас даруй 12 дахин их зардлаар эмчилж байна. Өнөөдөр АНУ ковид-19 өвчний өвчлөл, нас баралт ямар байгаа билээ. Манай эмч нар ямартай ч өнөөдрийн байдлаар нэг ч эндэгдэлгүй л эмчилж байна. Энэ үр дүн биш гэж үү? Нас баралт 100 хувь эмнэлгээс хамаардаггүй зүйл л дээ. Цаашдаа нас баралт бүртгэгдэх ч магадлалтай. Хувь хүний биеийн байдал, суурь өвчин, нас зэргээс хамаарах хамаарал арай илүү өндөр байна.
- Монгол эрдэмтдийн урвалж оношлуур, вакциныг яагаад ашиглахгүй байгаа бэ? Өнөөдөр бидэнд урвалж оношлуур хийж ирсэн туршлага байгаа юу, урвалж оношлуур хийх биотехнологийн аж үйлдвэр парк байгаа юу, байлаа гэхэд гараад авсан урвалж оношлуурыг баталгаажуулах, нийтэд хэрэглэхийг зөвшөөрөх институци байгаа юу гэдэгт эхлээд харилах хэрэгтэй болно. 2019 оны статистикаас харахад манай орон дотооддоо 503 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэсэн юм байна. Эмийн нийт хэрэгцээний 14 хувийг дотооддоо үйлдвэрлэсэн эмээр хангадаг юм байна. Ангилал дотор урвалж оношлуур гэсэн зүйл олж харсангүй. Байдаг байлаа гээд уг оношлуурын баталгаажуулалт хийх, нийтэд хэрэглэх зөвшөөрөл өгөх, үр дүнг хэмжих институци хараахан бий болоогүй байна гэж үзэж болохоор байна. Тэгвэл дэлхийд уг процесс яаж явдаг талаар иргэд одоо бараг бидэнтэй адил мэдээлэлтэй боллоо. Pfizer, Moderna, Oxford зэрэг томоохон эм үйлдвэрлэлийн компаниуд ээлж дараалан вакциныхаа үр дүнгийн талаар мэдээлж байна. Тэдний мэдээлэлд уг процесс ямар олон дамжлагатай, эцсийн үр дүнг заавал тусгай байгууллагаар ( ДЭМБ, FDA ) шалгуулж байж нийтийн хэрэглээнд нэвтрүүлдийг ойлгосон байх. Процесс, дамжлага гэдэг нь цаанаа өндөр хүчин чадал бүхий технологи, дэд бүтэц, эрдэмтдийн баг буюу товчхоноор асар их мөнгө шаардлагатай ажиллагаа байдаг байна. Зөвхөн дээрх гурван эм үйлдвэрлэлийн компаний хувьд 2019 оны R&D буюу судалгаа хөгжүүлэлтийн зардалд манай орны дотоодын нийт бүтээгдэхүүнээс даруй 2 дахин их мөнгө зарцуулсан байх юм. Ийм хэмжээний мөнгө зарцуулж байж л сая бүх нийтэд хэрэглэж болох чанар, аюулгүй байдлыг хангасан, эмчилгээний нөлөө өндөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх нь. Энэ тайлбараараа монгол эрдэмтдээ муулахыг хүссэнгүй, та бүхэнд минь үнэхээр үр дүнтэй, хямд өртөгтэй урвалж оношлуур, вакцины санаа байгаа бол даруйхан дээрх том компаниудтай холбогдохыг хүсье. Дэлхий дахины хар дарсан зүүдийг монгол эрдэмтний шийдэл сэрээхийг хэн байг гэхэв.
- Вакцин гарснаар бүх зүйл шийдэгдчих үү: Өнөөдөр хүмүүс ковид-19 эсрэг вакцин гараад ирчихвэл бүх зүйл шийдэгдчих юм шиг ойлгоод байх шиг санадана. Гэвч энэ вакцин гарснаараа пандемик буюу цар тахал хэлбэрээр гарахыг л хязгаарлах юм. Засгийн газраас барьж буй бодлогоор бүх хүмүүсийг вакцинд хамруулах боломж хязгаарлагдмал, вакцины үйлчлэл 100 хувь гэсэн баталгаа байхгүй байгаа үед вакцины дараа ч ковид-19 гарсаар л байна. Вакцинд хамрагдаагүй болон тариулаад ч дархлаа тогтоогүй иргэдийн хувьд өвчлөх магадлал хэвээр үлдэнэ. Харин бид ковид-19 тайгаа учраа ололцоод амьдрах хэрэгтэй болох нь. Нөгөө талаар вакцины дараах тогтвортой дархлаа хэр хугацаанд тогтвортой байх, давтан вакцинжуулалт хийх шаардлагатай эсэх, цаашид товлолын вакцинжуулалтад оруулах эсэх ..... гээд үй түмэн асуудал хариултаа хүлээж байна.
Эцэст нь эрвийх дэрвийхээрээ л эрүүл мэндийн салбарынхан хичээж байна. Хамтдаа л энэ бүгдийн ард гарна. Нэг нэгэндээ элгэмсүү байцгаая гэж уриалмаар байна.
Хүний их эмч Б.Буянтогтох
2020-12-09