БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэний шинжилгээнд 4-5 хоногийн дараа халдвар илэрчээ
Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны газрын дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 10599 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн гурав нь батлагдсан тохиолдлын 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Харин нөгөө хоёр хүн нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс байна. Эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарч байсан ч 4-5 дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн. Халдварын нууц үедээ эмнэлэгт хэвтсэн гэсэн үг.
Тэд Б корпус буюу насанд хүрэгчдийн тасагт эмчлүүлж байсан. Өрөөндөө дөрвүүлээ байсан. Нэг нь арванхоёрдугаар сарын 9-нд хэвтэж, 17-нд гарсан байсан. Нөгөө хүн нь арванхоёрдугаар сарын 11-нд хэвтэж, 16-нд халуурч, дахин шинжилгээ авснаар илэрсэн. Тэдний маршрутыг тогтоосон. Нэг нь гэртээ байсан, гадуур яваагүй. Нөгөө хүн нь эмнэлэгтээ хэвтэж байсан. Ойрын хавьтлуудыг тусгаарласан” гэлээ.