С.Мөнхтуяа: Цар тахлын тухай мэдээллийг сонсоод айж, санаа зовж байвал сэтгэл зүй хэвийн байна гэсэн үг
СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, Анагаах ухааны магистр С.Мөнхтуяатай ярилцлаа.
-Онцгой дэглэм тогтоосон үед сэтгэл зүйгээ хэрхэн тогтвортой байлгах талаар мэргэжлийн байгууллагаас иргэдэд зөвлөгөө өгч байгаа ч сэтгэл зүй нь тогтворгүй айдастай хэвээр байна. Ийм үед иргэд сэтгэл зүйгээ удирдаж тогтвортой байлгах ямар арга байна вэ?
-Аюулт тахал гарч дэлхий нийтээр олон мянган хүн өвчилж, нас барж байхад нийгмийн сэтгэл зүй дагаад хямарч байна. Тухайн хүн эрүүл л бол сэтгэл зүйд нь өөрчлөлт гарах ёстой. Аливаа зүйлийг сонсоод айж, санаа зовж байгаа үзэгдлүүд бол хэвийн л үзэгдэл. Харин ийм үед огт санаа зовохгүй, хариу урвал үзүүлэхгүй байна гэдэг асуудалтай байна гэсэн үг.
Эхлээд нөхцөл байдлыг зөвөөр тунгааж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зөв төлөвлөж энэ өвчин хэдэн сарын дараа алга болно гэсэн сэтгэл зүйг өөртөө суулгах хэрэгтэй. “Ямар удаан хугацаа вэ, энэ ч ажлаа амжуулах байлаа, тэр ч ажил бүтсэнгүй” гэж бодит байдлыг хүлээн авч чадахгүйгээс болоод стресстэж сэтгэл зүйн дархлаагаа унагаж болохгүй.
Дэлхий даяараа ийм нөхцөл байдал үүсээд байхад үүнийг өөртөө зөвөөр тусгаж аваад, амьдралын хэв маягийг тухайн нөхцөлтэй уялдуулж төлөвлөөд явах хэрэгтэй. Энэ маягаар амьдралын хэвшлийг тогтоох нь таныг стрессээс чөлөөлнө. Янз бүрийн зүйлийг ургуулж бодож хөгжүүлээд, аливаа зүйлийг болохгүй сөрөг талаас нь хараад байх хэрэггүй. Бодитой зөв мэдээллээ аваад л цаг хугацааг хүлээх л хэрэгтэй. Хүлээлтдээ өөрийгөө дасгах, үүнтэйгээ эвлэрэх, хүлээн зөвшөөрөөд явахад хүний сэтгэл тавгүйтэхгүй.
Үүнийгээ зөвшөөрөхгүй болохоор л санаа зовж нойр хүрэхгүй дархлаа унаж, хоол ундандаа муу болно. Зарим хүмүүс энэ хугацаанд идэх л ёстой юм шиг сэтгэж хоол хүнсээ нөөцлөөд байна. Ингэж нөхцөл байдлаас шалтгаалж хувирч өөрчлөгдөж болохгүй.
-Хохирол багатай давж гарах ямар боломж байна вэ?
-Зөв мэдээллийг харилцан солилцож байх ёстой. Үүсч байгаа нөхцөл байдлын үед өөр өөрсдийнхөө түвшинд өөрийгөө тайвшруулах техникүүдийг сурах нь зөв. Хүн таагүй байдалд орсон үедээ уртаар амьсгаа авахад тайвширдаг шүү дээ. Өөрийгөө тайвшруулах энгийн арга нь энэ. Ямар ч нөхцөлд хаана ч хийж болно. Тусгай орчин нөхцөл шаардахгүй. Мөн тодорхой үе шатаар явдаг өвчний тухай мэдээллийг өдөр тутам авч байгаа юм чинь цагийн эрхээр арилна гэсэн эерэг зүйлийн тухай бодох хэрэгтэй. Өвчин тусчих юм биш биз гэсэн хямралыг дэврээсэн мэдээ, мэдээлэл түгээж болохгүй. Тодорхой онцлогтой, цаг хугацаатай явагддаг өвчний үед иргэн өөрийнхөө мэдээ мэдээллийг сайжруулах, эерэг зөв ойлголтоор даван туулна.
Дараагийн чухал зүйл нь сэтгэцэд илэрч байгаа аливаа асуудлыг өөрөө дотроо ургуулж бодоод бясалгаад байх нь чухал биш. Мэдээлэл сонсоод таагүй мэдрэмж авсан бол хэн нэгэнтэй хуваалцаж нээлттэй байх нь зөв. Өөрт үүсч байгаа таагүй байдлаа хэн нэгэнд ярьж харилцан ойлголцох хэрэгтэй. Нөгөө хүн заавал ойлгох нь гол биш. Үүсээд байгаа мэдрэмжээ гадагшлуулна гэдэг чухал. Таагүй мэдрэмжээ дотроо хадгалаад байж болохгүй.
Мөн гэр бүлийн орчинд нээлттэй харилцаа чухал. Хэн нэг нь өрөөндөө орчихоод өдөржин компьютер тоглоод, утас оролдоод байж болохгүй. Хүүхэдтэйгээ харилцаж тоглож цагийг өнгөрүүлэх нь зөв. Энэ нь гэр бүлийн орчинд таатай уур амьсгал бүрдүүлнэ. Ингэж сэтгэл зүйн дархлаагаа дэмжиж, тайван амгалан, зөв мэдээлэлтэй байж халдварт өвчнийг хохирол багатай давж гарна.
-Иргэд хөл хорионд байгаадаа их бухимдаж байх шиг. НОК-оос градус багатай согтууруулах ундаа худалдаалж эхлэхэд л эрүүлжүүлэх байрны ачаалал эрс нэмэгдэж байна?
-Архи согтууруулах ундаа гэдэг хүний зайлшгүй хэрэгцээ биш шүү дээ. Архи гэдэг тайвшруулах үйлчилгээтэй химийн бодис. Архийг нэг сарын хугацаанд л замбараагүй хэрэглэхэд хараат байдал буюу донтох эмгэг үүсч болно. Эцэстээ сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг үүсгэдэг. Согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэдэг хүмүүсээс сөрөг зүйлс л гардаг. Хүний санаанд багтахгүй үйлдэл хийнэ.
Ийм төрлийн хүмүүсийн архи тамхины хэрэглээг нь хязгаарлахад уцаарлаж гэр бүлийн хүчирхийлэл гарч байна. Архи ууж, тамхи татмаар санагдаж байгаа тэр мэдрэмж авсан үедээ өөр зүйл хийж болно. Өөрийнхөө дуртай юу ч байж болно шүү дээ. Амьдрал хэвийн үргэлжилж байхад та гэр бүлдээ тэр бүр цаг зарцуулж чаддаггүй байсан. Тэгвэл үр хүүхдэдээ цаг гаргахад тохиромжтой үе ирчихээд байна. Магадгүй гитар тоглох, гэр бүлийн зургийн цомог үзэх, эхнэртэйгээ анх танилцаж байсан дурсамжаа ярилцахад таны архи уух, тамхи татах дадал зуршил бага багаар мартагдаж болно. Танаас гарч буй хайрын мэдрэмж хорт зуршлаа хаяхад эерэгээр нөлөөлнө. Энэ цаг үеийг ашиглаад хорт зуршлаасаа салах боломж танд байна шүү дээ.
Мөн хүүхдээ хөгжүүлэхэд цаг заваа зарцуулж болно. Энэ бүхэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, танай гэр бүлийн сэтгэл зүйг тогтвортой байлгах болно.
Манайд жингээ хаях сонирхолтой хүмүүс байдаг. Энэ цагийг л ашиглах ёстой. Баталгаатай үгүй нь мэдэгдэхгүй мэдээлэл авч бухимдаж суухын оронд гэрийн нөхцөлд дасгал хөдөлгөөн хийх нь илүү үр дүнтэй. Цахим орчинг өөртөө хэрэгтэй, зөв зохистой ашиглаж болно.
-Санхүүгийн хувьд худалдаа эрхэлдэг иргэдэд илүү хүнд тусч байх шиг. Их бухимдалтай байгаагаа цахим орчинд илэрхийлж байгаа анзаарагдах юм?
-Нөхцөл байдлыг зөвөөр үнэлж тохирсон боломжуудыг эрэлхийлэх нь бухимдаж сууснаас илүү үр дүнтэй. Жишээ нь, худалдаа эхэлдэг хүмүүс цахимаар үйл ажиллагаа явуулж цар тахлын үеийг хохирол багатайгаар туулж байна. Үүнтэй ижил боломж эрэлхийлэх нь чухал.
-Энгийн нөхцөлд сэтгэл зүйг тогтвортой байлгах ямар арга байна вэ?
-Хүмүүсийн дунд ямар ч нөхцөл шаардахгүй, хэрэглэгдэхүүн ашиглахгүй, их цаг хугацаа зарахгүй хамгийн энгийн арга нь тайвшруулах амьсгалын дасгал. Үүнийг хийхдээ өөрийнхөө булчинг сулруулах хамгийн боломжтой байрлалыг сонгоно. Дээшээ хараад хэвтвэл биеийнхээ хоёр хажуугаар гараа сул тавиад (сандал дээр сууж байгаа бол арагшаа налаад гараа сандлын түшлэг дээр сул орхиод) удаанаар гүнзгий амьсгал авна.
Ингээд амьсгалаа удаанаар түгжинэ. Болж өгвөл гурван минут орчим бол сайн. Өөрийнхөө чадах хэмжээнд л тааруулаад амьсгалаа түгжиж байгаад удаанаар гаргах нь хамгийн чухал дасгал. Ингэхдээ цээжээрээ амьсгалах бус, таны хэвлий хэсгээрээ амьсгалах нь хүнийг тайвшруулж өгдөг. Хүмүүс тамхи татахдаа гүнзгий амьсгалаад сордог шүү дээ. Заавал амандаа тамхи зуугаад биш, тамхигүйгээр гүнзгий амьсгал аваад гаргах дасгалыг хэд хэдэн удаагийн давтамжтайгаар хийх нь хүнийг тайвшруулж өгдөг.
-Хүн бүр л гэр гэртээ байгаа энэ цаг үед архины хамааралтай хүмүүс гэр бүлийн уур амьсгалыг тавгүйтүүлж байгаа талаар та яриандаа дурдаж байсан. Ер нь архинд донтох өвчний эхэн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Буруу зуршил гэр бүлийн уур амьсгалыг тогтворгүй болгоно. Архинд донтох эмгэг тодорхой үе шаттай байдаг. Үүний хамгийн эхний үе шат бол архийг хэтрүүлэн хэрэглэх явдал юм. Ер нь архинд донтох эмгэгт архийг хэтрүүлэн хэрэглэх, архийг хортойгоор хэрэглэх, аюултай хэрэглээ гэсэн шат дамжиж хүрдэг. Манайд насанд хүрэгчдийн тал орчим хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг гэх судалгаа бий. Архи согтууруулах ундааны зүйл амсах нь төв мэдрэлийн системийн хорыг эсэргүүцэх чанарыг сулруулдаг тул сарын хугацаанд л архинд донтох магадлалтай гэсэн үг.
-Стрессээ архиар тайлна гэх ойлголт яваад байдаг...
-Хүн өөрөө сэтгэл зүйгээ удирдаж, уугаагүй ч бусадтай нээлттэй ярилцах чадварыг эзэмших ёстой. Найз нөхөдтэйгөө кофе уух, хөдөө аялалд яваад ярьж сууж болно шүү дээ. Чанга дуулж орилохоор стресс тайлагдах үе бий. Үнэхээр өөрийг нь ойлгодог найзтайгаа сайхан ярилцаж болно. Үр дүнд хүрэхгүй бол сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.
О.ДАШ
Эх сурвалж: Өдрийн сонин