Л.Цэрэндолгор: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд ам зөрвөл хүүхэд стрессдэж, нойргүйддэг Л.Цэрэндолгор: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд ам зөрвөл хүүхэд стрессдэж, нойргүйддэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Л.Цэрэндолгор: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд ам зөрвөл хүүхэд стрессдэж, нойргүйддэг

2021 оны 2 сарын 04

Arslan.mn

-Хүүхдүүд оройтож унтсаар архаг ядаргаанд орж, бүр унтахаа болих нь бий-

“Хүүхэд маань шөнө унтахгүй, өглөө нь эрт сэрэхгүй боллоо” гэх эцэг, эх олон болсон. Ялангуяа цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон энэ үед хүүхдүүдийн өдөр тутмын хэвшилд өөрчлөлт ороод байгаа билээ. Иймд хүүхдийн нойргүйдэл гэж юу болох, түүнийг эцэг, эхчүүд хэрхэн тодорхойлох талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцлаа.

-Хүүхдийн нойргүйдэл юунаас болж үүсдэг вэ?

-Хүүхдийг нойргүйдэлд хүргэх олон шалтгаан байдаг. Зарим тохиолдолд угаас нойргүй, нойрны хэрэгцээ багатай хүүхэд байдаг. Бага байхаасаа л бага унтдаг гэдэг ч юм уу, эсвэл оройтож унтаад, өглөө эрт сэрдэг гэх мэтээр ярьдаг. Харин зарим тохиолдолд хэвийн нойртой байсан хүүхэд нийгэм, сэтгэл зүйн гаралтай ямар нэгэн стрессд өртсөний дараа нойргүйдэж болдог. Тухайлбал, гэр бүлд нь ямар нэгэн хэрүүл, маргаан гарсан. Эцэг, эх нь хоорондоо ам зөрсөн гэх мэт таагүй мэдрэмж төрүүлэхүйц үйл явц болоход хүүхэд дэргэд байсан бол түүнээс болоод стрессд өртөж, нойргүйддэг. Нийгэм, сэтгэл зүйн гаралтай стрессд өртөх хүчин зүйлүүдээс гадна амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд мөн нойргүйдэлд орж болдог. Үүний тод жишээ хөл хорионы улмаас өдөр тутмын хэв маяг, хэвшил өөрчлөгдсөн. Ялангуяа хүүхдүүд өглөө эрт босоод сургууль, цэцэрлэгтээ явдаг байсан бол тэр хэвшил өөрчлөгдөхөөр хүүхдүүдийн нойрны мөчлөг нь алдагддаг. Жишээлбэл, өдөр нь унтдаг, өглөө их унтсаны улмаас орой нойр нь хүрэхээ болино. Унтах цаг нь оройтсоор байгаад өдөр, шөнийн нойрны мөчлөг алдагдах асуудал гарч болдог. Зарим тохиолдолд хүүхдүүд оройтож унтсаар байгаад архаг ядаргаанд орж, бүр унтахаа болих нь бий. Нойргүйдэлд хүргэж байгаа олон шалтгаан байна. Мэдээж бие махбодийн ямар нэгэн өвчинтэй, түүнээсээ болоод өвдөлт мэдэрч байвал нойргүйдэлд орж болно. Мөн нийгэм, сэтгэл зүйн гаралтай нойргүйдэл бас хүүхдэд үүсэж болдог.

-Хүүхдийн нойргүйдлийн шинж тэмдэг яаж илэрдэг юм бол. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ нойронд өөрчлөлт орсныг яаж мэдэх вэ?

-Нойргүйдлийг тооны болон чанарын өөрчлөлт гэж илэрч байгаа өөрчлөлтөөр нь хувааж үздэг. Тооны өөрчлөлт гэдэг нь унтах цагийн хэмжээ багасахыг хэлнэ.

Тухайлбал, бага насны хүүхэд хоногийн 24 цагийн 9-10 цагт унтаж, амарвал бие махбод болон сэтгэл зүйн хөгжил хэвийн явагдана.

Мөн дархлааны тогтолцоо хэвийн явагдаж, ямар нэг халдварт өвчинд өртөх магадлал буурна гэж үздэг. Харин 9-10 цаг унтах ёстой байтал тэр нь багасаж, таван цаг, түүнээс ч бага цагаар унтвал хүүхдэд сөрөг нөлөө гарч эхэлнэ.

Чанарын өөрчлөлт гэдэгт өмнө хэлсэнчлэн нойрны мөчлөг алдагдах байдал орно. Мөн бүхэл шөнөжин хангалттай унтаж байгаа боловч дунд нь олон удаа сэрдэг, хар дарж зүүдэлдэг, зүүдэндээ ярих, явах гэх мэт байдал илэрвэл нойрны чанарын өөрчлөлт гарч байна гэсэн үг. Бөх бат унтаж чадахгүй байгаа хүмүүс нойргүй хоносонтой адилхан ядарч сульдсан, бүрэн амраагүй юм шиг мэдрэмжтэйгээр сэрдэг. Ийм хоёр өөрчлөлт гардаг. Тэгэхээр эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ нойронд өөрчлөлт гарч байгаа эсэхийг мэдье гэвэл тооны болон чанарын өөрчлөлт гарч байна уу, үгүй юү гэдгийг сайн анзаарах хэрэгтэй. Нойргүйдэлд өртсөнийг нь мэдсэн тохиолдолд юунаас болсныг анзаарч, ажиглана. Шалтгааныг нь олж тогтоож, арилгах юм бол нойргүйдлийг зогсоож болно.

-Нойргүйдэлд өртсөн хүүхдэд чанарын болон тооны өөрчлөлт зэрэг явагдаж болох уу?

-Аль нэг нь юм уу, эсвэл хоёулаа ч илэрч болно.

-Хүүхэд хоногт хэдэн цаг унтах ёстой вэ?

-Хүүхдийн нас бага байх тусмаа унтах цаг нь их байвал илүү сайн. Нярай хүүхдүүд л гэхэд хоногийн 24 цагийн 20 цагт нь бараг унтаж байдаг шүү дээ. Хүүхэд тэгж байж бие физиологийн өсөлт нь хэвийн явагддаг. Унтаж байх үед нь хүүхдийн танин мэдэхүй болон тархи нь сайн хөгжиж, хурдан өснө.

Цэцэрлэгийн насны хүүхдүүд шөнийн цагаар 10 цаг унтлаа гэхэд өдөр нь заавал 1-2 цаг унтаж, амарч байх ёстой. Сургуульд оронгуут өдрийн цагаар унтаж амрах нь бага ч гэлээ шөнийн цаг нь чанартай байх хэрэгтэй.

Сургуулийн насны хүүхдийг хамгийн багадаа найман цагаас доошгүй хугацаанд амрааж байх шаардлагатай. Яагаад гэхээр сургуулийн насан дээрээ хүүхэд хангалттай сайн амарч байвал танин мэдэх чадвар, тархи нь хөгждөг. Анхаарал төвлөрөлт, ой тогтоох чадвар сайжирч байдаг. Сайн унтаж амраагүй хүүхэд анхаарал нь сайн төвлөрөхгүй учраас хичээлээ ойлгохгүй, сурах чадварт нь сөргөөр нөлөөлж байдаг.

Өсвөр насны хүүхэд бол унтах цаг нь бүр багасдаг. Гэхдээ насны онцлогоос хамаарч илүү их унтах дуртай болдог. Мөн мелатонин гэдэг даавартай холбоотойгоор унтах цаг нь хойшилдог. Мелатонин даавар өсвөр насанд шөнийн 00:00-01:00 цагийн үед илүү их ялгардаг. Тийм учраас өсвөр насны хүүхдүүд орой унтаж, орой сэрдэг. Мелатонин ялгарах үед л хүүхэд унтах боломжтой. Тэгэхээр энэ бол нойргүйдэл биш, өсвөр насны онцлог гэсэн үг.

-Нэг, хоёр настай, бага насны хүүхдүүд нойргүйдэж болох уу?

-Байж болно. Хэрвээ тэр хүүхдэд нойргүйдэл үүсгэх ямар нэгэн нөлөөлөл их байх юм бол нойргүйдэж болно. Тэр хүүхдэд сайн амрах орчныг нь бүрдүүлэхгүй, эцэг, эх нь хамтдаа тэврээд ч юм уу, тогтсон цагт унтуулахгүй бол нойргүйдэлд өртөж болно. Эцэг, эхийн дэмжлэг, зөв амьдралын хэв маяг хүүхдэд чухал нөлөөтэй.

-Нойргүйдэл удаан үргэлжилбэл хүүхдэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Бие махбодийн талаас бодисын, дархлаа тогтолцооны хямралд ордог. Ингэснээр хүүхэд халдварт өвчинд өртөх эрсдэл нэмэгдэнэ. Сэтгэл зүйн хувьд их хямрамтгай, амархан уурладаг, бухимддаг, цочрол ихтэй болдог. Танин мэдэхүйн хувьд өмнө хэлсэнчлэн анхаарал төвлөрөл, ой тогтоолт болон суралцах чадвар буурах гэх мэт сөрөг нөлөө үзүүлнэ. Хэрвээ удаан хугацаагаар нойргүйдэх юм бол хүүхдийн зан үйлд нөлөөлж болно. Хүүхэд байнгын түрэмгий уураар асуудлыг шийдэх гэж оролддог болно. Хүмүүстэй нийтэч байх нь багасаж, зожиг, ганцаардмал байдалд орж болно. Яагаад гэвэл, хүүхэд нойргүйдэлтэй удаан явснаар аливааг эмзэг хүлээж авдаг болдог. Цаашид олон сөрөг үр дагавар гарч болдог учраас хүүхдээ бөх сайн унтаж чадаж байна уу, сайн амрах орчин бүрдэж байна уу гэдгийг эцэг, эхчүүд сайн анхаарах хэрэгтэй.

-Эцэг, эхчүүд хүүхэд нь нойргүйдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Хүүхэд ямар шалтгаанаас болоод нойргүйдэв гэдгийг сайн ажигла. Хүүхэд нь дэлгэцийн хамааралтай болсон уу, даалгавраа хийсээр байгаад орой унтаж байгаа эсэх, бусад хүний дэмжлэг хэрэгтэй асуудал гарч байна уу гэдгийг сайн ажиглах хэрэгтэй. Биед нь ямар нэгэн зовиур, өвчлөл байгаа эсэхийг ажиглаж, асууж мэдэх шаардлагатай. Ер нь шалтгааныг нь сайн тогтоосны дараа тэрийг нь арилгах хэрэгтэй. Хөл хориотой холбоотойгоор өдрийн дэглэм нь алдагдсан бол буцаагаад хэвийн байдалд оруулах тал дээр анхаарах хэрэгтэй.

-Хэрвээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ нойргүйдлийн шалтгааныг тодорхойлж чадахгүй бол хэрхэх вэ?

-Хүүхэд нь ямар шалтгааны улмаас нойргүйдээд байгааг мэдэж чадахгүй байх юм бол мэргэжлийн сэтгэл зүйч юм уу, сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхдэдээ илүү оновчтой тусламжийг үзүүлж чадна.

Эх сурвалж: СЭМҮТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623331
2 эможи

СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up