Шинжилгээний хариугаа хүлээлгүй Архангай руу зорчсон иргэний хариу эерэг гарчээ
Өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 14-ний ням гаригийн өглөө Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан сум хооронд гурван иргэн хувийн автомашинтай зорчжээ. Эдгээр гурван иргэний нэг нь PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй гарч, улмаар замд нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ.
Хайрхан сумын Онцгой комисс батлагдсан тохиолдлыг суманд нэвтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан буцаах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын дуудлагад шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг ажиллаж, өвчтөнг хүргэх ажиллагааны баг өглөө 07:00 цагт Хайрханаас Улаанбаатар руу хөдөлсөн байна. Мөн ЗӨСТ-ийн Эцсийн халдваргүйтгэлийн баг, ЭМГ-ын ахлах тархвар судлаач Хайрхан суманд ажиллаж байна хэмээн Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.