БГД-ийн “Голден парк“, “Цоглог“, “Түвшин өргөө“ хотхоны иргэдийг шинжилгээнд хамруулна
Баянгол дүүргийн 25 дугаар хорооны "Голден парк", "Цоглог", "Түвшин өргөө" хотхоны иргэдийг өнөөдөр 11.00 цагаас PCR шинжилгээнд хамруулж эхэлсэн тухай ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээлэв.
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тэрбээр, дээрх хотхонуудад коронавируст халдварын тохиолдол их гарч байгаа тул тандах шинжилгээ хийхээр болсныг дуулгасан. Ингэхдээ, хатуу хөл хорио тогтоолгүйгээр, "Голден парк" хотхоны 101-108, "Цоглог" хотхоны 201-203, "Түвшин өргөө" хотхоны 301-305 дугаар байранд оршин суудаг, 16-гаас дээш насны хүмүүсийг хамруулах аж. Иймд тус байранд амьдардаг иргэдийг гэртээ байж хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө нэг өдрийг зарцуулахыг ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллийнхээ үеэр уриалав.
Тандах шинжилгээнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн найман баг ажиллах юм байна.