Хэзээ ч улстөржүүлж болохгүй сэдэв бол вакцинжуулалт Хэзээ ч улстөржүүлж болохгүй сэдэв бол вакцинжуулалт
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хэзээ ч улстөржүүлж болохгүй сэдэв бол вакцинжуулалт

2021 оны 3 сарын 26

Arslan.mn

Улстөржүүлж болохгүй, бас ингэж болохгүйг нь мэдсээр байж сүүлийн үед хамгийн их улстөржүүлж, зориудаар харлуулж буй сэдэв бол вакцинжуулалт. Тэр, энэ вакцин ийм, тийм гэх мэтээр цахим орчинд бичиж, вакцинд хамрагдсан болон хийлгэхээр төлөвлөж буй хүмүүсийн сэтгэл зүйгээр зориуд тоглосоор. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөржилт гэдгийг учир мэдэх болон мэргэжлийн хүмүүс тодотгож буй. Хятад улс гурван вакцин гаргаж, 53 оронд хандиваар, 22 оронд хөнгөлөлттэй үнээр нийлүүлснээс ганцхан Монголчууд л хэл ам таталж байна гэх ёжтой хийгээд өнөөгийн үнэн төрхийг илтгэсэн үг хүртэл гарчээ. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед вакцин нь гол эмчилгээ гэдэг нь тодорхой болсон. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар хүн амаа вакцинжуулж чадвал дэлхийн улс орнууд хилээ нээх, хүмүүс хэвийн амьдралдаа орох боломжтой гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Тиймээс бид вакциндаа хамрагдаж, эдийн засгаа идэвхжүүлэх, танхимын сургалтыг эхлүүлэх зэргээр хүмүүс хэвийн амьдралдаа орох талаар ярих байтал дотоодын улстөржилтөөс нөхцөл байдал буруу эргэвэл яах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ.

Ч.БАТТОГТОХ: ВАКЦИН РУУ ХЭН ДУРТАЙ НЬ ОРВОЛ ОНИГОО ШИГ Л ЮМ БОЛНО

Дэлхий нийтийг тэр чигээр нь хөдөлгөж буй аюулт халдвар гэдэг үүднээс нөгөө талаар долоон тэрбум хүнд зориулсан зах зээл гэдэг утгаараа вакцин үйлдвэрлэлийн салбарт маш том өрсөлдөөн болж байна. Одоогоор клиникийн үе шатаа давсан долоон вакцин бий. Үүний зарим нь амьд сулруулсан вакцин, нэг хэсэг нь зөөгч вируст суурилуулсан вакцин, сүүлийн хоёр нь РНХ-д суурилсан вакцин гэдгийг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч, Монгол-Японы эмнэлгийн Халдварын сэргийлэлт, хяналтын албаны дарга, анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Баттогтох хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр “Манай улс “Ковакс” хөтөлбөрт саналаа өгсөн. Энэ хөтөлбөр нь одоогоор 172 орныг нэгтгэсэн, үр дүн бүхий вакциныг хөрөнгө чинээ, хөгжлийн түвшнээс үл хамаарч, тэгш хүртээмжтэй хүргэх үндсэн зорилготой гэж ойлгосон. Тиймээс бид эерэг хүлээлттэй байх хэрэгтэй. Би нэг түүх ярьж өгье. Миний бие 2008 онд Францын Пастерийн институтээс зохион байгуулдаг вакцины ахисан шатны сургалтад сурч байх үед багш вакцинтай холбоотой янз бүрийн факт дурдаж байснаа “Африкийн нэг улсад сонгуультай холбоотойгоор вакцины товлол нь үргэлж өөрчлөгдөж байдаг" гэв. Үүнийг сонсоод танхимд сууж байсан бүх хүн нир хийтэл инээлдсэн. Энэ бол эмгэнэл. Вакцин руу хэн дуртай нь орвол энэ онигоо шиг л юм болно. Хэзээ ч улстөржүүлж болохгүй сэдэв бол вакцинжуулалт” хэмээсэн байна.

Ж.Чинбүрэн: ХҮНИЙ БИЕД АЮУЛТАЙ ЗҮЙЛ ЕРӨӨСӨӨ БАЙХГҮЙ

Манай улс хүн амаа гурван төрлийн вакцинаар дархлаажуулж байна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл, 40 гаруй хувьд нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвал илэрсэн бөгөөд хүндрэл, гаж нөлөө гараагүй байна. Гэтэл нийгмийн сүлжээнд тэр нь сайн, энэ нь муу гэх мэтгэлцээн өрнөсөөр. Тухайлбал, вакцин хийлгэсэн эмэгтэйчүүд зургаан сарын дараа жирэмсэлж болно, болохгүй гэх мэт асуудлыг ч хөндөж буй. Тэгвэл вакцин үйлдвэрлэж буй аргаас хамаарч хоорондоо ялгаатай бөгөөд үр дүнгийн хувьд голж шилэх юм байхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэллээ.

Тэрбээр “Гагцхүү давуу болон сул тал гэдгийг л ярих ёстой. Одоо байгаа бүх вакцин синтетик. Удмын мэдээлэлд өөрчлөлт оруулах, нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Дөнгөж үйлдвэрлээд жил болж байгаа учраас ирээдүйд яахыг хэлж мэдэхгүй гэж хэлэхээр зарим хүн нөхөн үржихүй, генийн бүтэц өөрчлөгдөнө гэж бодоод байна. Энэ нь дархлаа хэр удаан тогтох вэ гэдгийг мэдэхгүй л гэсэн үг.

Гэтэл үүнийг хэт гүнзгий хүлээж аваад байна. Анагаахын шинжлэх ухаан маш сайн хөгжсөний нэг илрэл бол тав, зургаан сарын дотор вакцинаа үйлдвэрлэлээс гаргаад ирсэн явдал. Үүнд хүний биед аюултай зүйл ерөөсөө байхгүй. Энэ чинь синтетик. Амьд организм ороод хамаг юмыг нь өөрчлөөд явах боломж байхгүй” хэмээн тодотгон хариулаад вакцины асуудлыг улстөржүүлж болохгүйг санууллаа. Дэлхий дээр хоёр төрлийн халдварт өвчнийг вакцинаар устгасан байдаг. Манай улс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг, хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг үргүй болгодог гээд бослого гаргаад эцэст нь ямар нөхцөл байдал үүссэн талаар ярилаа. Тэрбээр “Үүний үр нөлөөгөөр одоо хүртэл манай улс хөхөнцөр вирусийн эсрэг вакцинаа хийж чадахгүй явсаар жил бүхэн 160-аад эмэгтэйгээ умайн хүзүүний хорт хавдраар алдаж, 400-450 эмэгтэй энэ өвчнөөр өвчилж байна. Тиймээс буруу мэдээлэл тарааж, эсрэг байх улс төрийн сэдэв вакцин биш шүү гэдгийг хэлмээр байна” хэмээн тодотгожээ.

САРЫН ХУГАЦААНД 244550 ИРГЭН ВАКЦИНД ХАМРАГДЖЭЭ

Монгол Улс вакцинжуулалтын хурдаараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дархлаажуулалт хийж буй дэлхийн 146 орноос 17 дугаарт эрэмбэлэгдэж, дэлхийн дархлаажуулалтын дунджаас хоёр дахин их буюу 6.2 хувьтай байна. Монгол Улс Энэтхэг улсад үйлдвэрлэсэн “АстраЗенека” вакциныг анх татан авч, өнгөрсөн сарын 23-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хамгийн түрүүнд хийлгэн дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлсэн. Эхний удаад цар тахлын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагынхныг, дараа нь төрийн байгууллага болон төрийн өмчит үйлдвэрийн газрынхан гэх мэт шат дараатай хамруулж байна. Ийн бүх нийтийн дархлаажуулалт эхлээд нэг сарын хугацаа өнгөрч буй бөгөөд өчигдрийн 11:00 цагийн байдлаар 244550 иргэн вакцинд хамрагджээ. Өчигдрийн байдлаар 50-54 насны 11 мянга, 55-59 насны 12 мянга, 60-64 насны 27 мянга, 65-аас дээш насны хоёр мянга гаруй хүн вакцины эхний тунд хамрагдаад байна. Өдөрт дунджаар 15-20 мянган хүнийг хамруулж байгаа бөгөөд вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийх юм. Вакцинжуулалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу найман үе шаттайгаар явуулж байна.

Тодруулбал, хариу арга хэмжээний баг, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай, худалдаа үйлчилгээний болон бүх шатны боловсролын салбарын ажилчид, багш нар 50-64 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 65-аас дээш насныхан, эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд, 18-25 насныхан, 25-49 насны иргэд гэсэн дарааллаар зургаадугаар сарын 1 гэхэд нэг сая иргэн хоёр дахь тунгаа бүрэн хийлгэж дуусгахаар тооцож буй.

Харьяа хорооноос иргэд рүү холбогдож, вакцин хэзээ хийлгэх талаарх мэдээллийг өгч байгаа аж.

ИРЭХ САРЫН ЭХЭЭР 300 МЯНГАН ТУН ВАКЦИН ТАТАН АВНА

Эхний ээлжид татан авсан “AstraZeneca” вакциныг хийж дууссан тул одоогоор “Синофарм” компанийн вакциныг хийж байна. Вакцины татан авалтын тухайд ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа “Бид вакцины нөөцдөө тааруулаад эрэмбэлэлт хийж, вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Манай улс хувийн хэвшилтэй нийлээд нийтдээ 474 мянган тун буюу 237 мянган хүн тун вакцин хүлээж авсан. Бидний татан авсан вакцины эхний тунг хийгээд дууссан. Мөн “Синофарм’’ компанийн вакцины татан авалтыг хийх гэж байна. Ирэх сарын эхээр 300 мянган тун вакцин орж ирнэ” гэв.

Вакцин татан авалтын тухайд Монгол Улс БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн “Астразенека", БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник-V” гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тунг оруулж ирээд буй. Тэгвэл Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын мэдээлснээр "КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer/BioNtech вакциныг энэ сарын 24-нд оруулж ирэв. Тус вакциныг хүлээн авах үеэр хяналт шалгалт хийж, халдваргүйжүүлэн ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүлжээ. Цаашид БНЭУ-аас “Астразенека” вакцин худалдан авах хэлцэл хийх зэргээр вакцин худалдан авалтын саналаа хөрш орнуудад гаргасан байна. Эхний ээлжид 1.3 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөжээ. Коронавирусийн тархалт эрчимжиж буй энэ үед хүн амаа хамгийн хурдтайгаар вакцинжуулах нь манай улсын нэн тэргүүний ажил тул ЭМЯ тэргүүтэй холбогдох газрууд хүчээ нэгтгэн тодорхой цэгт, төлөвлөсөн хуваарийн дагуу иргэдээ вакцинжуулж байна. Дэлхийн бүх л улс орон ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн вакциныг холбогдох зөвлөмжийн дагуу хийж буй энэ цаг үед иргэдэд буруу ойлголт төрүүлэх, вакциныг улстөржүүлэх сонирхол хэсэг бүлэг хүнд байгаа нь харамсалтай.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624804
0 эможи

Иргэн
2021-03-26 11:45
Иргэддээ сонголт өг. Өөрсдөө тэр хятад вакцинаа хийлгэ. Бид зөвшөөрөлгүй вакцины туршилт бодохгүй.
keyboard_arrow_up