Цар тахлаас үүдэн өсвөр насныхны 70 гаруй хувь нь СЭТГЭЛЗҮЙН ХЯМРАЛТАЙ болжээ Цар тахлаас үүдэн өсвөр насныхны 70 гаруй хувь нь СЭТГЭЛЗҮЙН ХЯМРАЛТАЙ болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Цар тахлаас үүдэн өсвөр насныхны 70 гаруй хувь нь СЭТГЭЛЗҮЙН ХЯМРАЛТАЙ болжээ

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

Цар тахал, хатуу хөл хорионы дэглэм нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгааг сэтгэлзүйчид онцгойлон анхааруулсаар байна. Үүний нэг илрэл нь хүүхдүүд цар тахлаас үүдэн гэрийн хорионд байхдаа цахим орчинд сул чөлөөтэй цагийг өнгөрүүлж, уйдсан, ганцаардсан сэтгэлээ эцэг эх,  найз нөхдөдөө бус цахим орчинд үүсгэсэн таньж мэдэхгүй грүпп, танихгүй хэн нэгэнд илэрхийлж, асуудлаа хэлж байгаа нь тухайн хүүхдийг улам ганцаардуулах, амьд харилцаанаас холдуулах, дэлгэцэнд донтох эмгэгийг үүсгээд байна. Мөн энэ хяналтгүй байдал нь эргээд хүүхдүүдийг цахим гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн золиос болох эрсдлийг  улам нэмэгдүүлсээр байгааг анхааруулжээ.  Жишээ нь, “Hi.Танилцах хүн байна уу. Би гэртээ уйдаад байна”, “Ээж минь намайг гэрээсээ хөөчихлөө. Өмнө нь олон удаа ингэж байсан. Би одоо хаачих вэ?”, Хамгийн новшийн мэдрэмж юу гээч. Ээж намайг нохойноос ч дор үзэх” гэх мэт постуудыг хүүхдүүд цахим орчинд нийтэлж, үүнээсээ болж бусдад доромжлуулах, дахиад сэтгэл санааны гүн хямралд орж байгааг судалгааны байгууллагууд онцолсон байна. 

ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН 32 ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА ТААРУУХАН БАЙГААГ ОНЦОЛЖЭЭ

...“Hi.Танилцах хүн байна уу. Би гэртээ уйдаад байна”, “Ээж минь намайг гэрээсээ хөөчихлөө. Өмнө нь олон удаа ингэж байсан. Би одоо хаачих вэ?” гэх мэт постуудыг хүүхдүүд цахим орчинд нийтэлж, үүнээсээ болж бусдад доромжлуулах, дахиад сэтгэл санааны гүн хямралд орж байгааг судалгааны байгууллагууд онцолсон байна.

Ялангуяа, COVID-19 цар тахлаас үүдсэн хөл хорионы нөхцөл байдал нь ихэнх хүүхдүүдэд  айдас, бухимдал, сэтгэл санааны дарамтыг үүсгэсээр байна. Цар тахлын улмаас улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 600 мянга, цэцэрлэгийн 260 мянга гаруй хүүхэд гэрээсээ теле хичээл үзэх болсон. Ингэснээр ганцаардлаас үүдэлтэй донтолтод автах, хичээлээ хангалттай сурахгүй байгаагаас түгшүүр, айдастай болох, сургалтын шинэ хэлбэр болох теле хичээлийн ачаалал, ангийн цахим хичээлд олон шинэ программ солигдох, учрыг нь олохгүй байх зэрэг нь  стрессдэх бас нэгэн шалтгаан болжээ.

Энэ талаарх судалгааг Монгол Улсад анх удаа өнгөрөгч долдугаар сард НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар, Боловсролын хүрээлэнгийн судлаачдын баг судалжээ. Уг судалгаанд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн 325 сурагч, тэдний 136 эцэг эх, 81 багш  хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан бага ангийн сурагчдын 28.8 хувь нь хөл хорионы үед гэр бүлийнхэн нь муудалцаж, муухай ааш гаргах болсон гэж хариулсан байна. Эдгээр сурагчийн 75 хувь нь гэр бүлийнхний таагүй харилцаа нь хичээлтэй холбоотой асуудлаас болсон хэмээн үзэж байгаагаа нуугаагүй байна. Харин ахлах, дунд ангийн сурагчдын хувьд 32 хувь нь гэр бүлийн харилцаа тааруухан байгааг онцолжээ. Өсвөр насны сурагчдын хувьд гэр бүлийн гишүүд гэхээсээ илүүтэйгээр сайн найздаа өөрт болон гэр бүлдээ тохиолдсон зүйлсийг ярьж тайвширч, ойлголцдог. Гэтэл хөл хорионы үед найз нөхөдтэйгөө уулзаж чадахгүй болсон тэд ганцаардаж, уйтгарлаж байгаагаа дурджээ. Зарим хүүхэд цар тахал дэгдснээс хойш манай гэр бүлийн харилцаа муудсан гэж хариулсан байна.

ТАВАН ХҮҮХЭД ТУТМЫН ХОЁР НЬ СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДАЛТАЙ БАЙНА

Мөн цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үед “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-д хандах эцэг эхчүүд, өсвөр насныхны хандалт нэмэгдсэн байна. Тиймээс “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гээс нийслэлийн 20 гаруй ерөнхий боловсролын сургуульд хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын хоёр нь сэтгэл зүйн ямар нэг асуудалтай байгааг судалгаагаар тогтоожээ. Хэдийгээр цар тахлын үед хүүхдийн сэтгэл зүйд өөрчлөлт орж байгаа хэдий ч үүнээс өмнө хүүхдүүдэд сэтгэл зүйн асуудлууд ихээр тулгардаг байсныг судалгаанд дурдсан байна. Тодруулбал, хүүхдэд уцаарлах, өөрийнхөө тухай сөрөг зүйл бодох, бусдыг шүүмжлэх, хоолны дуршил муудах болон хэт ихсэх, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг хоёр долоо хоногоос дээш хугацаанд ажиглагдвал мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандаарай гэжээ. Иймд НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олон “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-тэй хамтарч  өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд хэрхэн анхаарах болон эцэг эхийн хувьд хүүхдэдээ хэрхэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх тухай цуврал зөвлөгөөг цахим орчинд хүргэж эхэлсэн байна. 

ӨСВӨР НАСНЫХАН+СЭТГЭЛЗҮЙН ХЯМРАЛ+ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛ=? 

Үүнээс гадна цар тахлаас үүдэн өсвөр насныханд тулгамдаж буй бас нэг асуудал нь илүүдэл жин, таргалалтын асуудал юм. Өмнө нь бид  илүүдэл жингийн тухай асуудлыг зөвхөн насанд хүрэгчдийн дунд нэмэгдэж байгааг ярьдаг байсан бол сүүлийн хоёр жилд COVID-19, цар тахлын нөлөөгөөр  дэлхий дээр 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгааны дүн гарчээ.  Тэгвэл манай улсад ч бас хөл хорионы дэглэмд шилжсэн, сурагчид алсын зайнаас хичээллэж эхлээд таван сар болж байна. Энэ өдрүүдэд  хүүхдийн эрх тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж, гадаа тоглох, найз нөхөдтэйгөө харилцах зэрэг хэрэгцээ шаардлага хаалттай хаалганы цаана түгжигдсэн хэвээр байна. Үүнээс үүдэн хөдөлгөөний дутагдалд орсон, хоол хүнсний хяналтгүй хэрэглээ зэргээс болж 11-19 хүртэлх насны хүүхдүүд маш ихээр таргалж, жин нэмж байгааг эцэг эхчүүд  хэлж байна.

Манай улсын хувьд хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлдэг. Тэгвэл хөл хорионоос өмнөх сүүлийн жилүүдэд ч илүүдэл жингийн асуудал энэ насныханд байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, 2016 онд хийсэн “Монголын хүн амын хоол тэжээл”  үндэсний тавдугаар судалгааны дүнгээс харахад, 6-11 насны сурагчдын 22.2 хувь нь  илүүдэл жин, таргалалттай байна гэсэн судалгаа гарсан байдаг бол энэ тоо хөл хорионы дэглэм хэрэгжиж буй энэ өдрүүдэд эрчимтэй өсөх магадлалтай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь,  хөл хориотой өдрүүдэд хүүхдүүд  телевизор  үзэх, компьютер дээр өдөржин сууж хичээллэх,   гар утас тоглох  зэрэг нь хүүхдүүдийн эрүүл мэнд, биеийн жин, цаашлаад сэтгэлзүйд ч сөргөөр нөлөөлж байгаа аж. Ялангуяа, өсвөр насныхны сэтгэлзүйн асуудлууд нь зарим хүүхдүүдийг илүүдэл жинтэй болоход маш ихээр нөлөөлдөг юм байна.  Уйтгартай, стресстэй эсвэл сэтгэлээр унасан хүүхдүүд сэтгэл зүйн хямралаа даван туулахын тулд илүү их идэх магадлалтай байдаг аж. Дээрээс нь  таргалалттай хүүхдүүдэд чихрийн шижин, зүрхний өвчин, астма зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг үүсгэж болзошгүй байна. Иймд илүүдэл жинтэй эсвэл хэт таргалалттай хүүхэд эрүүл хооллох хэв маягт сургах.  Хэрэв жин хасахгүй бол хүүхдийн эмч, хоол тэжээлийн мэргэжилтэнд хандахыг эмч нар бас зөвлөжээ. Тэр дундаа эцэг, эхчүүдэд хандан “Хүүхдийн сэтгэлзүйн асуудлуудад анхаарал хандуулах нь чухал. Гэр бүлээрээ хамтдаа цагийг үр дүнтэй, амьд харилцаатай өнгөрүүлэх, дэлгэцийн цагийг багасгах, өдөрт хэдэн цаг зурагт үзэх, компьютерийн тоглоом тоглох, ухаалаг гар утас болон бусад хэрэгслээ ашиглахын оронд биеийн тамирын дасгал хийх, илүү хөдөлгөөнтэй байхад нь цаг гаргаарай” гэдгийг сануулж байна. Энэ талаар сэтгэлзүйчид хэрхэн зөвлөснийг хүргэе.

ӨСВӨР НАСНЫХНЫ БИЕ МАХБОДЬ, СЭТГЭЛЗҮЙН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН ХАРИЛЦАХ НЬ ЧУХАЛ

“Гэр бүл, хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төв”-ийн сэтгэлзүйч Н.Ариун-Эрдэнэ:

-Амьдрал дээр өөрийгөө голдог, өөртөө итгэх итгэлгүй болсон, өөрийгөө бусадтай харьцуулдаг хүүхэд олон байдаг. Нөгөөтэйгүүр, эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн хүүхдэдээ урам өгөх, дэмжих, харилцан ойлголцохгүйгээр хүүхдээ өөрийнхөө эрхээр байлгах зэргээс үүдэн хүүхэд цахим орчинд өөрийгөө арай илүү үнэ цэнэтэй, нээлттэйгээр үнэлүүлж байгаа юм шиг ойлгох тохиолдол байдаг.

“Би бага байхдаа чам шиг байгаагүй” гэх зэргээр хүүхэддээ ханддаг нь хүүхдийг сэтгэлзүйн дарамтад оруулдаг. Тиймээс цар тахлын энэ үед цаг үеийн байдал, орчин үеийн нийгэм, өссөн орчин өөр гэдгийг аав, ээжүүд маань сайн ойлгож, өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцох, зөв харилцах нь илүү чухал шүү. 

Ялангуяа, өсвөр насанд шилжилтийн насны онцлог, бэлгийн бойжилт явагддаг учраас энэ үед хүүхдүүд өөрийн мэдэлгүй уурлаж, бухимдах үйл явц ихээр ажиглагддаг. Иймд цар тахлын үед өсвөр насны хүүхдийнхээ бие махбодь, сэтгэлзүйн онцлогт тохируулан илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. 

“Хэрэглээний сэтгэл судлалын Хүрээлэн”-гийн Хүүхдийн сэтгэл судлаач Д.Ундармаа:

-Хөл хорионы үед хүүхдүүд маань маш олон цагийг гэртээ өнгөрүүлж байна. Үүнээс болоод өсвөр насны хүүхдүүд маань найз нөхөдтэйгөө уулзах, нийгэмших харилцаа маш ихээр дутагдаж байгаа учраас өвсөр насныхан гэртээ ууртай уцаартай, бухимдалтай байх магадлалтай юм. Тиймээс стрессийн түвшин өндөр байгаа хүүхдүүдийг ээж аавууд хэрхэн яаж танин мэдэх вэ гэвэл хүүхэд идэвхгүй болох, дуртай зүйлээ сонирхохгүй байх, хаалга хүчтэй хаах зэрэг огцом ширүүн үйлдэл үзүүлэх, муухай харах, эелдэгээр асуусан асуултад сөрөг байдлаар хариулах гэх мэт сэтгэл хөдлөлийн хурц, түрэмгий байдал ажиглагддаг. Хэрвээ хүүхдэд тань ийм шинж тэмдэг илэрсэн бол аав ээжүүд хүүхдээсээ зөвшөөрөл хүсэх ёстой. “Би чамтай ярилцаж болох уу” гэх мэт энгийн хүлцэнгүй байдлаар хандах хэрэгтэй. Та хүүхэдтэйгээ харилцах гурван арга байдаг. Нэгдүгээрт нь, хүүхэд рүүгээ хандах. Хоёрт, нүд рүү нь харах. Гуравдугаарт “Аанхаан, тийм. Би чамайг ойлгож байна” гэх зэрэг дуу авиагаараа өөрийгөө илэрхийлж болдог.  “Аав, ээж нь чамайг ингэж ойлгож байна, зөв үү” гэх мэтээр асууснаар та хүүхэдтэйгээ амархан ойлголцож чадна. Мөн “Чамд юу ч тохиолдсон аав, ээж хоёр чинь дэргэд чинь байгаа шүү” гэх зэрэг дотно үгсийг хэлж ойлголцсноор та өсвөр насны хүүхдийнхээ сэтгэлзүйн хямралыг хамтдаа даван туулах болно.

 

Б.Энхтуул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626234
0 эможи

keyboard_arrow_up