Хандлагаа өөрчилье: Тархины саатай гэдэг нь оюуны бэрхшээлтэй гэсэн үг огтхон ч биш-3 Хандлагаа өөрчилье: Тархины саатай гэдэг нь оюуны бэрхшээлтэй гэсэн үг огтхон ч биш-3
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хандлагаа өөрчилье: Тархины саатай гэдэг нь оюуны бэрхшээлтэй гэсэн үг огтхон ч биш-3

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Бидний олонх нь тархины саатай хүүхдийг оюуны хоцрогдол хавсардаг гэж ойлгодог. Гэвч ихэнх тохиолдолд тэдний оюун санаа саруул байдаг. Тэр ч байтугай “Атеотод хэлбэрийн тархины саатай хүний ихэнх нь дунджаас дээгүүр оюун ухааны чадамжтай байдаг” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сан судалгаандаа дурдсан байдаг. Тиймээс эрүүл, саруул оюун ухаантай хүүхдүүдэд дутуу мэдлэг олгож, тусгай сургууль төгсгөөд, бүрэн бус дунд боловсролын үнэмлэх өгөөд л “хаядаг” нийгэмд бид цаашид хэдэн жил амьдрах вэ гэсэн асуудлыг хөндөн манай сонин цуврал хоёр нийтлэлийг хүргээд байна. Харин энэ удаа дэлхийн улс орнууд тархины саатай хүүхдийн хөгжил болоод боловсролд хэрхэн анхаардаг талаарх мэдээллийг хүргэж байна.

Боловсрол бол тархины саатай хүүхдүүдийн хөгжлийн хамгийн чухал тулгуур багана нь юм. Дэлхий дахинаа 1000 төрөлт тутмын 1-4 нь тархины саа гэсэн эмгэгтэй байдаг аж. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дэлхийд 18 сая тархины саатай хүн амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгохдоо  тэдний тусгай хэрэгцээнд тохирсон арга барилаар ажиллах нь нэн чухал юм. Дэлхий дахинаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дөрвөн төрлийн аргаар боловсрол олгодог. Үүнд улсын сургууль, хувийн сургууль, гэр сургууль,  хувийн багш багтана.  Ингэхдээ тухайн хүүхдийн бэрхшээлийн онцлог, хөдөлгөөний хязгаарлагдмал байдал, гэр бүлийн санхүүгийн байдлаас шалтгаалан тохирох сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг аж.

Улсын сургууль нь энгийн болон тусгай гэсэн хоёр тусдаа байх бөгөөд тархины сааны төрлөөс үл шалтгаалан хүүхдүүдийг олон талаар нь дэмжин боловсрол олгох бүх боломжийг бүрдүүлсэн байдаг. Эдгээр сургууль нь төлбөргүй учраас эцэг эхчүүдэд ямар нэгэн талаар дарамт учруулдаггүй. Гэхдээ тархины саатай хүүхдүүдийг нийгмийн бүх харилцаанд үе тэнгийнхэнтэйгээ хамт биеэ даан оролцоход туслах тусгай хэрэгслүүдийг сургуулиуд бэлтгэсэн байх ёстой. Тухайлбал, тэргэнцэртэй хүүхэд сургууль дотроо болон ангидаа саадгүйгээр зорчих боломжийг бүрдүүлэх нь чухал. Гэхдээ улсын сургуулиудын сул тал нь тухайн тархины саатай хүүхэд сургуулиа сольж шилжсэн тохиолдолд сургалтын хөтөлбөр болон тусгай хэрэгцээт үйлчилгээ нь адил биш, зарим нь хоцрогдсон байдаг.

Улсын сургуулиуд энгийн хүүхдүүдтэй хамт сургах эсвэл  ганцаарчилсан ангид тусгай боловсрол олгох гэсэн хоёр сонголтыг эцэг эхчүүдэд олгодог. Энгийн хүүхдүүдтэй хамт сургавал бүх хүүхэд хичээлд ижил оролцоотойгоор оролцох боломжтой. Ингэхдээ тархины саатай хүүхдийг туслах багш эсвэл зөвлөх багш дагалдана.  Тэд сурагчдыг анги танхимаас гарах, хооллох, хичээлээ ойлгоогүй болон бусад тусламж шаардлагатай үед нь ганцаарчилсан зөвлөгөө өгч, тусална. Гэхдээ улсын сургуульд багш нар бусад сурагчидтай харилцаад зав багатай байдаг тул тархины саатай тэр дундаа оюуны чадамж тийм сайнгүй, хөдөлгөөн хязгаарлагдмал хүүхдүүд шаардлагатай тусламж, үйлчилгээгээ авч чадахгүй байх тохиолдол гарна. Хэрэв тухайн хүүхэд энгийн сургуульд сурах боломжгүй бол ганцаарчилсан сургалтын хөтөлбөрт хамрагдах нь зохистой.Хувийн сургуульд нэг ангид цөөн хүүхэд суралцдаг учир нэмэлт анхаарал, дэмжлэг шаардлагатай хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ ижил хичээлийг адилхан хугацаанд суралцаад явахад тохиромжтой.

Гэхдээ тухайн тархины саатай хүүхдэд онцгой анхаарал шаардлагатай гэж үзвэл эцэг эхчүүд тусгай сургуулийг сонгох нь хамгийн зөв шийдэл юм. Учир нь эдгээр сургууль нь тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгох тэдэнд зориулсан тусгай сургалтын төхөөрөмж, өндөр технологи, тусгай багш нартай байдаг. Гэрийн сургалт нь тархины саатай хүүхдэд боловсрол олгох хамгийн үр ашигтай арга юм. Учир нь тэдний анхаарал төвлөрөх хугацаа, амрах цаг, хөдөлгөөний хязгаарлалт зэрэгт яг нийцүүлэн хичээлээ заадаг. Гэрийн тав тухтай орчинд суралцдаг учраас  сургуулийн орчин болон ангийнхны дарамтнаас хол байдаг. Ингэхдээ хүүхдэд шаардлагатай боловсролыг эзэмшүүлэхийн тулд тэдэнд шаардлагатай нөөц, сургалтын хэрэглэгдэхүүнээр эцэг эхчүүд хангасан  байх хэрэгтэй. Харин нийгэмшүүлэхийн тулд хөгжим болон уран зургийн сургалт, бусад аялал уулзалтад явуулах нь чухал. Учир нь тэдний зарим нь урлагт сонирхолтой, авьяастай байж болно. Энэхүү өөрийгөө илэрхийлэх бүтээлч байдлыг нь дэмжих нь эерэг хандлага, нөхөрлөл, өөрийгөө үнэлэх чадварыг хүүхдэд суулгадаг. Ингэхдээ зураг, бүжигнээс хамаараад тэдэнд тусгай сандал, будгийн хэрэгсэл шаардлагатайг анхаарах нь чухал. Хувийн багш нь хүүхдийн боловсролын хоцрогдлыг арилгах сайн арга юм. Ойлгоогүй хичээлийг нь ганцаарчлан багш тусдаа заах нь тухайн хүүхдийн суралцах дадлыг сайжруулахад тустай.

“Тархины саатай хүүхдүүдийн хөгжлийг дэмжих арга зүйн мэдээлэл хомс”

Сургалтын байгууллагын төрлөөс үл шалтгаалан  хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа тархины саатай болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог, тусгай хэрэгцээ шаардлагад тохируулах нь хамгийн чухал асуудал юм. Тэднийг эрт боловсрол эзэмшиж, амьдралынхаа туршид амжилтад хүрэх хамгийн өндөр боломжийг олгоход анхаарлаа хандуулах нь нэн тэргүүний гарц юм.

Тархины саа гэдгийг ерөнхийд нь хөдөлгөөнд нөлөөлдөг эмгэг хэмээн тодорхойлж болно. Хүүхэд эхийн хэвлийд бойжиж байх үед тархинд гэмтэл үүсний улмаас хөдөлгөөнөө хянах чадваргүй болдог. Тиймээс тархины саатай хүүхдүүд булчин сулрах, хөших гэсэн бэрхшээлтэй нүүр тулдаг.  Улмаар энэ нь зарим хүүхдийн хөдөлгөөн удаашрах, салганах шалтгаан болж алхахад хүндрэлтэй болгодог.  Харин зарим нь биеийн дээд болон доод хэсгээ удирдаж чадахгүй байх нь бий.  Тархины саатай гурван хүүхэд тутмын нэг нь эпилепси буюу унаж татах эмгэгтэй байдаг. Энэ эмгэг нь хүүхэд бүрт өөр өөрөөр нөлөөлдөг. Тухайлбал, зарим нь татах үедээ нэг газар руугаа удаан ширтэж, зүүдэлж байгаа мэт харагддаг. Харин зарим нь хөдөлж чадахаа больдог байна.

Зарим тархины саатай хүүхэд биеэ даан алхдаг бол зарим нь тэргэнцрийн тусламжтай явдаг. Дээд мөчний саажилттай тохиолдолд бичихэд хүндрэл үүснэ. Харин зарим нь ярих, идэж, уухдаа бэрхшээлтэй тулгардаг. Тэдэнд бусад төрлийн тархины саатай хүүхдээс илүү ихээр анхаарал халамж, нийгмийн харилцаа шаардлагатай. Зарим тархины саатай хүүхдүүдийн хэл яриа, сэтгэн бодох чадвар нь энгийн хүүхэдтэй ижилхэн байх нь олонтаа. Тэд хүрээлэн буй орчиндоо олон төрлийн бэрхшээлтэй тулгардаг учраас амжилттай суралцах чадвар нь өндөр хөгжсөн байдаг. Хөдөлгөөнөө удирдаж чадахгүй ч өөрийн зан авираа удирдан, шинэ зүйл суралцах, бусдын ярьсныг ойлгох чадвартай байдаг. Харин зарим хүүхдүүд бие нь өвдөх, ядрах нь хурдан байхаас гадна гэнэт уйлж, дуу алддаг. Үүнээс гадна нүүрний хувирал болон бусад хөдөлгөөнөөр, дохио зангаагаар бие тавгүй байгаа болон бусдад мэдрэмжээ илэрхийлдэг онцлогтой.

Тиймээс тэдэнд дадлага дасгал хийх цаг, боломж олговол нийгмийн харилцаанд оролцож,бат бөх нөхөрлөлийг бүтээх боломжтой.

Боловсролын системийг шүүмжлэхээс илүүтэй энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдийн боловсролд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүн нь эцэг эхчүүд юм. Эцэг эхчүүд багаас нь хүүхдийнхээ хөгжлийг нь зөв аргачлалаар дэмжих нь нийгмийн амьдралд оролцох бартааг багасгадаг аж. Дэлхий дахинаа тархины саатай хүүхдүүдэд үзүүлж байгаа үйлчилгээ, тэдний хөгжлийг хэрхэн дэмжих арга зүйн талаарх эцэг эхчүүдэд хүргэх мэдээлэл хомс байна. Энэ нь тархины саатай хүүхдүүдийн боловсролоос хоцорч байгаа томоохон шалтгаан юм. Монгол Улсын тухайд эцэг эхчүүд байтугай тусгай сургуулийн багш нарт нь хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тархины саатай хүүхдийг сургах тусгайлсан арга барил байхгүйгээс тэдний боловсрол хаягдсан талаар өмнө нь бичиж байв.

Бид бүгд тэгш эрхтэй. Сурч боловсрох, хөгжих боломжийг хүн бүрт олгодог нийгмийн түлхүүрийг атган суугаа мянга мянган хүүхдэд ижил тэгш хандаж, хуулинд заасан хөгжих боломжийг нь хангадаг багш нарыг бэлтгэж, тэднийг бусад хүүхдүүдтэй ижил орчинд, тохирсон арга зүйгээр сургах нь хамгийн үр дүнтэй шийдэл. Дэлхийн чиг хандлага  ч ямар ч бэрхшээлтэй хүүхэд байсан бусадтай ижил орчинд сурч, хөгжих ёстой гэж үзэж байна. Дахин сануулахад тархины саатай байна гэдэг нь оюуны хомсдолтой гэсэн үг огтхон ч биш. Тиймээс нийгэм нь өөрөө саажилттай болчихоод байгааг хэн бүхэн анхаарч, цаашид энэ асуудалд эерэг хандлагаар хандах нь зүйн хэрэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.11 МЯГМАР № 95 (6572)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626750
0 эможи

keyboard_arrow_up