Ерөнхийлөгчийн зарлигаар их эмч Е.Пашкад “Хүний гавьяат“ эмч цол олголоо
“Дангал” эмнэлгийн ерөнхий эмч Режавын Пашкад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хүний гавьяат" эмч цол олголоо.
Пашка гэдэг энэ нэр зарим хүмүүсийн хувьд танил сонсогдох байх. Хүүхдийн тодотголтой эмч түүнийг ялангуяа залуу ээжүүд андахгүй. Анх нэрийг нь сонссон нэгэн түүнийг орос хүн үү хэмээн андуурдаг ч үнэндээ Е.Пашка эмч Казахын ард түмний дундаас төрөн гарсан нэгэн үеийн сэхээтэн эмэгтэйчүүдийн төлөөлөл юм.
Е.Пашка эмч Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрж, өссөн хүн.Тэрбээр 1978 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөнөөсөө хойш Улаанбаатарын иргэн болжээ.Тэрбээр уг нь дотрын их эмч хүн. Мэргэжилдээ дуртай хүний хувьд өөрийгөө үргэлж боловсруулах хүсэлдээ хөтлөгдөн хүүхдийн, уламжлалт анагаах ухаан, зүү төөнүүр, бариа заслын чиглэлээр тасралтгүй суралцаж өдгөө европ болон уламжлалт анагаах ухааныг хослуулсан эмчилгээ үзүүлж байна.
Анагаах ухааны магистр, клиникийн профессор, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан тэрбээр сайн эмчээс гадна хөдөлмөрч, тусч гэдгээрээ өөрийн хүрээллийн хүмүүст хүндлэгдэж хайрлагдсан эмэгтэй.