Хүүхдүүдийг вакцинжуулах талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ? Хүүхдүүдийг вакцинжуулах талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдүүдийг вакцинжуулах талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?

2021 оны 6 сарын 17

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд илэрч байгаа халдварын ихэнх хувийг хүүхдүүд эзэлж байгаатай холбогдуулан энэ долоо хоногоос 16-17 насныхныг сайн дурын үндсэн дээр “Pfizer” вакцинд хамруулж эхлээд байна. Тухайлбал,  өчигдөр COVID-19-ийн 2395 тохиолдол бүртгэгдсэний 561 нь 0-17 насны хүүхэд байгаа юм. Статистик мэдээллээр  манай улсад 12-17 насны 292 мянган хүүхэд бий. Хүүхдүүдийн хувьд шинж тэмдэг илрэх нь бага тул халдвар дамжуулах эрсдэл өндөр байна. Тиймээс АНУ, Канад, Франц, Сингапур болон Хонконгод 12-оос дээш насны хүүхдүүдэд “Pfizer” вакцин тарихыг зөвшөөрөөд байгаа билээ. Харин Хятад улсын хувьд дотоодын “Sinopharm” болон “Sinovac” үйлдвэрийн вакцинаар хүүхдүүдээ дархлаажуулахаар төлөвлөж байгаа ба өнгөрсөн долоо хоногт эдгээр вакцинуудыг хүүхдэд хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Хүүхдийн вакцинжуулалтын талаарх экспертүүдийн байр суурийг хүргэж байна.

ЭХЭМҮТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ш.ЭНХТӨР: COVID-19-ИЙН ВАКЦИН НЬ ТОМУУГААС  ДАВХАР СЭРГИЙЛНЭ

-0-19 хүртэлх насны хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгааныг судалж тогтооход найман бүлэг өвчин зонхилж байгаа. Нэгдүгээрт,  амьсгалын тогтолцооны өвчлөл буюу томуу, томуу төст өвчнүүд, уушгины хатгалгаа орж байна. Тиймээс хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавирусын халдварын эсрэг вакцинд хамруулснаар намрын томуугийн дэгдэлтээс сэргийлэх боломжтой. Миний хувьд хүүхдүүдийг сайн дураар гэхээсээ илүү заавал COVID-19-ийн вакцин хамруулах нь зүйтэй гэж бодож байна. Ингэснээр цар тахлын өвчлөл,  нас баралтаас сэргийлэх боломжтой.Халдварт өвчнөөс сэргийлэх үндсэн арга бол вакцинжуулалт юм. Вакцины нөөц хангалттай үед олон бүлгийн хүмүүсийг дархлаажуулалтад хамруулахыг эрдэмтэд зөвлөж байна. Ер нь 5-6 жилийн давтамжтайгаар шинэ вирусын халдвар дэгдэж байгаа зүй тогтол ажиглагдаж байгаа учраас үүнд тааруулсан хариу арга хэмжээний стратегийг боловсруулах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад маш нарийн хяналт, олон удаагийн туршилтын үр дүнд бүтээсэн вакциныг хэрэглэж байна. Тиймээс шинжлэх ухаанд итгээд хүүхдүүдээ вакцинд хамруулах нь зөв. ДЭМБ-аас баталгаажуулсан вакциныг тариулахад санаа зовох асуудалгүй. Олон халдварт өвчнөөс вакцинаар сэргийлдэгийг санах хэрэгтэй. Жил бүрийн улирлын томуугийн дэгдэлт болон COVID-19-өөс сэргийлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтыг хурдасгах хэрэгтэй. COVID-19-ийн вакцин нь давхар томуугаас сэргийлнэ гэж үзэж байгаа.

“УЛААНБААТАР СОНГДО” ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ИХ ЭМЧ Б.БОЛДСАЙХАН: ХҮҮХДҮҮДЭЭ ХАЛДВАРТ ӨРТҮҮЛЭХГҮЙН ТУЛД ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

-Бүртгэгдсэн тохиолдлуудын  50-60 хувь нь хүүхдээр дамжин халдварлаж байна. 18 хүртэлх насны хүүхэд манай улсын хүн амын 30 хувийг эзэлдэг. Эдгээр хүүхдүүд  вакцинд хамрагдаагүй учраас тэднээр дамжиж зарим хүн халдвар авч байна. Хоёр сая насанд хүрсэн хүндээ вакцин хийчихээд, талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийг яагаад вакцин хийж хамгаалдаггүй юм бэ. Ингэсээр байтал хүүхдүүд халдвар аваад эхнээсээ нас барлаа. Монгол Улс 1.3 сая хүүхдээ коронавирусаар өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвд олон удаагийн  судалгаа хийгээд батлагдсан вакцин хийлгэх нь чухал. Одоогоор хүүхдэд хамгийн аюулгүй нь Pfizer вакцин юм. Вакцин тариулаад огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан, тариулаагүй бүх хүн халдвар авч байгаа. Халдвар бие рүү ороод өвдөж эхлэх, огт өвдөхгүй байх гээд тодорхой зүйл бий. Дэлхийд вакцины I, II тунгаа хийлгэсэн хүмүүсийн 4-5 хувь нь халдвар авч байна. Монголд энэ тохиолдол харьцангуй бага. Гэвч хүмүүс вакцин хийлгэсэн ч өөрийнх нь бие сул, дархлаа муу байгаа тул тийм амар биш. Бүх хүмүүс вакцинаа хийлгэсэн ч халдвар бүрэн алга болохгүй. Энэ зун, намар ч арилахгүй. Өдөрт 5-10 хүн халдвар авдаг, долоо хоногт  1-2 нас барах тохиолдол байсаар байх болно.

“ОНОМ” САНГИЙН ТУЗ-ИЙН ДАРГА, ФИЗИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, БИОФИЗИКЧ Д.НАРАНБААТАР: ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛСАН Ч ТАРХАЛТ БУУРАХГҮЙ

-ЭМЯ, Засгийн газар жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд бүх хүн амаа 100 хувь вакцинд хамруулвал халдварын тархалт хумигдана гэж бодоод байгаа. Гэтэл үгүй. Синофармын вакцин тариулсан өндөр эрсдэлтэй бүлэг буюу 60-аас дээш насныхан болон суурь өвчтэй хүмүүст хамгаалалт муу байгаа учраас халдвар аваад хүндэрч, нас барах нь хэвээрээ байна. Эдгээр бүлгийнхний өвчлөл буурахгүй. Дэлхий нийтээр 12-16 насныхныг вакцинд хамруулж байгаа.

Pfizer вакцин 12-15 насныханд үр дүнтэй нь батлагдсан. Харин Хятадын синофармын вакциныг хүүхдүүдэд хийж болохгүй. Учир нь синофармын вакцин 18-59 насныханд л хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчийн заавартай. Тиймээс 60-аас дээш насныханд хийх ёсгүй. Гэтэл ДЭМБ алдаатай шийдвэр гаргаад 60-аас дээш насныханд хийж байгаа. Хүүхдүүдэд Pfizer, Moderna вакциныг тарихыг зөвшөөрсөн. Манай эрдэмтдийн багийн судалгаа болон дэлхийн эрдэмтдийн гаргаж байгаа шийдвэрээр  Pfizer вакциныг 12-оос дээш насныханд хийхийг зөвлөж байгаа. Хүүхдүүдэд аюулгүй, маш сайн өндөр үр дүнтэй нь нотлогдсон. Хүүхдүүдэд вакцин хийх ёстой. Гэхдээ одоогоор хүүхдүүдээ хамруулах хэмжээний вакцин манай улсад алга.

ДАРХЛАА СУДЛААЧ, ХҮНИЙ ИХ ЭМЧ, ДОКТОР Д.МАНДАХНАРАН: PFIZER ВАКЦИН 12-15 НАСНЫХНЫГ ХАЛДВАРААС 100 ХУВЬ ХАМГААЛНА

-Вакцинжуулалт хийж байгаа улс орнууд тэр дундаа хөгжингүй орнуудад дархлаажуулалтад хамрагдсан насны бүлгийнхний өвчлөл, хүндрэл, нас баралт буурч байна. Гэтэл вирус вакцинжуулаагүй хэсэг буюу хүүхдээр дамжин халдварлах, тархах нөхцөл байдал үүсэж хүүхдийг вакцинжуулах асуудлыг хөндөж эхэлсэн. Хүүхдийг товлолын вакцинаар халдварт өвчнүүдээс хамгаалдаг ч коронавирусын вакцинуудыг богино хугацаанд бүтээсэн учраас болгоомжилж байсан.

Гэсэн ч АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв 2000 орчим хүүхдийг хамруулан судалгаа хийсэн. 12-15 насны 1005 хүүхдэд Pfizer вакцин хийгээд, 978 хүүхдэд вакцин хийлгүйгээр хэсэг хугацаанд ажигласан байна. Ингэхэд вакцин хийлгэсэн хүүхдүүдээс халдвар авсан тохиолдол огт гараагүй бол вакцин хийлгээгүй хүүхдүүдээс 16 нь халдвар авчээ. Үүнд үндэслээд 12-15 насны хүүхдүүдийг коронавирусын халдвараас 100 хувь сэргийлж байна гэж дүгнээд энэ насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах зөвлөмж гаргасан.

Pfizer вакцин коронавирусын сэртэнгийн уургийн генийн мэдээллийн RNH гэдэг бодисыг тасалж аваад өөх тосон бүрхүүлд оруулаад хүний биед тарьж байгаа юм. Ингэснээр дархлааны хариу урвал үүсгэнэ.

ЭМЯ-НЫ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Л.ЭНХСАЙХАН: 12-15 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛАХ ТАЛААР СУДАЛЖ БАЙГАА

-Одоогоор хичээл, сургууль нь орохгүй байгаа тул хүүхдүүд  гэрийнхнээсээ халдвар авах нь элбэг байна. Мөн бүжгийн дугуйлан болон бусад дугуйланд явж буй хүүхдүүдийн зарим нь халдвар авч байна.

Хүүхдүүдийг халдвараас сэргийлэхийн тулд нэн түрүүнд гэрээс нь гаргахгүй, гаргасан тохиолдолд аль болох эцэг, эхийн хараа хяналт дор халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, гаднын хүмүүстэй уулзуулахгүй байх шаардлагатай.

Хүүхдүүдийн дунд халдварын эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор бид 16-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн.

Мөн бусад насны хүүхдүүдийг ч вакцинд хамруулах хүсэлт, санал иргэдээс Эрүүл мэндийн яаманд ирсээр байгаа тул 12-15 насны хүүхдүүдийг ч вакцинд хамруулах боломжийн талаар судалж үзэж байгаа. Хэрэв боломжтой гэж үзвэл дээрх насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар дархлаажуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627901
0 эможи

keyboard_arrow_up