ДУНД ШАТНЫ ЯЛЗРАЛ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа долдугаар сарын 3-нд нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан эмгэнэлт хэрэг явдал гарсан. Талийгаач Р нь Баянзүрх дүүрэгт хаягтай Чингэлтэй дүүргийн VI хороонд түр оршин суудаг байжээ. Тэрбээр гэртээ түргэвчилсэн оношлуураар өөртөө сорил тавьж хариу нь эерэг гарсан тул түргэн тусламж дуудан үзүүлсэн байна. Түргэн тусламжийн эмч үзээд харьяа дүүргийн эмнэлэгтээ хандан үзүүлэхийг зөвлөөд орхиж явсан байна. Иргэн Р нь БЗД-ийн эмнэлэг дээр очиход харьяаллын бус гэсэн шалтгаанаар хүлээж авалгүй үүднээсээ хөөжээ. Иргэн Р нь арга ядахдаа харьяалалгүй иргэдийг хүлээн авдаг гэх “Энэрэл” эмнэлэгт үзүүлэхээр очоод эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.
Энэ эмгэнэлт явдлын мөрөөр шалгаж тодруулахад, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Түргэн тусламжийн 103 алба, БЗД-ийн эмнэлгийн удирдлагууд, ажилтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээ авлаа гэв. Түргэн тусламжийн 103 төвийн дарга Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нар албан тушаалаас нь чөлөөлжээ. Нэр дурдсан албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлгүй шигдсэн, эрх мэдэлтнүүдийн шахалтаар томилогдсон гэх мэдээлэл ч байна. Жишээ нь, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нь гэр бүлийн хүн Б.Батбаярыг хотын дарга байхад ашиг сонирхлын зөрчилтэйгээр томилогдсон. Эрүүл мэндийн салбарын удирдлагууд удаа дараа өөрчлөх гээд чадаагүй хүн байх юм.
Түргэн тусламжийн 103 төвийн Р.Пүрэвдаш нь тэтгэврийн нас болсон ч албан тушаалдаа үлдсэн бол Н.Амартүвшинг “Энэрэл” эмнэлэгийн даргаар томилоход хуучин хотын дарга биечлэн нөлөөлж байжээ.
Яаралтай тусламжийн төв 103, “Энэрэл” эмнэлэг, дүүргийн эмнэлэг нь яаманд захирагддаггүй, Нийслэлийн эрүүл мэндийн газрын шууд удирдлагад багтдаг юм байна. Дунд шатанд үүрэлсэн эдгээр дарга нар нь аль ч засгийн үед сайдын үгэнд бус дүүрэг, хотын даргын заавраар ажлаа хийсэн дүр эсгэсээр иржээ. Дунд шатны угжирсан, олон жил дарга хийсэн чадваргүй, сэтгэлгүй дарга нарын ажлын гор нь өнөөдөр ийнхүү эрдэнэт хүний амь насаар төлөгдөж байна.
Иргэн Р-д ямар ч шалтгаан байсан ч энэ бол Нийслэлийн эрүүл мэндийн салбарт үүрлэсэн, олон жил бугшсан МАФИЖСАН бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хурд, чанар чадавхийг танил тал харж хийсэн томилгоогоор сулруулснаас үүдэлтэй эмгэнэлт хэрэг юм.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дээр тусламж авахаар ирсэн иргэдийг чирэгдүүлсэн, хохироосон явдал удаа дараа гарч байна.
2001 онд дүүргийн эмнэлгийг менежментийн хувьчлалаар хувьчилснаар иргэдэд ээлгүй байдал үүсжээ. Тийм учраас энэ эмнэлгийн хувьчлалыг эргэн харах, гэрээг дүгнэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах ч шаардлага үүсэхээр байна. Иргэн Р-ийн амь насаа алдсан хэрэгт Баянзүрх дүүргийн эмнэлгийн шууд буруутай үйл ажиллагаа гол нөлөө үзүүлсэн гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага мэдээлэл хийхдээ тодотгожээ.
Цар тахлын онцгой энэ үед харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх заавар, зөвлөмж, тушаал байсаар байтал үл хайхарч, өөрсдөөсөө зайлуулсан нь хууль зөрчсөн хэрэг гэж болно. Тус эмнэлгийн зүгээс яаралтай арга хэмжээ авсан бол иргэн Р өнөөдөр амьд сэрүүн байх боломжтой байлаа. Иргэн Р-ийн амь насаа алдсан эмгэнэлт явдлыг Баянзүрх дүүрэгт дахин давтахгүйн тулд тус эмнэлгийн хувьчлалыг эргэн харж, удирдлагыг сольж, үйл ажиллагааг шинэчлэхээс өөр гарц байхгүй ээ.
Энэ эмгэнэлт явдлын цаад угт эмнэлгийн ажилтнууд үүргээ бүрэн ухамсарладаггүй, онцгой нөхцөлд ажиллах дүрэм журмыг сахиж,мөрддөггүй, эмнэлгүүд иргэдийг чирэгдүүлж хоорондоо шидэлцэн хугацаа алддаг, хариуцлагаас зайлсхийж, нэгэн рүүгээ чихдэг, тусламж авахаар ирсэн хүнд яаралтай үйлчилгээ үзүүлэхийн оронд бүртгэл, бичиг цаасыг чухалчилдаг гэх мэт хариуцлагагүй байдал даамжирсан явдал бий. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт яаралтай шинэчлэл хийж, хүний нөөцийг чадваржуулах, хариуцлагыг дээшлүүлэхгүйгээр хүн ардад эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй хүргэх боломж хомс байх нь энэ хэрэг явдлаас тодорхой боллоо. Эрүүл мэндийн сайд одоо зоригтойгоор хүний нөөцийн шинэчлэл хийх, төрийн дунд, доод шатанд бугшин ужгирсан МАФИЖСАН бүтцийг задлах шаардлагатай байна.
МАФИЖСАН бүтэц ажлын хариуцлагыг умартсаны гайгаар эрүүл мэндийн холбогдолтой төрийн хууль тогтоомжууд газар дээрээ хэрэгжихгүй байх нь түгээмэл болжээ. Яаралтай тусламж шаардлагатай иргэнд харьяалал харгалзахгүйгээр үйлчлэх эрхийг хуулиар олгосон. Гэтэл иргэн Р-ийг харьяа эмнэлэг рүүгээ яв, нэр нь алга, улаан бүсийн, зорилтот бүлгийн эмнэлэг гэхчилэн шалтаг тоочиж, хүнд суртал гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Ийм байдлаар ДУНД ШАТНЫ МАФИЖСАН бүтэц иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдсаар байх уу?
Аливаа асуудлын шийдэл нь үргэлжид хүн, хүний нөөцийн чадавх байдаг. Эрх мэдэлтнүүдийн шахалт, нөлөөллөөр томилогдсон хүний нөөц эрүүл мэндийн салбарын доройтуулж, ялзруулж байгаад анхаарах цаг болсон байна.
Ч.Дорж
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин