Засгийн газар шаардлагыг хүлээн авахгүй бол эмч нар улс даяар АЖИЛ ХАЯЛТ зарлахаа мэдэгдлээ
Төв талбайд жагсаж буй эмч нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж долдугаар сарын 2-ноос эхлэн Төв талбайд жагсаж буй юм.
Эмч, ажилтнуудын төлөөллийн зүгээс шаардлагад хариу өгөхгүй тохиолдолд тэмцлийн дараагийн шат руу шилжиж, ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдсэн юм.
Тэд:
- Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх,
- Эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах,
- Монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүсэд ажиллаж буй тул улаан, ногоон бүс гэж ялгаварлахгүй байх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг мэдэгдсэн юм.
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Бид найман хоног төв талбай дээр суулт хийж байхад хэн ч ирсэнгүй. Өвчтөнөө эмчилж байсан 32-хон настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй эрүүл мэндийн ажилтан халдвар авсан. Тиймээс Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал бид эндээс явахгүй гэдгээ хатуу хэлье.
Улаан бүсэд ажиллаж байгаа ажилтнуудад урамшуулал олгоно хэмээн мэдээлээд байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар улаан бүсгүй эмнэлэг гэж байхгүй болсон. Тиймээс нийт эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна." гэлээ.