Швейцар улс 40 хүчилтөрөгчийн аппарат, 45 өтгөрүүлэгч хандивлажээ
Швейцарын Холбооны Улс 850 мянган франк буюу хоёр тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий эм эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсад хандивлажээ.
Өчигдөр/2021.07.12/ Швейцарын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар нийт 700 мянган франк буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 хүчилтөрөгчийн аппарат, 45 хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг илгээжээ. Мөн Швейцарын хөгжлийн агентлагаас дөрвөн ширхэг зөөврийн рентген аппарат худалдан авахад зориулж 150 мянган франкийн дэмжлэг үзүүлсэн аж.
Эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж аван цааш бусад аймгуудад хүргэх юм. Монгол дахь Швейцарын хамтын ажиллагааны газар хүмүүнлэгийн барааг хэрэгцээ шаардлагад үндэслэн хүмүүнлэгийн зарчмын дагуу шударга хуваарилах чиглэлээр удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байна. Энэхүү тоног төхөөрөмжийг голчлон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ашиглуулахад онцгой анхаарал хандуулж байна.