ТАЛАРХАЛ: Энэ үеийн эрхэм хүн, цагаан хувцаст баатар
Эмнэлэгт хэвтээд хоёр л хонож байхад хажуу дахь орон дээр минь 89 настай дүлий эмээ уйлсаар ирж хэвтэв. Эмээдээ буян болоорой эмээгээ эдгээгээд өгөөрэй, эмээ нь сахиулмаар байна гэж эмч бүсгүйд хэлэхэд, эмээ өглөө хүүгийн тань шинжилгээний хариуг гарахаар сахиулнаа. Бид одоо таны эм тариаг хийж асарч сувилнаа, гэж аргадаж харьцана.Эмээ сонсохгүй уурлаж бухимдсаар, утсаар үр хүүхдээ загнасаар, эмчийг зовоосоор. Өвдсөн зовсондоо хүмүүсээс ийм ааш араншин гарсаар байдаг ажээ. Энэ бүхнийг сонссоор уурлахгүй, хөгшдийг аргадаж тайвруулан харьцаж, эмчилж торддог эмч хүнийг хажуунаас нь харахад бахдахгүй байхын аргагүй юм.Уйлж ирсэн эмээ удахгүй сайхан эдгээд гарсан.
Яг ийм бахадмаар эмчийн нэг бол БГД- ийн Ковидийн эмнэлгийн эмч, цэл залуухан эмч бүсгүй Лхагвасүрэнгийн Энхжаргал юм.
Миний хажууд хэвтэж байсан цус харваад өрөөсөн тал нь ажиллагаагүй болсон эмэгтэйг маш их анхаарч, ойр ойрхон үзэж эмчилж, сайхан ярьж зөвлөдөг уян зөөлхөн зан нь ч өвчтөнийг эдгээх бас нэг увидас болдог буй заа. 14 хоног битүү цагаан хувцастай ард түмнээ хэцүү өвчнөөс аврахаар тэмцэж байгаа ийм эмнэлгийн ажилтнуудаа өөрийн эрхгүй л хайрлах, хүндлэх сэтгэл төрдөг юм билээ.
Ялангуяа өвдсөндөө болоод ааш зан нь хэцүү болчихоод байгаа өвчтөний ааш занг тэвчиж, тэднийг тайвшруулж та эдгэнээ гэсэн итгэл төрүүлж эмчилж сувилдаг эмнэлгийн эмч сувилагчид бол яах аргагүй энэ хэцүү цаг үеийн баатрууд ажээ.
Эдгээрийн төлөөлөл болох эмчлэх ажилдаа сайн, эелдэг сайхан зантай Л.Энхжаргал эмч болон түүний адил залуу сайхан эмч нартай Монгол Улсынхаа Анагаах Ухаан, Эрүүл мэндийн байгууллагынхаа ирээдүйд итгэл, хүндлэл төрлөө. Нэрийг нь ч хэлэхээс түгшдэг энэ өвчнийг давж гарахын тулд 14 хоног битүү цагаан хувцастай байж ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа нийт эмнэлгийн ажилтнууддаа маш их баярлалаа.
Л.Энхжаргал эмч та бол энэ цаг үеийн цагаан хувцаст баатруудын нэг мөнөөсөө мөн билээ.
Ц.Бурмаа. 2021.07.28. УБ хот. БГД
Эмч та
Дэлхийг цочроосон хэцүү өвчинд
Дээр дооргүй сөгдөж байхад
Энэлж зовсон өвчтөн хүн
Элэг эмтрэм шаналж байхад
Энэ бүхэн дунд нүүр тулж
Эмчилж тойлж эдгээж анагааж
Элэг бүтэн амьдрал хайрладаг
Энэрэлийн тэнгэр эмч хүн ажээ
Дэлхий нийтээр хамтран нэгдэж
Даяар олноороо сэрэмжлэн байхад
Дэргэд минь өвчинтэй тэмцэж
Дээдийн дээд амийг минь аварсан
Ачлалын дээд буянтай эмчээ
Ард түмэн нь шүтэлгүй яах вэ?
Анагаах эдгээх ухаан гэдэг
Ариун эрдмийн дээд нь ажээ
Өвдөж зовсон өвчтөн хүний
Өчнөөн араншинг тэвчин харьцаж
Өөрийнх нь амийг аврахаар тэмцдэг
Өгөөмөр сэтгэлтэн эмч л ажээ
Энэлж зовсондоо өвчтэй хүн
Элдвээр аашлан зовоож байхад
Энэ бүхнийг тэвчээд гардаг
Эмчийн ёс зүй агуу ажээ
Эргэн улирах цаг хугацаанд
Эмчлэн эмчлэн эдгээсээр
Энэ хорвоогийн хүмүүст
Эрхэм амьдралыг хайрласаар
Дэлхий хорвоод нүүрлэсэн
Дэндүү аймшигт өвчнийг
Дэргэд минь байж эдгээсэн
Дээдийн заяатай эмч минь
Эмч та
Эмч та Аюулт өвчнийг
Анагааж эдгээдэг эрдэмтэн юм
Эмч та Амь насыг минь
Аварч хамгаалсан увидастан юм
Эмч та Олон олон хүнийг
Амьдруулж эдгээсэн шидтэн юм
Эмч та Олон айлд элэг бүтэн
Амьдрал бэлэглэсэн буянтан юм
Эмч та Эгэл түмнийхээ
Эрүүлийг хамгаалдаг гавьяатан юм
Эмч та Эрүүлийн жаргалыг
Энэ дэлхийд авчирдаг ачтан юм
Боржигон овогт Цэдэн-Ишийн Бурмаа.