Б.Уранчимэг: Сүрьеэг эрт оношлууж чадвал ЭДГЭРДЭГ ӨВЧИН гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй
Манай улсад жил бүр шинээр 4000 гаруй сүрьеэ өвчтэй хүн оношлогддог аж. Үүний цаана сүрьеэ өвчтэй боловч түүнийгээ мэдээгүй 8000 гаруй хүн бидний дунд халдвар тараагаад явж байгаа хэрэг. Сүрьеэ өвчний тохиолдол нэгээс зургаан сарын хооронд хамгийн их бүртгэгддэг байна. Сүрьеэгийн зарим тоон үзүүлэлт, сүрьеэгийн тархалт ямар байгаа талаар мэдээлэл хүргэхээр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Статистикч эмч Б.Уранчимэгтэй ярилцлаа.
Дэлхийн хэмжээнд сүрьеэгийн нөхцөл байдал ямар байна вэ?
2019 онд ДЭМБ-аас гаргасан тайлан мэдээгээр жилд 10 сая гаруй хүн сүрьеэгээр өвчилсөн байна. Үүний 5.7 сая нь эрэгтэй, 3.2 сая нь эмэгтэй, 1.1 сая нь хүүхэд бөгөөд 1.5 сая хүн нас барсан байна. Нийт өвчилсөн тохиолдлын 251 мянга нь сүрьеэ, ХДХВ-ын хавсарсан халдвартай байна гэсэн мэдээллийг гаргажээ.
Хэдийгээр жил бүр хэдэн сая хүн өвчилж, нас барж байгаа ч сүрьеэ бол эдгэрдэг өвчин. ДЭМБ-ын тайлангаар 2000-2018 оны хооронд нийт 58 сая хүнийг сүрьеэ өвчнөөр амь насаа алдахаас нь аварч, эмчилсэн гэх тоон мэдээлэл бий. Тиймээс аль болох эрт эмчид хандаж, эмчилгээгээ бүрэн хийлгэвэл эдгэрдэг өвчин гэдгийг дахин хэлэе.
Оношилгоо, эмчилгээ нь тодорхой болж бүрэн эмчлэгддэг гэх боловч жил бүр хэдэн сая хүн өвчилж байгаа нь анхаарал татаж байна. Өвчлөлийн тоо буурч байна уу?
Дэлхий дахинд нас баралтын хувь бага зэрэг буурсан ч хангалттай биш гэж үзэж байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд тулгамдаж байгаа нэг асуудал нь эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж буй явдал.
Өнгөрсөн онд дэлхий дахинд эмэнд дасалтай сүрьеэгээр 484 мянган хүн өвчилсөн. Үүний 6.2 хувь нь маш олон эмэнд дасалтай сүрьеэ буюу хамгийн хүнд хэлбэрээр өвчилж байна. Сүрьеэ гэхээр нэг л хэлбэрийн өвчин гэж ойлгож болохгүй. Эмэнд мэдрэг, эмэнд дасалтай, олон эмэнд дасалтай, маш олон эмэнд дасалтай, бүх эмэнд дасалтай сүрьеэ гэх мэт сүрьеэгийн маш хүнд хэлбэрүүд байдаг.
Монголд сүрьеэгийн өвчлөл ямар байна вэ?
Дэлхийн өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд дунджаар 132 байхад манай улсад 428 байгаа нь дэлхийн дунджаас гурав дахин өндөр байна. Манай улсад жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг бөгөөд цаана нь илрээгүй 8000 гаруй хүн халдвар тараагаад явж байгаа гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл жилдээ 12-13 мянган хүн сүрьеэгээр өвчилж байгаа хэрэг.
Сүрьеэгийн халдвартай нэг хүн жилд дунджаар 10-15 хүнд халдвар тараадаг гэж бодоход илрээгүй бусад хүмүүсийн ард хэчнээн хүн байгааг хэлэхэд хэцүү. Тиймээс аль болох эрт үед илрүүлж эмчлэх нь хамгийн чухал.
Хэдийгээр манайд оношилгооны сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглаж, эмч нарын чадвар сайн байгаа ч нийт хүн амын дунд сүрьеэ өвчний талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх нь хамгийн чухал юм.
Ханиалгаж найтаах, нус цэрэх гарах гэдэг бол өвчний зовиур гэдгийг хүн бүр маш сайн ойлгох хэрэгтэй.
Ханиалгах гэдэг зүгээр нэг байдаг зүйл биш. Ямар нэгэн байдлаар удаан хугацаагаар ханиалгах шинж тэмдэг илрэх л юм бол аль болох эмнэлэгт хандах хэрэгтэй.
Нас, хүйсийн хувьд ямар хүмүүсийн дунд өвчлөх эрсдэл их байна вэ?
15-44 насныхан түлхүү өвчилж байна. Өвчлөлийн түвшингээр авч үзвэл сүүлийн жилүүдэд 65-аас дээш насныхны өвчлөл бага зэрэг нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн дэлхий дахинд сүрьеэ өвчний тохиолдол эрчүүдийн дунд илүү өндөр байдаг. Эрүүл мэнддээ анхаарахгүй, хорт зуршлын хэрэглээтэй холбоотой гэж үзэж болно.
Сүрьеэ өвчний улмаас жилд 200 гаруй хүн нас барж байна.
Ихэвчлэн өвчнөө хүндрүүлсэн, оношлогдоогүй удсан хүмүүс нас барж байна. Эрт оношлууж чадвал эдгэрдэг өвчин гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Эдгэрдэг өвчнөөр жил бүр 200 гаруй хүн нас барна гэдэг их харамсалтай.
Манай улсын хувьд сүрьеэгийн өвчлөлийн тохиолдлоо илрүүлдэг. Харин хүн амын дундах сүрьеэгийн халдвартай тохиолдол ямар байдаг бол?
Дэлхий дахинд нийт хүн амын 4/1 нь сүрьеэгийн халдвартай гэсэн тооцоолол байдаг. Манай улсын хувьд хүн амын 3/1 нь сүрьеэгийн халдвартай.
Халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь л тодорхой хүчин зүйлийн улмаас өвчилдөг. 90 хувь нь насан туршдаа сүрьеэгээр өвдөхгүй байх боломжтой.
ДЭМБ-ын заавар зөвлөмжинд өөрчлөлт орж өвчилсөн тохиолдлоо биш халдвартай хүмүүсээ өвчлөхөөс нь урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх нь чухал гэж үзэж байгаа. Манай улсын хувьд сүрьеэгийн халдвартай хүнтэй хамгийн ойрын хавьталд байгаа 0-5 насны хүүхдийг л сүрьеэгээр өвчлөхөөс хамгаалж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийдэг байсан.
Харин өнгөрсөн жилээс аль ч насны халдвартай хүмүүст өвчлөхөөс нь урьдчилан сэргийлэх эмчилгээг хийж эхэлсэн. Сүрьеэ өвчний үед хамгийн багадаа 6-8 сарын хугацаанд өдөр бүр эмэн эмчилгээ хийгддэг. Олон эмэнд дасалтай сүрьеэгийн үед эмчилгээ нь нэгээс гурван жил үргэлжилдэг. Урьдчилан сэргийлэх эмчилгээ ч мөн адил зургаан сарын хугацаанд явагддаг.
Нэг таатай мэдээ нь ДЭМБ-ын шинэчилсэн удирдамжын дагуу гурван сарын хугацаанд долоо хоногт нэг удаа эм уудаг урьдчилан сэргийлэх эмчилгээний шинэ арга нэвтэрсэн. Урьдчилан сэргийлэх эмчилгээ нь өчлөлийн тоог бууруулахад чухал нөлөөтэй.
Нийт ард иргэд та бүхэн сүрьеэ өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн дадал болох идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, чанартай хоол хүнс хэрэглэх, хангалттай нойр авах, сэтгэл санаагаа өөдрөг, эерэг байлгаж дархлаагаа хамгаалахыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлээрэй. Дархлаа сайн байхад зөвхөн сүрьеэ өвчнөөс гадна олон өвчнөөс хамгаалж чадна. Коронавирусийн үед гэлтгүй жил бүр ханиад томууны дэгдэлт нэмэгдэх үеэр олон нийтийн газраар явахдаа маскаа зүүж хэвшихийг уриалмаар байна.