О.ОЮУНТҮЛХҮҮР: Сүрьеэгээр өвчилсөн иргэд “Би сүрьеэ өвчнөөр өвчилсөн байна” гэж хэзээ ч ирдэггүй
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгийн ирээдүйн төлөө ТББ-аас энэ сарын 15-25-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын зургаан багийн 1000 орчим иргэнд сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгоог хийжээ.
Эдгээр иргэдийн 60 орчим хувь нь уушгины эмгэг өөрчлөлттэй нь тогтоогдсон бөгөөд 20 орчим иргэн сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрсэн тул нарийн шинжилгээ хийхээр дараагийн шатны эмнэлэгрүү илгээсэн байна. Үүнээс гадна таван иргэн сүрьеэ өвчний халдвар авсан нь рентген оношилгоогоор тогтоогджээ.
Энэ талаар Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Нямсүрэнгээс тодруулахад тэрээр "Сүрьеэгийн эрт илрүүлэг, идэвхтэй үзлэг, оношилгоо, шинжилгээг Зуунмод сумын зургаан багийн иргэдийн дунд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Зуунмод сумын 1000 орчим иргэд хамрагдсан байна. 2019 оноос хойш сүрьеэгийн идэвхтэй үзлэг хийгдээгүй байсан бол өнөөдөр Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас санаачлан Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран тус ажлыг хийж байгаа нь цаг үеэ олсон ач холбогдолтой ажил болж байна. Үзлэгээр сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, хавьтлыг эрт хяналтанд авснаар эмчилгээний үр дүн сайжрах юм. Бид жил бүр Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 26 сумын Эрүүл мэндийн төвүүдтэйгээ хамтраад сүрьеэ өвчний эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулдаг. Мөн уул уурхай ААН-үүдтэй сумдуудад ажиллаж уурхайн ажилчдыг эрт илрүүлэгт хамруулдаг." хэмээлээ.
Төв аймгийн сүрьеэгийн хөтөлбөрийн зохицуулагч, аймгийн сүрьеэгийн зохицуулагч эмч О.Оюунтүлхүүр:
Глобаль сангийн дэмжлэгтэйгээр "Эрүүл сүрьеэгийн ирээдүйн төлөө" ТББ-аас Төв аймгийн Зуун мод хотод сүрьеэгийн эрт илрүүлэг, үзлэгийг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрх, багтай хамтран зохион байгуулж, эрсдэлт бүлгийн хүн ам, зовуурь ихтэй иргэдэд хийж байна. 06 сарын 15-ны өдөр эхэлсэн эрт илрүүлэг, үзлэгт өнөөдрийн байдлаар 800 гаруй иргэн хамрагдсан. Эдгээр иргэдийн 60 орчим хувь нь уушгины эмгэг өөрчлөлттэй нь тогтоогдсон бөгөөд 20 орчим иргэн сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрсэн тул нарийн шинжилгээ хийхээр дараагийн шатны эмнэлэгрүү илгээсэн. Үүнээс гадна таван иргэн сүрьеэ өвчний халдвар авсан нь рентген оношилгоогоор тогтоогдсон. Хамгийн сүүлд 2019 онд сүрьеэ өвчний эрт илрүүлэг, оношилгоог зохион байгуулсан бөгөөд гурван жил завсарлаад энэ жил зохион байгуулж байна. Энэхүү ажлыг зохион байгуулж байгаа байгууллагууддаа иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Сүрьеэгийн эрсдэлт бүлгийн хүн ам буюу сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн ойрын хавьтал болон хамт ажилладаг иргэд, нийтийн байранд амьдардаг иргэд, эрүүл мэндийн салбарынхан, уул уурхайн салбар, багш нар, эмзэг бүлгийн буюу амжиргааны түвшин доогуур иргэдийг үзлэгт хамруулж байна.
Төв аймаг нь сүрьеэгийн өвчлөл өндөртэй найман аймгийн тоонд багтдаг. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл харьцангуй буурсан. 2023 он гарсаар нийт 45 иргэн сүрьеэ өвчний халдвар авсан нь тогтоогдсон.
Сүрьеэ өвчин нь нийгмийн халдварт өвчин учраас энэ талын ойлголт мэдлэгийг иргэдэд олгохын тулд олон арга хэмжээг зохион байгуулдаг. Аймгийн хэмжээнд сүрьеэтэй тэмцэх сарын аяныг зохион байгуулж, бүх сум, багууд сургалт, сурталчилгааг олон хэлбэрээр явуулдаг. Сүрьеэгээр өвчилсөн иргэд “Би сүрьеэ өвчнөөр өвчилсөн байна” гэж хэзээ ч ирдэггүй тийм учраас иргэдэд энэ төрлийн мэдээллийг өгснөөр иргэд эмнэлэгт хандах нь бий.
Манай аймаг 27 сумтай бөгөөд үүний 21 суманд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг зохион байгуулаад байна. Хоёрдугаар улиралдаа багтаан үлдсэн сумандаа үзлэг хийнэ.
ВИДЕО: