Гүйцэтгэлийн санхүүжилт ба эрүүл мэндийн даатгал Гүйцэтгэлийн санхүүжилт ба эрүүл мэндийн даатгал
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гүйцэтгэлийн санхүүжилт ба эрүүл мэндийн даатгал

2024 оны 9 сарын 17

Arslan.mn

Доржсүрэнгийн Баярсайхан, Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны магиср (MPH), Анагаахын шинжлэх ухааны доктор (PhD)

Гүйцэтгэлийн санхүүжилт эрүүл мэндийн даатгалыг дампууруулж байгаа нийтлэлийн мөрөөр эмч болон салбарын ажилтнууд, иргэд санал, бодлоо илэрхийлсээр байна. Энэ бид бүгдийн санаа зовох, анхаарал хандуулах асуудал мөн хэдий ч мэдээлэл дутуугаас таамгаар ойлгож бичих, сүүлийн 4 жилд хийсэн өөрчлөлт буруу байсны үр дүнд даатгалын сан дампуурах боллоо, одоо ингэх, тэгэх хэрэгтэй гэсэн пост сошиалд гарч байна. Санаа зовниж байна гэдэг сайн талаас нь харж бүгдэд талархахын хамт энд мэдлэг, мэргэжил чухал байдгыг онцолмоор санагдлаа. Дээр нь бодитой үнэн зөв тоо, мэдээ, үнэлгээ, судалгаа, нотолгоонд суурилах шаардлагатай. Ийм үндэслэлтэй тайлбар, мэдээлэл, нийтлэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гарах нь дамжиггүй. Манайхны зарим нь намайг эрүүл мэндийн даатгалыг байнга өмөөрдөг, анх үүсгэж байгуулахад оролцсон болохоор тэгдэг байх гэсэн өнгө аяс цухуйлгадаг. Үгүй юм аа. Эрүүл мэндийн даатгалыг мэргэжлийн түвшинд уншиж, судалж, ойлгож, ач тусыг нь зөвхөн Монголд ч биш, Ази, Европ, Латин америкийн орнуудаас харж, мэдэрч, эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилт, даатгалаар мэргэжлийн ажил хийж яваа хүний хувьд бид хамгийн хүнд хэцүү шилжилтийн эдийн засагтай үедээ хийж чадсан даатгалаа зохих ёсоор нь аваад явбал хүн амын эрүүл мэнд төдийгүй эрүүл мэндийн салбарын хөгжил, тогтолцоо, санхүүжилтэд асар их нөлөөтэй юм. Цаашлаад улс орны хөгжилд архаг хууч өвчтэй, хөдөлмөрийн чадвараа алдаад халамж, тэтгэмж харж суудаг биш эрүүл саруул бие бялдар, оюун ухааны чадамжтай, бүтээмжтэй монгол хүн маш чухал үүрэгтэйг санаж ач холбогдлыг харж ярьдаг юм. Ийм боломж иргэний эрүүл мэндийг даатгалыг сүүлийн 30 жил хөгжүүлсэн манай улсад байдаг учраас хэлж, сануулахыг зорьдог. Дэлгэрүүлж мэдэхийг хүсвэл эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсаны 30 жилийн ойгоор 2023 онд гаргасан “Монгол улсын иргэний эрүүл мэндийн даатгалын түүх” номыг үзэж болно (1). Товчдоо эв санааны нэгдлийн зарчмаа орхиод амь амиа бодоорой, мөнгөндөө тааруулаад гоё, гоё сонголт хийгээрэй гэдэг практик өнөөдөр Япон, Солонгос, Германд ч байдаггүйг дээрх номноос уншиж ойлгох боломжтой. 

Монгол улс эрүүл мэндийн даатгалаа аажмаар бие даалгаж улмаар нэг худалдан авагчийн тогтолцоонд орохоор сүүлийн 4 жил хийж байгаа шинэчлэл бол урьд өмнө хийгдэж байгаагүй бөгөөд эрүүл мэндийн салбарын тогтолцоо, санхүүжилтийг хөндсөн маш том өөрчлөлт гэдгийг нийтээр ойлгох нь чухал юм. Өөрөөр хэлбэл нэг хэсэг хүмүүс гэнэт бодож олоод турших гээд хийж байгаа ажил огтоос биш юм. Товчдоо 2010 оноос эхлэн манай мэргэжлийн хүмүүс олон улсын байгууллага, дэлхийн түвшний зөвлөхүүдтэй хамтарч хийсэн эксперт үнэлгээ, зөвлөмжийг үндэслэн тогтмол ярьж ирсэн бөгөөд 2020 онд үүнийг ажил хэрэг болгохоор Сангийн яам, Эрүүл мэндийн яам шийдэж том өөрчлөлт эхлүүлснийг тухайн үеийн УИХ дэмжиж Азийн Хөгжлийн Банк, ДЭМБ туслан хэрэгжүүлж байна. Ямар зорилгоор яагаад ийм өөрчлөлт хийх болов гэдгийг дараах байдлаар товч илэрхийлье. Үүнд:

  1. Улсын санхүүжилт гэдэг нэг бүлэгт хамаардаг төсөв, даатгал хоёрын санхүүжилт эрүүл мэндийн салбарт хоёр өөр эх үүсвэр мэт ойлгогдож энэ хэрээр хоорондын уялдаа суларснаас болж давхардал үүсч эхэлсэн нь зардлын үр дүнд сөрөг нөлөө үзүүлэх болов. 
  2. Иргэд эрүүл мэндийн даатгалтай ч хувиараа хийдэг төлбөр нь буурах биш харин өсч салбарын нийт урсгал зардлын 40 орчим хувь нь хувийн төлбөр, 20 орчим хувь даатгалаар санхүүжүүлдэг болов. Энэ нь даатгал мөнгөгүйдээ биш харин эмнэлэг, байгууллагад хийх ёстой төлбөрийг бага түвшинд барьж улмаар их хэмжээний хуримтлал үүсгэж түүнийгээ хувийн банкинд байршуулж олон тэрбумын орлогоо алдав. 
  3. Эрүүл мэндийн санхүүжилтэнд даатгалын гүйцэтгэх үүрэг ердөө 20 хувь, тэгээд эмнэлэгт хийдэг санхүүжилтийг бага түвшинд хязгаарлаж тэр нь хүрэлцэхгүй байхад тусламж, үйлчилгээний чанар гэж ярих боломжгүй болов. 
  4. Төсөв ч бай, даатгал ч бай мөнгө өгч байгаа газар үйлчилгээний чанарт анхаараад зогсохгүй санхүүжүүлж байгаа зардлыг хянаж үнэ, тариф хэр зохистойг үнэлж нөлөөлж байх үүрэгтэй. Энэ чухал үйл ажиллагаа үндсэндээ алдагдаж эхлэв.  Үүний жишээ гэхэд шинэ эмнэлэг баривал даатгал, шинэ үйлчилгээ санаачилж яривал даатгал, шинэ эм эмчилгээнд нэвтэрвэл даатгал, үр дүн нь тодорхой бус хөтөлбөр хэн нэгэн санаачилвал даатгал гэх байдлаар бүгдийг даатгал руу тохдог болсон ч даатгалд энэ бүгдийг даах орлогын эх үүсвэр, менежмент хийх чадамжинд анхаарсангүй. Ингэснээр даатгал маань бодлого ярьж зардал, үнэ хянадаг биш улс төрийн өнгө аястай үүрэг даалгавар авч ажилладаг, гарсан зардал, ирсэн нэхэмжлэлийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн идэвхигүй нэгж болон хувирав. Үүний улмаас эмийн үнэ, чанарын хяналт алдагдаж, урьдчилан сэргийлэх нэрээр даатгал болон даатгалтай иргэнд огт хамаагүй үйлчилгээ ч даатгалд орох болов. Товчдоо даатгалын байгууллагаас даатгалтай иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, үнэ, зардлыг хянах үүрэг, сонирхол буурч зөвхөн дээрээс ирсэн шийдвэрийг хардаг, зардал нэмсэн үйлчилгээг үр дүн багатай ч гэсэн дээр шийдсэн тул санхүүжүүлдэг хариуцлагагүй харилцаа зонхилж ирэв.
  5. Эрүүл мэндийн даатгал бол эмнэлэг, үйлчилгээний зардлыг санхүүүжүүлэх гэхээс илүү даатгалтай иргэдийнхээ эрх ашигт үйлчлэх ёстой тогтолцоо байдаг. Гэвч даатгалтай хэрнээ эрүүл мэндийн тусламж аваад ядуурдаг зохисгүй байдал манайд анх удаа гарах болсон нь нэн даруй шийдэх ёстой асуудал болж хувирав. Судлаачид манай улсад жилд 23 мянган хүн эрүүл мэндээс болж ядуурч байгаа үнэлгээ гаргав (3). Эрүүл мэнд ба ядуурлыг хөгжлийн асуудалтай холбож эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийг сайжруулах, санхүүгийн хамгаалалтыг бэхжүүлэх асуудлыг дэлхийн нийтээр тогтвортой хөгжих нэг гол зорилт болгов (4).     
  6. Эрүүл мэндийн даатгал даатгалтай иргэдийн эрх ашигт үйлчлэх ёстойг тодорхой зааж, үйл ажиллагааг нь хуульчилж өгсөн ч үүнийг зөрчсөн үйлдэл гарах болсон нь эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа, эмч ажилчдын цалин, урамшуулалд сөргөөр нөлөөлж эхлэв. Орлого нь хязгаартай байхад зардал нь хяналтгүй улам өсч тэлэгдээд байсан хэрэг. Тухайлбал, Ковид 19 өвчний дэгдэлтийн үеэр төр хариуцах ёстой зардлаа даатгалаар гаргуулсан нь орлогогүй зардал нэмсэн шийд байв. 

Ийм хэд хэдэн үндсэн шалтгааныг улмаас тоо, нотолгоонд суурилж зардал хөөж биш хүн амын эрүүл мэндийн бодлого дэмжсэн санхүүжилт хийхээр нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих том өөрчлөлт эхлээд явж байгааг бүгд ойлгож дэмжвэл бид зорилгодоо хүрнэ. Энэ том өөрчлөлтийг салбар, тогтолцоогоор нь харж дүгнэж ярихгүй зүгээр нэг эмнэлэг, нэг хүний бодлоор яриад бужигнаад эхэлвэл үр дүнд хүрэх магадлал буурна. Өнөөдөр эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын хамралт, орлого, зарлага, төлбөрийн бүх мэдээлэл даатгал дээр төвлөрч чадсан нь сайшаалтай. Санаа тавьж буй, сонирхож буй хэн боловч нэг ижил тоо, мэдээлэл, нотолгоо, баримт харж, ярьж, засч залруулах, сайжруулах боломжийг улам нээлттэй болгох хэрэгтэй юм.  Мөн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд манай эрүүл мэндийн даатгалын боловсон хүчний мэдлэг, чадамж улам нэмэгдэж ямар ч асуудлаар тоо, мэдээ, нотолгоотой хариу өгөх, явуулж буй бодлого, хийж буй ажлаа бодитой тайлбарлаж чадах хэмжээнд хүрээд байна. Харин энэхүү мэдлэг, төвлөрсөн мэдээллийг зөв ойлгож хүлээж авах, ашиглах, харилцан ярилцах сонирхол хэр байгаа гэдэг тусдаа асуудал болно. 

Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын асуудлыг цаашид хөндөж, өөрчилж шинэчлэх асуудал бүрийг бид бүгдээрээ хэн нэгний хувийн итгэл үнэмшил, далд зорилготой бодол, санаа, лобби, саналаар биш зөвхөн бодитой, нээлттэй судалгаа, тоо баримт, нотолгоог харж, мэргэжлийн түвшний олон талын эксперт оролцож хамтаар шийдэж байх зарчимд орох нь чухал байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ийм чиглэлээр ажиллах гол үүрэгтэй. Түүнээс зарим нэгний бодож байгаа шиг Эрүүл мэндийн яам эмнэлгээ ч захираад, даатгалыг ч удирдаад бүх юмны дарга болж нэг дор эрх мэдэл төвлөрүүлээд байгаа юм бас биш. Дэлхийн жишгээр эрүүл мэндийн даатгал нэг бол Эрүүл мэндийн яам, нэг бол Хөдөлмөрийн яамны харьяанд байдаг бөгөөд хэр зэрэг бие даан ажиллаж хүн амын эрүүл мэндийн бодлогод нөлөөлж  байгаа нь гол үзүүлэлт болдог. Манайд бол Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл салбарын нэг яамны харьяанаас гараад УИХ-ын дэргэд ажиллахаар зохицуулсан нь том алхам бөгөөд зөвлөлийн гишүүдийн санал, эксперт үнэлгээ, шийдвэрт яам гол үүрэг гүйцэтгэх нь хязгаартай болсон.               

Сүүлийн үед ажиглагдах болсон нэг зүйл бол мэргэжлийн хүмүүсийг үгийг сонсдоггүй, дарга бүхнийг мэддэг, шийддэг, гэвч гаргасан шийдвэрийнхээ төлөө дарга нар ямарч хариуцлага хүлээдэггүй, ажлаа өгсөн бол усанд хаясан чулуу шиг сураггүй алга болдог, нөгөө гаргасан шийдвэртэй нь эмнэлэг, иргэд зууралдаж хоцордог, заримдаа үйл ойлголцолд хүрч иргэд эрүүл мэнддээ анхаарахгүй байна, төлбөртэй болгоё эсвэл эмч, эмнэлэг муу байгаагаас бүх юм болж байна гэх мэт асуудал болж хувираад гарсан шийдвэрээс холдоод явчихаж байна. Үнэн хэрэгтээ энд бодлогын алдаа, оноо, ололт амжилт, хор хохирол яригдаж байх учиртай. Энэ үгүй бол бодлогын залгамж чанар алдагдаж, бүгдийг мэддэг нэг  хүний хувийн бодол, сонирхол зонхилж дээр нь улс төрийн өнгө аяс орж түүнд тааруулж шийдвэр гаргадаг, хор хохирлыг нь иргэд, эмнэлэг, даатгалын байгууллага амсдаг, хоорондоо ширүүн маргалдаж зөрөлдөх үүд хаалга нээлттэй байна. Ингэж үр дүнд хүрхэгүй, амжилт гаргахгүй. Өнгөрсөн 30 жилд эрүүл мэндийн даатгалын хуулийг 2.3 жил тутам өөрчлөхөд зарим эрх мэдэлтэй хүмүүс үүнийг л хийхгүй бол болохгүй мэтээр сонин хэвлэл, сошиалаар ярьж  байсан ч эрх мэдлээ өгснөөс хойш тэр асуудалдаа санаа тавьж, хөндөж байсан тохиолдол бараг байхгүй. Ажил авангуутаа идэвхижээд болингуутаа хаядаг жишээ ганц даатгал ч биш ер нь нийтлэг болох шинжтэйг зайлшгүй анхаармаар байна. Үнэхээр санаа тавьдаг бол өмнө ч байсан асуудал, эрх мэдэлтэй болоод хийх боломж нь гарсан, хийсэн бол үр дүн нь яав гээд эрх мэдэлгүй үедээ ч адилхан санаа тавих л ёстой. Ингэж байж өөрчлөлт үр дүнд хүрдэг.    

Цаашид бид асуудлын гол шалтгааныг олж, харж, ярьж, засч залруулахыг зорихгүй зүгээр л гарч байгаа үзэгдэл, тохиолдлыг яриад амжилтанд хүрэхгүй. Учир шалтгааныг олохын тулд мэдлэг шаардагдана. Эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилт, даатгал гэдэг хэн дуртай нэг нь мэдэж яриад шуугиулаад байдаг асуудал бас биш юм. Энэ бол эмч, инженер шиг яг адилхан сурч эзэмшдэг, ажиллаж дадлагаждаг бие даасан мэдлэг, мэргэжил гэдгийг салбар дотор болон гадна ойлгох нь чухал. Салбар дотор гэхэд би эмч гээд хүүхэд, эмэгтэйчүүд, халдварт болон халдвар бус олон өвчнийг бүгдийг мэдэж яриад тархины, зүрхний, бөөрний өвчинг оношлоод мэс засал хийгээд байдаггүйтэй адил.  Салбарын гадна гэхэд хүн амын эрүүл мэндийн бодлого болоод эрүүл мэндийн тогтолцооны үндсэн мэдлэгтэй болвол сайн юм. Утгыг нь ойлгож тайлахгүйгээр зүгээр тоо хараад ярих ч учир дутагдалтай. Жишээлэхэд гүйцэтгэлийн санхүүжилт даатгалын санг залгиж байна гэдэг үг мэргэжлийн хувьд алдаатай юм. Гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг төлбөрийн арга болохоос биш санхүүжилтийн арга биш. Манай улс одоогоор улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, хувийн төлбөр гэсэн ердөө үндсэн 3 төрлийн санхүүжилтийн хэлбэртэй орон.  Иргэдээс хуулийн дагуу хурааж авч бүрдүүлсэн сангаас иргэдэд тусламж үзүүлсэн байгууллагад ямар аргаар төлбөр хийх вэ гэдэгт урьдчилсан байдлаар, үйл ажиллагааны үр дүнгийн гүйцэтгэлээр, үйлчилгээ нэг бүрээр, томсгосон зардлын тарифаар, эсвэл нэг иргэнээр, байгууллагаар гээд маш олон төлбөрийн аргууд байдаг. Төлбөрийн арга тус бүр өгч, авч байгаа талдаа тодорхой сонирхол үүсгэдэг бөгөөд тэдгээр нь хүн амын эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаагаас шалтгаалан төлбөрийн аргаа өөрчилж, нэгийг нөгөөгөөр сольж байдаг. Тэгэхээр төлбөрийн арга гэдэг хяналт, үнэлгээтэй бодлого хэрэгжүүлэх арга, хэрэгсэл болохоос биш бүх юмний төв болоод сүйрүүлдэг эд биш юм. Бас даатгалын зардлыг өмнөх онуудтай харьцуулаад 2020 оноос хойш даатгалын зардал асар их нэмэгдсэн ч үйлчилгээнд ахиц гарсангүй гэж шүүмжлэх өнгө аяс гарч байна. Мэдээж нэг худалдан авагч болж төсвийн мөнгө даатгалд шилжсэн тул даатгалын орлого, зардал нь өмнөх жилүүдээс мэдэгдэхүйц өссөн байгаа. Энэ нь худалдан авалтыг илүү үр дүнтэй хийх боломжийг даатгалд олгож буй хэрэг. Жишээ нь 2020-2022 онуудад нэн шаардлагатай эмчилгээнд хуваарилсан санхүүжилт нийт урсгал зардал дотроо 42.1 хувиас 71.8 хувьд хүрч өссөн. Энэ хэрээр нэн шаардлагатай бус эмчилгээнд зарж байсан санхүүжилт 57.9 хувиас 28.2 хувь хүрч буурсан. Энэ сайн үзүүлэлт үү гэвэл мэдээж бодлогын түвшинд сайн үзүүлэлт. Харин зардал нь хумигдсан эмнэлэгт бол “муу” үзүүлэлт болж манай байгууллагын санхүүжилт буурлаа, бидний эмчилгээг иргэд авах боломжгүй боллоо зэрэг яриа гаргахыг үгүйсгэхгүй. Үүн шиг өрхийн эмнэлэгт хийх санхүүжилт мөн хугацаанд жилийн 64 тэрбумаас 152.9 тэрбумд хүрсэн. Энэ бол бодлого дэмжсэн санхүүжилт. Иргэд маань заавал том эмнэлэгт очиж биш өөрт ойр байгаа өрхийн эмнэлгээс тусламж, зөвлөлгөө аваад явах нь хөгжлийн зөв чиг хандлага Үүнийг дэмжиж цаашид анхан шатандаа бид чадвараа улам нэмэгдүүлэх, сайжруулах нь чухал юм. 2022 онд эрүүл мэндийн даатгал нийт 450 мянган иргэний 47.1 тэрбум төгрөгийн хамтын төлбөрийг хариуцсан. Энэ бас л сайн үзүүлэлт бөгөөд үүний цаана маш олон хүнийг санхүүгийн дарамтаас чөлөөлж амьдрал ахуйд нь нөлөөлсөн нааштай үр дүн яригдана. Энэ бүгд бодлого зөв явж байгааг илэрхийлэх бөгөөд энэ бүх, тоо мэдээлэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр бий (3). Харамсалтай нь тэнд байгаа мэдлэг, мэдээлэл сайн ашиглагдахгүй, даатгалын ач тусыг мэдэрсэн хүмүүсийн дуу, хоолой гарахгүй, сонсогдохгүй  учраас болохгүй юм хийгээд байна, тэр эмч тэгж байна, энэ эмч бүгдийг мэдэж байгаа гэсэн таамаг яриа иргэдэд буруу, зөрүү мэдээлэл өгч болохоор байна. Иргэд нь итгэдэггүй тогтолцоо цааш явахгүй. Бид ийм байдалд хүрээгүй, хүрэх ч үгүй гэж бодож байна. 

Төр оролцсон эрүүл мэндийн нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын зөрүү сан дампуурч байгааг илтгэхгүй. Харин төрөөс хариуцаж байгаа нэг иргэний сарын 6500 төгрөг (2 ам долларч хүрэхгүй)-ийн хураамжаа нэмэх, энэ нь сайн дурын даатгалын хураамж нэмэгдэхэд нөлөөлж улмаар ажил олгогч нарын нуруун дээр явж байгаа санхүүгийн ачааг багасгаж тэнцвэржүүлэхэд нөлөөтэйг харуулж буй бодлогын асуудлыг гаргаж ирж байна. Бас сангийн хөрөнгийг хаа хамаагүй юманд цацаад байж болохгүй бодлогын судалгаа, техникийн үнэлгээ байхгүй ямар ч сайхан гоё нэртэй хөтөлбөрийг даатгал руу чихэж болохгүйг анхааруулж байна.       

Эцэст нь дэлхийн ямар ч улс оронд санхүүгийн бодлого, өөрчлөлт бүгдэд таалагдаж ирсэн түүх байхгүй бөгөөд манайд одоо даатгалын сан мөнгөгүй болчихоод биш харин бодлогоор зардал хумих, үр дүн тооцох үйл ажиллагаа зарим байгууллагад хүнд тусч болно. Энэ бүгдийг тодорхой ярьж ойлголцох үүрэг хаа хаанаа бий. Түүнээс та байгуул, та хийчихвэл би мөнгийг төлье гэдэг зарчим санхүү дээр тэр тусмаа эрсдэл дээр суурилсан даатгалын бодлого, үйл ажиллагаанд үйлчилдэггүй зарчимтай. Дээр тэмдэглэсэнчлэн төр шимтгэл төлөгчийн үүрэг хүлээж эмзэг хэсгээ даасан бол хувь, хэмжээг бодитоор  тооцохгүй бол сангийн орлогын 20 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг төрөөс шимтгэл хариуцсан иргэдэд сангийн зардлын 80 хувь ногдож байгаа нь эвсэлдэн нэгдэх зарчмыг туйлшруулж, нэг хэсэг нь нөгөөгөө туйлдуулах маягтай болж байгааг бодох хэрэгтэй байна. Мөн судалгаа, нотолгоогүй хөтөлбөр, үйлчилгээг даатгалд оруулахаас татгалзах нь орлого, зардлын харьцааг тэнцвэржүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Эс тэгвээс нэг эмнэлэг санхүүжүүлэх мөнгө, нэг эмчид очих ёстой цалинг 2-3 эмнэлэг, эмчид өгч хүргэхээс өөр аргагүй байдалд даатгал орно. Гарч байгаа үзэгдэл биш бодлого, тогтолцооны асуудалд хамаатай шалтгааныг олж ярихгүй, шийдэхгүйгээр эмч нарын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэх боломжгүй. Мөн эмч нар хийж буй ажлын онцлог, нарийн ширийнийг онцолж яриад цалин, урамшил нэмэх тухай санал, шаардлагааа яаманд, даатгалд хүргүүлэх биш мэргэжлийн холбоод энэ асуудлыг хариуцаад шийдээд явдаг чиглэл рүү орох нь зүйтэй юм. Хэн нь ажил, үүргээ хэрхэн биелүүлж байгааг яаманд байгаа хэн нэгэн түшмэлээс илүү мэргэжлийн эмч нар хоорондоо илүү сайн ойлголцож, мэдэж дүгнэж ярих, шудрага үнэлэх боломжтой юм.         Ийм байдлаар энэ бүхнийг одоо бүгдээрээ өөрчилж аливаа асуудлыг тогтолцоогоор нь томоор харж үндсэн шалтгааныг олж шийдэх, цаашид хийх бүх өөрчлөлтийг яагаад, ямар учраас, ямар зорилгод хүрэхээр хийх гэж байгаа, ямар судалгаа, нотолгоо, техникийн үнэлгээ,  эксперт дүгнэлт хийв, ямар үзүүлэлтээр, ямар цаг хугацаанд амжилт, үр дүнг тогтмол тооцох юм, иргэдийн эрүүл мэндэд энэ өөрчлөлт ямар ахиц гаргах, ямар бүлэгт шинэчлэл, өөрчлөлт хамаарах гэдгийг тов тодорхой болгож, ярьж байж нийтэд ил тод шийддэг больё. Ингэвэл манай эрүүл мэндийн тогтолцоо гарсан зардлыг хөөж санхүүжүүлэхгүй, харин хүн амаа эрүүл байлгах бодлого санхүүжүүлдэг болно. Зөв санхүүжүүлттэй тогтолцоонд төлж байгаа шимтгэл, гарч буй зардлын үр дүн, үйл ажиллагааны цар хүрээ хаа хаанаа сэтгэлд нийцэх болно.                          

Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн онцлог, үүнийг дагаад эрүүл мэндийн зах зээл, тогтолцооны мөн чанар, өвчтөн яагаад өөрөө хүссэн эмнэлгээр үйлчлүүлэхийг дэмждэггүй заавал шатлал, зохицуулалт шаарддаг, мөн эрүүл мэндийн нэг тогтолцоонд орж нэг цул болж үйл ажиллагаа явуулдаг бүрэлдхүүн хэсэг бүр тус тусдаа хуультай болж зохицуулагдах эсэх зэрэг асуудлыг хөндөж өмнө бичсэн нийтлэлүүдэд дурдсан зүйлийг энд давхардуулсангүй. Сонирхвол дор ашигласан эх үүсвэрт оруулсан болно (5, 6, 7). Эдгээр нийтлэлийг хүлээн авч нийтэлж өгсөн https://www.arslan.mn сайтад талархал илэрхийлье. Анхаарч уншсан бүгдэд баярлалаа. 
   
Ашигласан эх үүсвэрийн жагсаалт 

1.    Монгол улсын иргэний эрүүл мэндийн даатгалын түүх. Хэвлэлийн Адмон компани, 2023 он. Улаанбаатар хот. 
2.    Sustainbale Development Goals by 2030. Universal Health Coverage, 8.1.2. United Nations, 2015.
3.    Javkhlanbayar Dorjdagva, Enkhjargal Batbaatar, Mikael Svensson, Bayarsaikhan Dorjsuren and Jussi Kauhanen. Catastrophic health expenditure and impoverishment in Mongolia. International Journal for Equity in Health. The official journal of the International Society for Equity in Health, July 2016. DOI: 10.1186/s12939-016-0395-8 http://www.equityhealthj.com/content/15/1/105
 
4.    Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, 2024 он.
5.    Д.Баярсайхан, 13A. Эрүүл мэнд ба эдийн засаг. 2023-10-30. https://www.arslan.mn/social/health/652290.shtml?fbclid=IwAR296FiGzlUfiIKVLkC2DEz96Zw941qWXvBNDBriOEsrLFNxGGUoamO-ZPc

6.    Д.Баярсайхан, Нийгмийн эрүүл мэнд ба эрүүл мэндийн тогтолцоо. 2023-12-13.
https://www.arslan.mn/social/health/653399.shtml?fbclid=IwAR0Y47HZybk-ZAwYKCR33CfxTHeapCVBAz3gdH80kxd_TmFi-6cVnE0HvtA
7.    Д.Баярсайхан, Социализм ба капитализм.2024-01-22
https://www.arslan.mn/social/essay/654192.shtml?fbclid=IwAR0oKurnjuKjFc5k--FmlzgWEmH7vvMUTLxZQ0hZ6DdeIxqy8lu8Iwo08Tw 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658938
1 эможи

зочин
2024-09-22 12:08
Баярлалаа.Нийтлэлийн 4-д байгаа зүйл энэхүү асуудлын гол цөм нь мөн.Даатгал нь хамгаалалтын систем огт биш харин учирсан тохиолдолын гарсан ЭРСДЭЛ-г хуваалцдаг зарчимыг орхигдуулж урдчилан сэргийлэх чиглэлд/фитнис,рашаан сувилал,нөхөн сэргээх клиникт огт явах шаардлагагүй/ зардлыг санхүүжүүлэх болсон.
амартүвшин
2024-09-22 10:32
ЭМДЕГ дампуурах хэрэгтэй байна.
Зочин
2024-09-22 09:27
Сүүлийн үед ажиглагдах болсон нэг зүйл бол мэргэжлийн хүмүүсийг үгийг сонсдоггүй, дарга бүхнийг мэддэг, шийддэг, гэвч гаргасан шийдвэрийнхээ төлөө дарга нар ямарч хариуцлага хүлээдэггүй…. Үнэхээр үнэн
Arslan
2024-09-17 15:44
Даатгалын дарга нь хамтрагчтайгаа баригдаад хоригдлоо. Одоо эдгээр улсуудад авилгал өгсөн эмнэлгүүдийг мөн олж илрүүлж зарлах хэрэгтэй. Он дуустал даатгалын санхүүжилт олгохгүй гээд зарлаад байсан 60 эмнэлгүүд дотор ч авилгал өгсөн эмнэлгүүд байхыг үгүйсгэхгүй юм.
keyboard_arrow_up