Л.Баттөр: 6-14 настай гурван хүүхэд тутмын нэг нь СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН асуудалтай гарсан
Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.БАТТӨР "Олон улсад жил бүр аравдугаар сарын 10-ний өдрийг сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэнд гэдэг сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа. Ажил олгогчдын хувьд ажлын байрны аюулгүй орчныг бүрдүүлж, ажилчдынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарснаар бүтээмжтэй ажиллах, үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай байх нөхцөл бүрддэг.
Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах асуудал бол удирдлагын манлайлал, байгууллагын соёл, уур амьсгалаас ихээхэн хамаардаг зүйл. Тиймээс бид ажилтнуудынхаа сэтгэл ханамжид байнга анхаарал хандуулах нь зүйтэй. Сүүлийн гурван жилийн хугацаанд эрт илрүүлгийг нийт хүн амд хийсэн.
6-14 настай хүүхдүүдийн мөн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэхэд судалгаанд хамрагдсан гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байна гэж гарсан." гэв.