Талбарын тархвар судлалын төрөлжсөн мэргэжлийн 15-р элсэлтэд 8 мэргэжилтэн суралцана
Талбарын тархвар судлалын төрөлжсөн мэргэжлийн XV кохортын элсэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж, ХӨСҮТ, Өвөрхангай аймгийн ЗӨСТ, Увс аймгийн ЗӨСТ, Булган аймгийн ЭМГ, Хэнтий аймгийн ЭМГ, Төв аймгийн ЭМГ, ЗӨСҮТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг олон салбар, байгууллагуудын 8 мэргэжилтэн суралцахаар боллоо.
Талбарын тархвар судлал сургалтын хөтөлбөр нь төгсөлтийн дараах төрөлжсөн нарийн мэргэшил олгох болон тархвар судлалын мэргэжил дээшлүүлэх сургалтаар ур чадвар бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэн, Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхийг зорьдог. Монгол улсад Талбарын тархвар судлал сургалтын 1 жилийн хөтөлбөрийг 2009 оноос ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын алба зохион байгуулж, 14 удаагийн төгсөлтөөр 105 Талбарын тархвар судлаач бэлтгэсэн.
Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн, хууль эрхзүйн орчинг сайжруулах, халдварт болон халдварт бус өвчний хяналт, тандалт, сэргийлэлтийг эрчимжүүлэх, шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зэрэг нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжихэд Талбарын тархвар судлаачдын үүрэг оролцоо, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдсээр байна.