Б.Ариунхишиг: Өндөр халуурч, бөөлжиж, суулгадаг реновирус, синцитиал вирус зонхилж байна
Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар /2024.11.18/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг: Өндөр халуурч, бөөлжиж, суулгадаг реновирус, синцитиал вирус зонхилж байна.
Гэрийн нөхцөлд эцэг эхчүүд хүүхдийнхээ халууныг үзэж байх шаардлагатай. Өвдсөн хүүхэд хоолондоо мууддаг бөгөөд бага багаар өөрт нь тохирсон хоолыг тогтмол өгнө.
Цээж нь шуугилаа гээд гэртээ дур мэдэн утлага эмчилгээ хийж байна. Эмчийн заалтаар энэ эмчилгээг хийх шаардлагатай. Ойр хавьд нь хурц үнэр гаргаж болохгүй.
Жишээлбэл, тамхи, угаалгын нунтаг гэх мэт хурц үнэр гаргахгүй. Гэрийн нөхцөлд агааржуулалт хийж, аль болох өдрийн цагаар утаа бага үед агааржуулах хэрэгтэй. Чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийхийг зөвлөе. Мөн халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай. Ингэхдээ гадагшаа явж орж ирэхдээ гарыг сайн угаах хэрэгтэй. Ялангуяа томчууд гарыг маш муу угаадаг. Жишээ нь, ЭХЭМҮТ-ийн тасагт хэвтэн эмчлүүлж буй цэцэрлэгийн насны хүүхдүүд гараа угаах, асран хамгаалагч нар болох насанд хүрсэн иргэд гараа угаасны дараа төхөөрөмжөөр шалгаж үзэхэд цэцэрлэгийн насны хүүхдийн гар угаалт маш сайн байсан.
Яагаад гэвэл, тэдгээр хүүхдүүд дэс дараагаар нь гараа угаадаг. Харин томчууд гараа угаахдаа дутуу угаадаг. Тиймээс хүн бүр гараа сайн угаах хэрэгтэй. Мөн хоолойгоо сайн зайлах хэрэгтэй" гэв.